menu

Wednesday, February 12, 2014

Гол ус намуухан урсана



Гол ус намуухан урсана
            Армяны нэгэн яруу найрагч ёс заншлынхаа тухай бишрэн ярьсныг санахуй, ариун сайхан бэлгэдэлд аугаа их санаа нуугдан байдгийг олж мэдсэн. Юун гэвэл Армян оронд яруу найрагчийн гарыг эх хүн үнсвэл хүүхэд нь сайн хүн болдог гэсэн домог байдаг ажээ. Тийнхүү эх хүнд үнсүүлсэн гар хэзээ ч муу үйл хийхгүйн бас нэг учир ургамуу. Ариун нандин эх хүний уруул хүрсэн гараар муу шүлэг туурвина гэж үү? Ертөнцийн сайхан орон Армяны, яруу найрагчийн гарыг эх хүн үнсдэг энэ ёс хайрлахуйн учрыг надад гүнээ сэнхрүүлжээ.
Нэгэн жаал хөвгүүн надад, хайртай охиноо "миний нээсэн гариг" гэж билээ. Хамаг сайхан юм хайртай чамаас минь эхэлнэ гэсэн бадрангуй үнэнч гал нүдэнд нь гэрэлтсэн хөвгүүн арван долоотой байсан.
Олон олон хот суурин ертөнцөд бий
Олон олон од гариг ертөнцөд бий...

 Тэр бүхэнд би очиж чадахгүй ч, хайртай охин минь бүгдийг орлоно. Уянгалаг ийм дууг орой үдшийн цагт дуулах юутай яруу, юутай сайхан. Хамаг учир хайранд л байна. Нэг хүнд бүх л ертөнцийн, бүх л зүйлийг шингээн бодож чадвал гавъяа биш гэж үү? Тэр охиныг газар дээр олж харсанаас болж л би, би жаргалтай болсон. Энэ үнэн юм. Арван долоон насны минь хавар надад ертөнцийг нээсэн. Нэг л бүсгүйг хайрласнаас үүдэн, би урьд нь олж мэдээгүй явсан олон юмаа ажиглаж билээ. Цонх нь гялалзсан сургуулийн байшин, Шаргын уулс минь өвөрмөц гоо сайхнаа нээж, цардмал зам зөөлөн, шар Лхагваа хүртэл хөөрхөн болж тэр бүсгүйд л хайртай болсноос газар дэлхий, хүмүүс, ургамал, амьтдыг улам их хайрласнаа мэдсэн. Тэр үеийн шүлэгтээ би "Орчлонг хайрлах хайр минь бүсгүй хүнээс эхэлсэн" хэмээн бичиж, дурласан нүдээр хорвоог харж, жаргалтай бодолдоо мансууран явсан.
  -Олон дахин дурласан гэж намайг зэмлэдэг. Дурлах бүрдээ л би дахин төрсөн юм шиг санагдаж, хүнийг хайрласандаа жаргадаг. Хайрласан үедээ би хэзээ ч өөрийгөө боддоггүй. Үүнээс болж тэд их жаргалтай байсан. Тэд жаргалтай байхад надад жаргал санагддаг. Дурлах хайрлахаа боливол орчлонд намайг үгүй болсонд тооцоорой гэж найз минь хэлсэн. Би багадаа Тэгшээ, Аюуш, Бор нарын баатарлаг үхлийг гайхаж, үхлийн аймшгийг давж чадсанд нь бишрэн өөрөө тэгж давж чадах эсэхдээ эргэлздэг байсан ажээ. Өнөөдөр би энэ тэхай бодохдоо бие сэтгэл дүүрэн байгааг мэдэрч, цаг ирвэл тэдний адил үхэхэд эргэлзэх юм үгүй болсныг мэднэм. Хайр хүнийг нээж, өөрийгөө тэнгэрлэг болгохын эхлэл ажээ. Ийнхүү би шүлэглэнэм.
Гэрэлт сараана цэцэг агаар дунд дэлбээлсэн юм шиг, хайр сэтгэл минь
Гэгээн оддын дунд би тохирох байраа олсон юм шиг, хайр сэтгэл минь
Орчлонгийн цоо шинэ аялгуугаар намайг хулдан, уян зөөлөн болгоно
Оршин тогтнохын шинэ хэлбэр, биет бус яруу сайхныг мэдэрнэм...
Оюун бодлын шинэ туяа, өөрийгөө өргөмжлөх анхны сэрэл
Одоог минь маргаашаар гэрэлтүүлэх ариун нандин хайр
Гурван настай охин гартаа атгасан алимаа энхрийлэх шиг
Гуа сайхан амраг минь, чинийхээ ягаахан хацрыг илбэмүү.
Намрын улаахан алим охины нар дээрээс алга болох шиг
Надад сонин сэрэл төрөвч, шим шүүс нь биенд үлдэнэ-
Аяа, хайр сэтгэлээ би ягаахан алимны шим шүүс гэм үү
Амьдрах хүчийг дотроос минь өгч, хацар дээр гэрэлтнэм
Ухаангүй гэнэн, учирсан чинийхээ төлөө галзуурч чадахаар дурланам
Униар дунд шувуудын далавч гялс хийх шиг яруу тансаг дурланам
Урин ялдамхнаар надад мишээсэн өдөр чинь ухаан суусан би
Уян зөөлөн бүсгүй хүнийг хайрлах нь гавъяа болохыг ойлгосон
Хөвгүүн биед минь тохиолдсон анхны хувьсгал-хайр юм
Хөөрхөн чиний минь нүд, энэ хувьсгалын бэлгэдэл юм
Дурлалын инээмсэглэлээ туг болгон, өөрийгөө өөрчлөх тулалдаанд
Дуу чимээгүй орохдоо би Итгэл, Мөрөөдөл, Хүлээхийн гаригийг нээсэн.
О.Дашбалбар "Гол ус намуухан урсана" 1982 он

No comments:

Post a Comment