menu

Wednesday, February 12, 2014

Ч. Галсан “Аянгат цагийн тууж”



Ч. Галсан “Аянгат цагийн тууж”
Гол шугуй эхэлж тал эхэллээ . Ус нь татраагүй голоор шумбуулан гарсан нойтон биеэ буман шумуулд хучуулсан морьд сэмэрхий бүтээлэг нөмөрсөн мэт харагдана . Адгуус сүүлээрээ , бид гараараа зогсоо зайгүй ширвэвч шумуулан үүл эс сийрэгших нь одой дээрэмчдийн өлөн амьдрахын оронд цадаж үхэхээр шийдсэнийг илтгэх бөлгөө . Халуун өдөр болох төлөвтэй , тэнгэрийн зүүн хаяа өөд дөнгөж авирч эхэлсэн нар ар нуруунаас гал мэт төөнөх тул морьдын нойтон биес төдөлгүй хатсан боловч амьд үлдсэн шумуулын шавхруу салахгүй дагасаар , одоо түрүүчийнх шиг  зэгэл цайвар  биш , бараг улайран ягааран харагдана .

Шатаах нь шив дээ гэж намайг хэлбэл цуг яваа нөхөр минь болох нэгдлийн тэмээчин өвгөн “Гайгүй ч биз . Харин ч аадар асгаж , араас нь цас орж байх вий ,, гэлээ . Би гайхан эргэж харахдаа нар тэнгэрийн хаяа хоёрын завсар асар том бөмбөлгийн орой шиг зэгэл үүлний мөлгөр сэжүүр цухуйн байхыг олж ажиглалаа . Тэнгэрийн тэрхэн толбоноос бусад хэсэг нь номин цэнхэр туяа цацруулсан болор толь мэт цэв цэлийнэ . Үдийн алдад бороо орж мэдэх юм шүү гэж бодлоо . Энэ бодол сэтгэлд минь бяцхан түгшүүр сэрээн , тэр түгшүүр намдаж өгөлгүй , яван явсаар аян замын минь нөхрийн тухай бодол болж хувирав бололтой . Хүн амьтан энэ өвгөнөөс яагаад л нэг хулгаад байдаг юм бол ? Түүнтэй чонын авд мордох болсныг минь дуулахдаа “Тэр Жанибектэй цуг чамайг буу үүрүүлээд эзгүй хөдөө хээр явуулж байх юм болж байна уу ? ,, гэж ээж минь хангинаад өөр нэгнийг олж гурвуул болоод явна гэж амласан хойно минь сая л намдасныг нь яана . Гэтэл чононоос өөр юу ч агнахыг эс зөвшөөрдөг зургадугаар сар ч шувтраагүй ийм үед бидэнд хань болчих хүн олдсонгүй . Бодвол тэмээчин хөгшнийг араатан чоно авлах чадалтай гэж итгэх амьтан надаас өөр даанч байгаагүй юм байлгүй . Жанибек бол нилээн дээр үед хэнд ч гэм хор хүргэлгүй замаараа явсан оргодлын амийг бүрэлгэсэн этгээд гэсэн шивэр авир яриа байдгийг би мэднэ . Энэ цуу яриаг эсэргүүцэгчид өнөөх амь хохирогчийг өвч зэвсэгтэйгээ цэргээс оргосон олиггүй этгээд байсан , түүнийг баривчлах  үүрэг Жанибект оногдсон , тэгээд буудалцаан гарсан үеэр цаадах нь суманд өртсөн гэнэ . Тэгэхдээ Жанибек ганцаараа ч биш , зөндөө олон хүн цуг явалцсан , тэр дунд шөнийн цаг байсан тул өнөөх сум чухам хэний буунаас гарсныг мэдэхийн аргагүй гэцгээнэ . Бас Жанибекийг эхлээд ардын багш , дараа нь сумын дарга , бүр хожим намын үүрийн дарга байсан гэж ярилцана . Тэр ч байтугай зарим нь түүнийг  нөхөр багшаа , аль эсвэл нөхөр даргаа гэж дуудах бөгөөд үүний цаана заримдаа тохуурхал , заримдаа ч бүр дайсагнал нуугдаж байх мэт сонсдоно . Харин миний л мэдэх хориод жилд нэгдлийн тэмээ дагасан  хүн . Түүнийг нэгээс илүү удаа харж байснаа би санахгүй байна . Огт  харалгүй өнгөрүүлсэн жил ч бий байх . Үүнд нь би гайхаж байсангүй . Учир нь өвөл зунгүй хоштой , айл амьтан тэр болгон хүрэхгүй аглаг зэлүүд нутгаар сүргээ хариулж явдаг зориг тэвчээртэн малчин удамтны дунд олон бий . Бас үрээ танихгүй өнөр өтгөний хажуугаар сүүдрээ бараадсан өнчид байдаг нь энэ орчлонгийн , бидний нэг хэсэгтээ л эвлэрэхээс аргагүй үнэний нэг тул тэмээчин өвгөний ганц бие аж төрөн явдагт нь гайхахаар юм бүр ч байсангүй . Би дотроо Жанибекийн талд орж , зарим хүмүүсийн амнаас түүний өөлж баалсан аястай гардаг үгийг нийгмийн эрх ашгийг тууштай хамгаалсаар яваад зөнөө олон дайсантай болчихдог сайн хүмүүст тохиолддог шударга бус явдлын л нэг гэж үздэг билээ . Хувьсгалт эргэлт хувьсгалын эсрэг үймээн дайн гачигдлын бэрх үед шинэ нийгмийг хамгийн хатуу нударгаар хамгаалах учиртай байсан нь ойлгомжтой . Нөгөө хүн амины хэргийн тухайд гэвэл эхнээсээ эцэс хүртэл үндэсгүй хардлага бөгөөд үхлийн сум нээрээ л түүний буунаас гарсан байлаа ч гэсэн тэр ч атугай бүр гэгээн цагаан өдөр эргэлзээгүй гэрчийн нүдний өмнө онилж байгаад буудсан байлаа ч гэсэн шаардлагат үүргээ л биелүүлсэн нь тэр биз . Учир нь цаадах нь эх орон аюулд учраад байсан цаг үед тангарагт албанаасаа няцсан зэвсэгт оргодол билээ . Гагцхүү Жанибекийг ажиглаад байвал бусдын шивэр авир яриа надад падгүй гэсэн байдалтай харагдана . Тэрбээр түрүүлж ам нээх гэж үгүй байтлаа нэг л яриад эхэлсэн бол зогсохыг үл мэднэ . Тэр нь их төлөв өнөөх л тэмээнийхээ тухай яриа байх бөгаад энэхүү зарим хүмүүсийн зожиг , халуун говийн тэнүүлчин гэж нүд үзүүрлэдэг адгууст бүр амин голоосоо хайртай болсон нь дууных нь өнгөнөөс л мэдэгдэнэ . Энэ чанарыг нь миний бие хэд хоногийн өмнө үдэш шөнийн цагаар мэдэхгүй замд төөрч будилж яваад тэмээчний хош дээрээс бууж тэнд хонсоноос нааш мэддэг болсон юм .
Тэр шөнө өвгөн тэмээ малын хажуугаар бас чоно нохой ан авын талаар тун дур татам ярьсан тул өглөө нь би тэсэлгүй намайг чонын авд дагуулж  явахыг түүнээс аминчлан гуйсан билээ . Товор товор алхлах морьдын ган туурай замын хуурай шороог эргүүлэн урвуулан шидлэх тоолонгоор олон мянган жил хүн малын хөлд ханатлаа тээрэмдүүлсэн өлөн тоос агаарт пурхийтэл ялгаран хоцроод аажмаар дээшээ дэгдэхийг хараад байвал дөрөөнрүү тэнгэр дор урагшаа мөлхөх илбэт дамараас хөврөн үлдэх цав цагаан утсаар тэнгэрийн хаяатай холбогдсон мэт ээ . Морьдын алхах хэмээр эмээлийн бүүрэг цохих туламтай зэнгүүнээс үүсэх бүгт дуу улам уламаар чихэнд шингэх нь их талын зүрхний лугшилт мөн шиг санагдана . Нар өгсөх тусам үүлэн бөмбөлөг тэлэн томорч , дотогшоогоо зузааран бүүдийвч , нар хараахандаа ил , мөчид улам ч галзуу шарж байв . Өвсний толгой үл хөдлөнө , тарган голио замаас зайлмагц хайрган завсар балхайн хэвтэж морьдын хөлрүү тэнэг нүдээр бүлтийтэл гөлөрнө . Аадар орох нь илт боллоо . Их талыг туулах морьтны заншлаар бид нэг нэгнийхээ бодолд саад бололгүй дуугүй явцгаана . Жанибекийн эмээл дээрээ нугдайн суусныг бодоход унтаж яваа юм шиг , үрчлээсээр дүүрсэн нүүр нь аль диван галавт орой дээрээс харван буусан хад чулуу нь хүй яз татуулаад түүнээс нааш нар , салхи , усанд идэгдсээр байгаа уулын атираат хормойг санагдуулна . Уруулаа тас жимийсэн нь нууц алдахаас сэрэмжилсэн мэт , магнай дээр нь хоёр гүнзгий , гялгар сорви дамналдан тогтжээ . Урт чихэвчтэй хурган малгай нь хуучирч , хөвөнтэй хүрэм дороос цухуйх дээлийнх нь хормой дороосоо сэмэрчээ . Харин урт түрүүтэй савхин гутал нь шинээрээ байв .Эртний хийцтэй карабин бууных нь замгийг давуугаар сүрхий зузаан ороож боосныг харахад тэрхүү галт зэвсгийг тас гинжлээ юу дээ гэмээр . Хөхрөн униартах алсад Таван Богд сүндэрлээд хурц наранд гялалзах цаст оргил өөд нь харахын төдийд нүд чилнэ . Хайрхан уулаа хартал холын Исланд бодогдлоо . Зүс үзээгүй атал , зүрхэнд орших тэр орон , бэрх түүхийг тэсвэрлэн үлдсэн хүн ард нь сэтгэлийг минь эзэмдэнэ . Ертөнцийн нөгөө хэсэгт төрсөн малчны хүү миний зүрхэнд эх орноо шингээж чадсан сээт зохиолч төрсөн ах минь шиг дотно санагдаад нүдий минь нулимс бүрхэх янзтай . Энэхэн үед аян замынхаа нөхрийг харлаа . Үрчлээт царай , нууц хадгалан жимийсэн амтай энэ тува өвгөн цагийн нэгэн нугачаа ертөнцийн нэгэн хязгаарт төрсөн морьтой хөшөө чухамдаа мөн байлаа . Түүнийг харах тутам цагийн аяаар цээжинд минь хуралдсан нулимс ундран ундран гарав . Энэ бол сархдын шилнээс дэгдэх нялуун гутралтай төсөөгүй , өнгөрсөн ба ирэх эриний зааг дээр болж байгаа хүнд хүчир гайхамшигт  өөрчлөлтийн агуу ихэд бишрэн донсолсон сэтгэлийн минь хүлээс тайларс байгаа хэрэг байлаа . Энэхүү морьт хөшөө , түүний урьд болон хойно эзгүй зай эс үлдээн өвөрмөц түүхээ сийлэн яваа миний ард түмний хувь заяаг алсын  ах дүү нарын зүрх сэтгэлд хүргэх билэгтэй хүү төрөх өдөр бий гэж бодтол чээж уужран , сэтгэл тэнийгээд явчихав . Тэнгэр нүргэлэх шиг болов . Морьд чихээ сортосхийлгэн , толгойгоо өргөн . Жанибекийн аниастай нүд татвасхийснээ зовхин завсар нь бяцхан бараан зураас гараад ирэх нь тэнгэрт юу нүргэлснийг бодож , эрж байх бололтой . Би нүдээ гараараа арчаад удтал эрсний эцэст асар өндарт бяцхан гялаан цэг зүүнчээ явж байхыг олж харлаа . Агаар гэдэг тэр аяараа шувуу , элээ , хэрээ , болжмор , тагтаа ...зүсэн зүйлийн жигүүртний дунд мөнгөн цагаан цахлай бүхнээс содон харагдахад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөн ийнхүү бодогдоно . Хөх далайд амьдрагч чи өвөг дээдсийнхээ гаргасан замаар бас л наашаа ниссээр үү ? Сая жилийн өмнө тэднийг чинь умбуулан , тэжээж байсан их далай цагийн эрхээр ширгэн арилаад , оронд нь гагцхүү өнгөрсний ул мөр элс , чулууных нь ширхэг бүрт нь хоцорсон цэнхэр тал л үлджээ . Аяа , угаас заяасан нутаг гэдэг юутай гайхалтай хүч вэ ? Шуурганд хийссэн өөдөс мэт , тэнгэрт бужигнах шувуудыг хараад байтал толгой эргэх бөгөөд тэдний гуаглаж , исгэрч , дуу хадах нь орчлонгийн энэхэн хэсэгт багтах оронгүй болсон амьтдын дуу шуу шиг гутранги түгшүүртэй дуулдана.Жигүүрээрээ агаарыг нэн хүчтэй алгадах тул тэр нь нүргээн жиргээн дотроос ялгаран сонсдохоор барахгүй  салхи нь хацар нүүрэн дээгүүр сэвэлзэх нь мяралзах давалгаа сөрөн явахыг санагдуулна.Онгоц уудам тал дээгүүр нисэн ниссээр,энэ завсар бөмбөлөг байхаа нэгэнт болин оволзох далай болон хувираад нарыг нөмрөн залгисан хар үүлний цаагуур орлоо.Бид хоорондоо үг сольсонгүй боловч,эмээл дээрээ нэгэн зэрэг ухасхийн өндийж,жолоогоо угзармагц морьд нижигнэтэл цогиж гарлаа.Салхи сэвсхийн босч,ирсэн зүгийг маань биднээс таслах гэсэн мэт агшны дотор тоос хөврөгдөн,цээж давчдуулав.Тэгтэл өмнөх,тэнгэр өрлөсөн цаст уулс,оройноос нь бэл рүү харван буусан нэлгэр цагаан мөсөн гол нүдэнд тустал ирэх алжаалын аймшиг хийсэн арилах шиг болон үүл задарч,цас орвол ч орог,гагцхүү зорьсон хэрэг минь л бүтээсэй гэж бодогдов.Үдийн алдад тэнгэр харанхуйлаад явчихсанаа баруун хойноос гэнэт бөөн элс,хайрга хийсгэсэн нүүр нүдгүй шуурга овсхийн босч ирээд арай л эмээлээс ховх шидчихсэнгүй.Урьдаас далбилзан ойртох тогоруунуудыг харвал шуурга сөрөн илт.Жанибек нэг том хашхирсан  боловч би ойлгосонгүй,гайхахдаа зогсъё гэж дохилоо.Өвгөн над руу бөхийж,чихэнд минь “Хажуугийн салаа хүрч аадар өнгөрөхийг хүлээе” гэлээ.Хаашаа ч харсан тэр гэж таних юм алга тул гагцхүү салхиар чиг барьж баруун урд зүгийг тэмүүлэн давхилаа.Шуурга намжихын завдалгүй бороо хүрч ирэв.Салхины эсгэрээн,туурайны тачигнааны цаанаас эхлээд шивнээн шиг,дараа нь улам улам ойртох нүргээн шиг дуулдсан аадар бидний дээрээс угсраа тэсрэлтээр амилах нойтон түймэр мэт тасхийн буулаа.Бид мориныхоо амыг татав.Хайрган хөрсөн дээр ташуу тусаад үсрэн ойх том цагаан дуслууд дөрвөн зүг найман зовхисоос зэрэг цахилах аянгын гал,түүнээс үүсч хоорондоо тэдэнтэй мөргөлдөн хэдэнтээ нааш цааш ойх аянгын нүргээн доор их талыг бүрхэн цовхрох буман цэгээн хорхой шиг язганан,гялтганан харагдана.Унасан морины дэлнээс хөх дөл сүүмэлзэн,хярвас ханхлах шиг болоход адгуус шилгээн,толгойгоо хоёр хөлийнхөө завсар хийн авч давхих гэнэ.Зогсоох гэж жолоо угзартал бүр янцгааж ирээд цамнасан тул зөнд нь тавьж орхихоос өөр арга байсангүй.Гэтэл морьд ухасхийн давхимагц дэлэн дээгүүр нь түрүүн сүүмэлзэж байсан дөл одоо бүр дүрэлзэж орхидог байна.Элгэн хадны өвөрт өвөлжөөний чулуун хороо харагдлаа.Би эцгийнхээ гэрийг үзсэн юм шиг баярлан энд өөрийгөө үхэлд гүйцэгдэшгүй мэт саналаа.Давхисан чигээрээ хашаан дотор орж,урагшаа бөхийсөн хадны ёроолд хүрээд очвол бороо ,салхинаас нөмөр,дулаахан байв.Мориноос буув,гэтэл бүр голдоо ортол норж,бээрчихсэнээ эмээлээс салсан хойно сая л мэдрэн,хөдөлж  ч чадахгүй,сууж ч болохгүй дагжин зогс байв.Өвгөн ажиггүй явсаар агуйн мухарт очиж суух гэснээ намайг хараад болив бололтой,тонгойж газраар нэг хөглөрөн хэвтээ хар хөх аргалаас нэгийг авч хэмхэлж үзэв . Тэгснээ сөхрөн сууж аргалыг зэрэглээд алган завсраа хомоол үрж голд нь овоолоод , өврөөсөө шүдэнз гаргаж алгаараа салхи хаан зураад нунтаг хомоолд дөхүүлэн барив . Тэгээд нарийхан цэнхэр утаа дээш дэгдэхэд өвгөн сая л гараа татаж босоод уугьж эхэлсэн галыг хормойгоороо хэд сэвтэл дөл цайлалзан , удалгүй гал дүрэлзэн аслаа . Би ч санд мэнд хүрч галд ээв , гэтэл бүүр ч айхавтар дагждаг юм байна . Жанибек намайг хараад урам нь хугарсан , өрөвдсөний алиныг бүү мэд инээмсэглэх аядав . Би түүний инээмсэглэхийг анх удаа үзэх минь энэ гэтэл тэр нь эртний уулархаг нутгийг санагдуулам нүүрий нь харамсмаар эвгүй харагдуулах аж . Магнай дээр нь дамналдан тогтсон өнөөх хоёр сорви мөнхмйн шийтгэл болж дээ гэж бодлоо . Гэхдээ зовлонт инээмсэглэл төдхөн унтарч , аяны нөхрийн минь царай хуучин янзандаа эргэн орсонд миний сэтгэл амрах шиг болов .Жанибек дотроос нь нэгнийг эрэх мэт дөлрүү ширтэн сууснаа надаас “Хэдтэй вэ ? ,, гэж асуулаа . Би “Хорин тавтай ,, гэлээ . Зовхио өргөн надруу нэг том харснаа аман дотроо нэг юм бувтнаснаас нь би ганцхан “..... томоогүй золиг .....,, гэсэн үг ойлгож хоцорлоо . Бороо орсоор л боловч аянга хоорондоо арай ч зайтай цахилна . Гагцхүү хадан доор болоод дуу нь улам ч сүртэй нүргэлнэ . Тасхийх тоолонгоор нь морьд маань давхийн цочиж байв . Өвдөг дээрээ сөхрөөд , байдгаараа урагшаа бөхийчихсөн аварга биетнийг санагдуулам , өвөрт нь бүхэл хот хонь уужуухан багтах зайтай энэ хадны нөмөрт айл өвөлжилгүй олон жил болсон бололтой , чулуун хороо нь энд тэндээс сэтрэн нурж , өтөг нь үйрч салхи шуурганаар хийсэн ирсэн элстэй холилдон шороожоод гэрийн буурь дээрээс нь нурсан хайрганд булагджээ . Хаврын шуурга ,намрын борооноор туугдан ирээд нөмөрт нь хоргодон хоноглодог алдуул , завхуул адуу , тэмээг эс оролцуулбал ийшээ чиглэх амьд амьтан үгүй бололтой . Ажигласаар байтал , анхандаа эцгийн минь гэр шиг дотно санагдсан эзгүй хээрийн энэ өвөлжөөнөөс нэг л сүрдэх шиг болов . “Энд айл өвөлжихөө болиод удаж байгаа юм байхдаа ,, гэтэл Жанибек агзасхийн цочих шиг болж намайг ширтсэнээ : “Хорин таван жил болж байна ,,гэх нь тэр би балмагдаж хоцорлоо . “Хорь гаруй юмуу ,, Хорин хэд гэсэн,, бол өөр хэрэгсэн , бүр яг “Хорин тав ,, гэж мэдэж байдгийн учир юуных билээ ? “Яасан юм ,,?гэж би тэсэлгүй  асууж орхив . Жанибек дуугарсангүй . Аянга цахилж , хөхөлбөр гэрэлд нь магнай дахь сорви нь гялсхийв . Дараа нь хад дотроосоо хагарах мэт тасхийсэнд мэдсээр , тэр ч байтугай энэ  дууг тэсч ядан хүлээж байсан мөртлөө , би сүрхий цочив . Жанибек санаа алдав . Зүрх минь түгшүүр зөгнөн лүг лүг лугшиж байлаа . Гал асч дуусав . Би баахан хуурай аргалын хог хамж цог руу хаяснаа , ахин явж бүтэн хормой аргал авчирч нэмлээ. Дүрэлзсэн асаасай гэж бодсон минь , дүрэлзсэн гал аслаа .
Жанибек дөл рүү ширтсээр “ Өвөлжөөний эзнийхээс хүн үлдээгүй юм,, гэлээ .Аянга цахилаасай гэж бодогдов . Гэтэл аадрын хөг нэгэнт өнгөрч оронд нь шиврээ бороо нэг хэмээр шивнэн орж дэлхий зүүрмэглэж эхэлжээ . Дараа нгь Жанибек ингэж ярилаа : Баянакийн тухай дуулалгүй л яав гэж , тэр чинь энд дууссан юм даа . Гэхдээ чиний дуулсан тэрний чинь нэг хагас нь дутуу дулим юм байж таарна . Тэр бүхнийг яг үнэн болсноор нь мэдэх хүмүүсээс орчлон дээр би л ганцаараа үлджээ . Магадгүй , миний үхэл маргааш ч юм билүү , ер нь тэгээд заавал маргааш биш ч гэлээ , нэг л өдөр унаад өгөх нь хууль шүү дээ . Тэгээд ч энэ түүхийг би чамд ярьж үлдээе . Бодвол чи Баянакийг Доёбуу гэдэг хүний хүү гэж дуулаа биз ээ . Худлаа , миний , миний ганц хүү байсан юм . Доёбуугийнх гэдэг болсны учир нь тэр этгээд хүүгий минь эхийн хэвлийд байхад нь булааж авснаас гарсан хэрэг . Цаадах нь сайхан ч амьтан байсан юм . Үс гэзэг , нүд шүд гээд л хүнд байдаг бүхэн нь сайхан гээч . Өөрийнхөө тухайд гэхэд эцэг эх , орон гэр гэж мэдэх юм алга , тэглээ гээд түүндээ гутрах ч тэнхэлгүй , ёстой  намайг хэн хэлэхэв , нохойг хэн саахав гээд бодчихсон улаан галзуу амьтан явжээ . Өнөө сайхан амьтан чинь тэгээд тийм хүний юунд нь болсон юм , надад хичнээн сайн байсан гэж бодно . Өнөө хүртэл би гайхдаг юм шүү . Баячууд надад дургүй байсан нь илэрхий , гэхдээ ядуусыг надад талтай байсан гэж бодно уу , үгүй . надад дургүй байсан нь илэрхий , гэхдээ ядуусыг надад талтай байсан гэж бодно уу , үгүй . За ер нь тийм амьтанд өнөө ч гэсэн хэн л дуртай байхав . Бүр улаан галзуу явжээ гэж чамд хэлээ биз дээ . Доёбуу гар хоосон гуя шалдан яваад гэнэт хөрөнгөжихийн ухааныг ойлгосон хүмүүс ямар байдгийг чи мэдэх үү ? Тэдний нэг л дээ . Оросын худалдаачидтай сүлбэлдэж , хэдэн сараар алга болчихсоноо нарийн ширийн бараатай ирж түүнийгээ гүйлгэнэ , заль гэж үнэг шиг , бас түүн дээрээ бүр шийдчихсэн амьтан л даа . Хөөрхийг минь надаас булааж авахдаа жирэмсэн байсны нь мэдээгүй гэж санана уу ? Ер нь сайхан царайд ч биш , эхийнх нь хэдэн малд л болсон байх гэж боддог юм шүү би . Цаадах нь өөр хүүхэд шуухадгүй , хоногоо хүлээсэн , айхавтар бие муутай хүн байсан юм  чинь . Тэгээд ч охин нь гэрлэсний тэн дараахан л яваад өгсөн дөө , хөөрхий . Энэ бүхэн 1920 онд л болсон хэрэг . 1921 он манай бөглүү хязгаарт их шуурга шиг сүртэй бус , үүрийн гэгээ шиг зугуухан иржээ . Буудалцах нь ч буудалцсан , гэхдээ маний бууны ам гагцхүү орос , хасагийн эхм оронгүй дээрэмчдийн өөдөөс чиглэсэн юм . Шинэ өдрийн гэрэл гэгээнд баян , хоосон хоёр нэг  болон түүнийгээ дайснаа гэж таньж авсан боловч хоорондоо нүдэлцээгүй нь бидний дайсан зэвсэг далайгаад далайгаад сачий нь хүрэхээ нэгэннь өнгөрснийг ойдгосноос болоо биз . Гэхдээ тэд зэвсгээр дийлэхгүй зүйлээ ухаанаар алдахгүй байхаар шийдсэн нь баяд ноёд , хамба зайран сүргээрээ ардын засгийн анхны төлөөлөгчийг хадаг самбайтай угтсанаас илэрхий . Тэдний араас бас Доёбуу болон түүний өрөөсөн панзчид , луйварчид , ашиг хонжоо эрэгсэд дагалдав . Ядуучууд бид ч бас хоцорсонгүй . Шинэ засгийн төлөөлөгчдийг томилоход хүмүүсээ ч орууллаа . Ялгаагүй дээ , нэг л хэсэг эд хөрөнгө ч үгүй , эрдэм сургууль ч үгүй , миний л ижил амьтад . Бас нөгөөдүүл ч өөрсдийн хүмүүсээ шургуулж чадсанаар барахгүй тэдгээр нь биднийг бодвол бичиг үсэг , монгол хэлийг гадарладгаараа яггүй эрдэмтэйд тооцогдох улс юм гээч . Төдөлгүй анхны ардын багш ирж , хэсэг хүнд бүлгэмээр бичиг үсэг заасны дотор нь би  , бүр орж , унших бичихийг сурахын хажуугаар Ленин , Сүхбаатар , дэлхийн улаан пролетари , Октябрийн хувьсгал болон бас бусад зүйлийн нэр усыг дуулж авлаа . Бас хөрөнгөтэй хөрөнгөгүй хоёр анги байдаг , хөрөнгөгүй нь хөрөнгөтэйгөө устгах ёстой гэж мэдэж авлаа . Бүлгэмээ дуусгатал надаар ардын багш тавьчихдаг юм байна . Яахав , дуулсан , сурснаа бусдад дамжуулсан болж , өөртөө ахадсан ажлаас сүрдсэнгүй , хүчин зүтгэж гарлаа . Цагаан гэртэй , бас гэр нь цагаан биш боловч зуугаас илүү толгой малтай болгоныг би хувьдаа нударган , дайсанд тооцно . Миний дайсан олон байлаа .Эхийнх нь хэвлийд алдсан хүү минь төрөөд хөлд орчихсон байсан цаг л даа . Өнөө чинь , Баянак . Эх нь Суяш . Доёбууд ахиад хүүхэд тарүүлж өгсөнгүй , үүнд сэтгэл минь бяцхан өег явдаг байлаа . Доёбууг эзгүй хойгуур гэрээр нь бууж Баянакаа цээжиндээ тэврэхдээ хүүхдийн зөөлөн хонгор үнэрт мансуурах шиг болно . Суяш минь мэлтэлзсэн нулимсаа барьж ядан дуугүй сууна . Нэг удаа бүр мэлмэртэл уйлж орхиод сүүлд нь мэгшүүлэхийн хажуугаар инээмсэглэн “Чамтай улам л адилхан болсоор байгааг харж байгаа биз дээ ,, гэж билээ . Харвал нээрэн л адил ч юм шиг , харин нүдий нь үзвэл эхийгээ хуулжээ гэмээр . Яваандаа хүү минь намайг угтан гүйж ирдэг болов , харин “ахаа,, гэнэ . Тэгэхэд нь би өргөж , эмээл дээрээ суулгаад өөрөө морио хөтлөн явахад баярласандаа инээж , хашгирч алдана гээч . Доёбуутай ингэнэ гэж үгүй , өвөр дээр нь ч суудаггүйг Суяшаас дуулсан юм . Гэхдээ цаадах нь зодож зандраад байдаг юм уу гэвэл бас ч үгүй гэнэ . Доёбуугийн гэр хэзээ л хэн амьтнаас зайдуу уулын нэгэн мухарт явна . Тэр үед би үүнд нь баярладаг байж , одоо бодоход энэ л миний хүүд хожим гай болжээ . Учир нь Баянак шилийн ан шиг зэрлэг , зоргоороо өсчээ . Шилийн анг барьж ирээд саравчинд хашихад яадаг билээ ? Тэр хоёрыгоо өөр дээр авчихгүй яасан юм бэ ? гэж чи надаас асуух биз . Үүнийг би өөрөөсөө гучин жил асуугаад хариу олохгүй яваа юм . Тэр үед гэр бүлийн хууль гэж ямар байсан биш , яваад өгсөн эмэгтэй хүний чинь хойноос хөөцөлдөх юм гэж хаяагдсан авааль эрээс нь өөр байсангүй шүү дээ . Авааль эр яахав дээ , сайндаа л нэг нүдэх гэх биз . Доёбуугийн хувьд нүдэлцээд ч гавихгүй байсан л даа . Дуу шуу нь хүртэл эм хүнийх шиг жингэнээд , хорчийж тагжийсан амьтан байв . Иэгэхэд намайг хорин таван насан дээрээ ямаршуу эр явсныг баргийн хүн төсөөлөөд мэдчихнээ . Одоо бодоход , нэр алдраа хиртээхээс айсанм хэрэг юм уу даа . Битгий гайхаарай . Тэр цагт ардын багш болноо гэгчийг юу гэж санана чи ? Ихээ том тушаал гэсэн үг . Тэгээд ч тэгсэн юм байлгүй , би гэдэг хүн өөрийгөө хүн хүнээс онцгойд тооцчихоод , нэгэнт тийм болохоор бас өчүүхэн ч өө сэвгүй , алдар нэр ариун явах юм шүү гэж бодоод орхиж л дээ . Нэргүй том өвчин . Гэхдээ энэ бол зөвхөн эхэлж байсан үе нь байж . Хожим түүнээс өндөр албан тушаалд дэвшсэний дараа ёстой л гаарч билээ . Долоон үеийн гуйранчин . Урьд бол хүмүүс намайг гоочилж ингэж нэрлэдэг байж , хожим болохлоор би өөрийгөө дөвийлгөж ингэж нэрлэлээ гээч . Долоон үеийн гуйранчин , эрдэмтэй , чадалтай , сайхан – Тийм ээ  сайхан . Үүнд итгэхэд чамд ч хэцүү байж магадгүй , гэхдээ тэр үед нүүр минь сорвигүй явсан гэдгийг санаарай . Уг нь хожим бодоход би гэдэг чинь аль эрт шийтгэл хүлээх , өрөөсөн нүд нь сохрох ч юм уу , өрөөсөн хөл нь хазгар болбол зохих амьтан байсан байдаг шүү . Миний бие Баянак , Суяш хоёртоо заримдаа бүр аюулхай цээж хөндүүрлэм хайр хүрдэг байсан боловч биеэ тоох гэгч минь хэтэрснээс хүний эхнэртэй нэр холбогдохоос айсан минь түүнээс хүчтэй , ингэхлээр үнэндээ сүрхий хулчгар гайхал байжээ . Ижил ханьгүй , амьдрал минь ядуу , өлсөх , даарах өдөр олон товчхондоо өнөөх л алдартай гуйранчин хэвээрээ үлдсэн ч гэсэн өөрийгөө Лениний шавьд өргөмжлөн , дэлхийн улаан пролетарийн яс махны тасархай , ган бат зоригтой , цэвэр ариун ёс суртахуунтай хувьсгалчийн хувьд хуучин амьдралын балгасан дээр хувьсгалт амьдралыг цэцэглүүлэх хүсэлдээ хөтлөгдөн толгой гэдгэр явлаа гэсэн үг . Гучин онд миний бие сумын дарга боллоо . Нам , байлдагчийнхаа ясыг танилаа даа гэж боддог юм байна . Сэтгэл минь ариун байсан нь худлаа ч биш, ардын засгаас амь насаа хайрлалгүй явсан минь үнэн . Гагцхүү дээрх бөндгөр минь хоосон байсан нь харамсалтай . Хэрэв миний эрх хүрдэг байсан бол хамаг сүм хийдийг ламтай нь , номтой нь галдан , хамаг нударганчуудын нармайг цааш нь чихчихээд үлдсэн бүгдийг нүд ирмэхийн зуур хамтралд тас зангидаж орхих байсан юм . Даан ч олонхи нөхөд намайг тэвчээргүй байна гэж буруушаах аястай . Тэд бол миний хувьд эвлэрэгчид байлаа . Гучин хоёр онд ч гэсэн манай энд буудалцахад хүрсэнгүй . Гэхдээ энэ бол тайван өнгөрлөө гэсэн үг биш , худал цуурхал , хорт ухуулганаас , галдах бусниулах , хил давах юм хүртэл болж л байв . Ардын намд шургалсан чинээлэг зарим этгээдийн тар нь танигдаж , тэдний амнаас Алтай давж ардын засгаас буруулах тухай үг яриа дуулдах болов . Ядуу биднүүс дотроо нууц хурал хийж, яахаа зөвлөлдлөө . “Та нар миний тэвчээргүйг шүүмжлээд байсан . Тэвчсээр суутал юунд хүргэх гээд байгааг харцгаав уу , одоо ?,, гэж би нөхдийнхөө амыг асуухдаа бах минь ханасангүй , харин аарийгөө олон нөхөд дотроо орь ганцаархнаа алсын хараатай байсан юм гэж үү ? гэж үнэнээсээ сэтгэл донслон бодож байлаа . Бид ардын засгаас санаас буруулсан этгээдийг өрсч дайрахаар тогтов . Тэгээд дайрсан ч , ялсан ч юм ,, . Жанибекийн хацраа гал дээр тогтжээ . Тэрхүү байдал нь хоёр эриний босгон дээр ертөнцийн энэхэн алс бөглүү хязгаарыг донсолгосон шуурган жилүүдийн дүр зураг дөлөн дотроос түүний нүднээ амилан харагдаж байна уу даа гэсэн бодол төрүүлнэ . Бороо тал , бэлээр шиврэн орсоор боловч уул уулынм оройд манан тогтсон нь удалгүй үүл сарнин , ахин нар шарж , дэлхий униартан , царцаа жиргэхийн зайлшгүйг илчилнэм . “Нударган , буг , лүд , бөө ламтайгаа тонилж , харин Доёбуу мэтийн этгээд үлдэв . Тэдний амин гол өнөө хүртэл бүрэн тасраагүй , араас чаргуулдсаар л байна . Доёбуу хоршооны дарга болж , төрийг ч хохироохгүй , түмнийг ч гомдоохгүй сайн хүний царай гарган , дундыг барьсхийн гэлдрэхдээ хувийн мэр сэр ашгийг мартсангүй . Түүнийг харахаас дургүй минь хүрэвч түүнд хонзон өвөрлөсөнгүй , ингэсэндээ ч өөрөө урамшиж явдаг байв . Бодоод байхад өөрөөс минь улам улам л сайхан чанар олдоод байх шиг . Би гэдэг чинь хүнд өс хонзон санахаар барахгүй , бүр даанч уужим сэтгэлтэй хүн шиг өөрт санагдахын учир гэвэл мөнөөх Доёбуутай далим л гарвал ярьж хөөрч , тэр ч байтугай , хэдий заримдаа ой гутав ч , түүнтэй найзархахаас ч буцахгүй байлаа . Энэ бүхнийг нийгмийн эрх ашгийн үүднээс хийж байна гэж бодож явжээ . Цалин минь одоо чамлахааргүй өссөн боловч амьдрал минь нэг л хэвэндээ, тарчиг даржин , гэхдээ би үүндээ гонсойх нь бүү хэл  , бүр додигор явдаг байв . Учир нь чинээлэг амьдрал гэгч нь миний хувьд феодал хийгээд жижиг хөрөнгөтний хэрэг байв . Сонин дээрээс олж харсан жижиг хөрөнгөтөн гэдэг бол мэдээж миний дуртай хэлдэг үгийн нэг , урьд нударганд тооцож явсан бүхэн минь одоо нэгэнт нударгангүй болсон цагт миний хувьд жижиг хөрөнгөтөн болж л дээ . Би гоонь ганцаараа , урьд хамба ламын залбирал үйлддэг байсан бяцхан дүнзэн байшинд суудаг байв . Жил өнгөрөх тутам Суяштайгаа уулздаг минь улам цөөрсөөр . Хааяа очиход минь өөдөөс айсан байдалтай дүрлийтэл ширтэнэ . Урьд яриа хөөрөө нь дуусах гэдгийг мэддэггүй байсан бол одоо асууж шалгаахгүй л бол эс дуугарна . Харин очих болгонд нэг хоёрын зэрэг дотуур өмд , цамц заавал оёод тавьчихсан байна . Өнөөхийгөө дэрэн дороос гаргаж ирэхдээ “ Хичнээн ч олон сар нуув даа . Заримдаа өнөөхийг чинь ор дэр уудлаад харчих болов уу гэж айгаад . Бас заримдаа чамайг хиртэж , бөөстөж орхих бий дээ гэж сэтгэл зовоод . Наашаа хүрээд ирэх зай зав гарахгүй бол Хенже эгч дээр очиж байл даа ,, гэнэ . Тэрхүү Хенже эгч гэдэг нь ядарсан амьтдыг тэтгэдэг сайхан сэтгэлтэй авгай байсан юм . Өөрийн гэх ах дүүгүй юм уу тэдгээр нь хэрэгсэхээ больсон хэл амгүй , дүлий , сохор , ухаан мэдрэл сул , өнчин өрөөсөн амьтад бултаараа л тэр муу ядуу бүсгүйг тойрон амь зуудаг байв . Хөөрхий минь насан элэн элтлээ миний төлөө санаа тавьсаар байсан юмсан . Гэрлэх барих тухай бодож явсан минь ховор билээ . Бүсгүй хүнд сэтгэл татагдах явдал бас чиг байлгүй л яахав , харин яг үүнтэй чинь нэг насны амьдралаа холбочих юмсан гэж бодсон минь үгүй . Яагаадав гэхэд ингээд гээд хэлчих тоймтой юм алга . Хожим бодоод байхад , өөрийгөө нэгэнт бүхнээс дээрд бодчихсон надад бүсгүйчүүлийг өөлөх шалтаг мундахгүй олддог байж л дээ . Ухаандаа царай зүсний сайхантай хөөцөлдөөгүй юмаа гэхэд намтай нэг нь номгүй , номтой нь намгүй байх жишээтэй . Арван хуруу тэгш хүн олдоогүй , олдох ч үгүй байсан . Суяшийн тухайд гэвэл , урьдын дүрэлзсэн хайр сэтгэлээс минь хааяа хааяа улсхийхээс хэтрэхгүй цогийн төдий юм үлдсэн байлаа . Гайхалтай нь энэ галыг унтраасан эзэн нь би өөрөө гэдгийг мэдэж түүгээрээ дотроо бахархаж явдаг байжээ , чааваас . Баянак минь шөнийн хоногоор суга өсөн сайхан ч галтай ч эр болов . Арван гуравтайдаа чоно намнаж , хаана л хүчрэгдээгүй эмнэг хангал байна , түүнийг бүр сураглаж очоод унадаг байсныг нь бод л доо . Тэгэхдээ залхуу алдартай , яагаад гэхээр жилийн дөрвөн улирлыг морин дэл дээгүүр өнгөрүүлэхээс Доёбуугийн өнчин ишгийг ч өдрийн хугас хариулсан нь үгүй юм чинь . Сүүлд сумын төвд сургуульд орох юм боллоо . Арав ч хоноогүй юм байх , оргоод харьчихжээ . Нэгэнтээ би Доёбуутай ийм яриа үүсгэлээ . “Нөхөр Доёбуу та хүүгээ сургуульд өгөх нь яасан юм бэ ? Ингэснээр бүдүүлэг хоцрох нь байна шүү . Тэр үед бичиг үсэггүй хүнийг би бүдүүлэгт тооцдог байлаа л даа . Бидэнд эрдэм боловсролтой залуу үе хэрэгтэй . Гэтэл Доёбуу санаа алдан ингэж хэллээ . “Таных зөв өө . Харин цаад хар маанаг чинь даанч юм сурахгүй л дээ . Ямар юмаа дуурайчихсан юм бүү мэд . Намайг л биш дэг ,, . Ийм үг дуулсандаа нүүр минь халуу шатаж , хариу үг хэлэх байтугай , хааг гэж дуугарах тэнхэлгүй болж хоцорлоо . Ганц хүүгээ өсөхийн хэрээр зэрлэгшихийг алсаас ажиж явахдаа нэгд бахархан , хоёрт гашуудавч , түүнийгээ өөр дээрээ авчих зориг надад байсангүй , харин ч паянгий минь амьтан мэдчихвий гэж хулчигнадаг байлаа шүү . Тэгэх юм бол ёс суртахууны хувьд цэвэр ариун байх ёстой удирдагч биеэр ойрын нэгэн ажилтныхаа гэр бүлийг үймүүлжээ гэсэн шуугиан гарна даа гэж бодохоос яс хавталзана . Ингэхдээ бүр гэр бүл үймүүлсэн , хулгайлсан этгээд би биш , Доёбуу гэдгийг бүрмөсөн мартөж орхисон хэрнг болж байна даа , түй үхээр . Тийм дээ хүү минь , албан тушаал , нэр алдрын донд нэг л автах юм бол хараастай сохор, мэдээстэй маанаг болж хувирах нь амархаан байдаг . Ийм хүн нэг ёсны эрхтэн дутуу ,мэдрэл гажуу явсаар нэг л өдөр амьдралын хатуу торгуулийг голдоо ортол мэдрэхдээ сая л сэхээ ордог . Сэхсэний дараа ч бол юутай гайхалтай , юутай харамсам амьтан болчихоод явснаа харин нэг ойлгож авдаг юм билээ . Гээд хувьсгал энэ нутгийн хөрсөнд нэгэнт үндэслэсэн байлаа . Учир нь тэрээр харанхуйн дараа гэгээ орох , хүйтний дараа дулаан болох шиг жамтай , нэг юм уу нэг хэдэн тэнэг толгойн баруун юм уу зүүн тийш хадууран давхиснаас болоод алдуурчихааргүй , агуу их зүйл юм даа . Гучин есөн онд Суяш минь нас барлаа . Намрын нэгэн дүнсгэр өдөр хяруу татсан булшны овгор шорооны өмнө зогсч байхдаа бараг хоёр жил уулзаагүйгээ саналаа . Тэгтэл нүднээс минь доголон нулимс бөмбөрөн би ичихээсээ илүү цочив . Миний нүднээс нулимс гарах юм гэж би мэдээгүй явжээ . Суяш минь гучин долоотой байлаа . Доёбуу тэр өвөл нь л нэгэн нударганы бэлбэсэн авгайтай гэрлэлээ . Урьдын бүдүүлэг цагт хань нөхрөө чөлөөтуй сонгож авах эрх мэдэлгүй байсан бүсгүй хүн шинэ , боловсон цагийн буянгаар тэр эрхээ ашиглаж байгаа юм гэнэ . Баянак Доёбуугийн , Доёбуугийн ч гэж дээ , түүний нударган авгайн гэрийг орхин одсон байв . Нэг шөнө сүрхий унжирсан хурлаас тараад харьж ирвэл муу байшингийн минь үүдэнд нэгэн өндөр залуу зогсч байснаа намайг таньж амжаагүй яявтал өөдөөс минь хүрч ирээд : “Аав аа ,, гэж сулхан дуугардаг байна . Баянак гээч Суяш минь хүүдээ үнэнийг хэлж амжсан байж ,, . Жанибекийн хоолой нь зангирсхийгээд дуугүй болчихлоо
Эргэн тойрон нам гүм . Бороо зогсчээ . Гал асч дуусаад улайхын төдий л цог үлдсэн байв . Цогийг хөндөж , тойруулан аргал зэргэлж , тархиа дүүртэл үлээлээ . Гал ахин дүрэлзэн асаасай гэж бодсон минь , гал ахин дүрэлзэн аслаа . бороо өнгөрч , арсгар цагаан үүл шил даван нүүнэ , арсгар цагаан үүл тал гатлан нүүнэ . Цас , цас орох нь байна . “Би гэдэг хүн баярлах мөртлөө айж хоцров . Харанхуй дундаас гэрэлтэх тунгалаг царайтай , өндөр сайхан залуу цээжиндээ тэврэн , “Би чинь ийм хүүтэй хүн юм байна шүү дээ , гэж бахархан бодовч , сумын дарга , хоршооны дарга хоёр хоорондоо нэг хүүгийн будлиантай юм байхаа гэсэн яриа орон гүрнээр л нэг дэгдэх биз гэж бодохоос айдас хүрнэ . Эцэст нь айдас дийлж :”Орон гэр , эцэг , эхтэй хүн чи буцдаа ,, гэж тэмүүлэн ирсэн хүүдээ хэлж орхилоо шүү , мангуу үхээр чинь . Баянак агзасхийн , надаас зайлж , харанхуйд дорхиноо бараа тасран одоход яс , мах минь янгинах шиг болж хүйтэн цоожинд духаа наан хоцров оо би . Харин буцаан дуудах , араас нь гүйх ухаан даанч төрсөнгүй . Тэр намар Баянак цэрэгт мордлоо . Байдал түгшүүртэй байсан цаг . Сумын урьдах хөтөл дээр арван хоёр залуу эр алсын моринд дөрөөлөн жагсчихсан , жагсаалын эхэнд улаан туг намирч байв . Шилийн сэрүүн гол руу сэв сэв нэвтэрч эхэлсэн намрын өдөрсөн . Жагсаалын өмнө тал дугуйран зогссон үдэгсэд дотор морьтой , явган өвгөд хөгшид , үрээ дүүрч сундалсан , хөтөлж тэвэрсэн бүсгүйчүүд , хэдхэн жилийн дараа энэ л хөтөл дээр анхныхаа морин жагсаалд жагсах бэсрэг залуус байж байлаа . Охид сүрэг саалийнхаа завсар нулимсаа дундруулж амжсан бололтой  , нэг хэсэгтээ нүд хуурай байцгаана , Эхчүүд ёсыг сахиж биеэ барьцгаана . Сумын дарга би товчхон үг хэлж , социалист эх орноо хамгаалахдаа амь насаа үл хайрлахыг сануултал , эмсийн нэг нь ёсыг зөрчиж енгэнэтэл уйлж орхидог байна . Ингээд үдэгсэд дороо хавьчиж эхлэхэд байлдагчдын царай хувирч нэг бүрийн нүдэнд нулимс мэлтийгээд явчлаа . Би яаравчлан “Таван жил улиран өнгөрөхийн цагт таван хоногоос өөрцгүй санагдахын ёсон бий . Баяртай , байлдагчид аа ,,гээд хөвгүүд рүү алхтал үдэгсэд миний хойноос ханаран дагалаа . Би байлдагчдын гарыг атгахдаа инээмсэглэн , эрс шийдэмгий байх юм шүү гэж дотроо бодсон билээ, гэтэл Баянактай харц тулгарахдаа сэтгэл хямран , толгой эргэх шиг болов . Хүү минь жагсаалын  магнайд , тогтож ядан байгаа хүлгийнхээ жолоог энэхэн агшинд султган , гялхийн одоход бэлэн байгаа мэт дөрөөн дээрээ өндийсөн байв . Би өвдөгт нь хүрснээ ухасхийн хүзүүдэж аваад ойртуулан татаж ирээд нүүр нүдгүй үнсэж гарсан бөгөөд ингэхдээ “Миний хүү ,, гэж хашгирах шивнэхийн хооронд ахин дахин хэлж байж . Тавиад харвал Суяший минь нүдийг хуулсан дүрлэгэр хар нүдэнд нь нулимс мэлтэлзэн , тэр нулимсны цаана “ Намайгаа хөөж туугаагүй билүү , аав минь ? ,, гэсэн асуулт дүрэлзэн байв . Энэ үед өөрийн минь ч нүдийг нулимс бүрхээд ирэхийг мэдэн ичихдээ бушуухан дараагийн хүн рүү хүрч очоод түрүүчийн санамсаргүй хийснээ одоо санаатайгаар давтав . Би байлдагчдыг бүгдийг хүзүүдэж , бүгдийг үнссэн боловч хэн дээр нь ч Баянактай зууралдсан шиг тийм удсангүй . Ингээд баахан хөл хөдөлгөөн болж байснаа буурал эхчүүд хултай сүүгээ идэр эрсэд амсуулан , унасан морьдынх нь дэл сүүл , тохсон эмээлийнх нь дөрөө юүгий нь мялааж дуустал хөдлөх тушаал өглөө . Нирхийн дуу эхэлж , цуваа хөдөллөө. Байлдагчид тэнгэрийн хаяанд уусан , агаарт дэгдсэн тоос замхран алга болтол үдэгсэд тарсангүй . Тэр өдөр гайхалтай удаан өнгөрлөө . Би контоортоо байж сууж ядаад нар хэвийхийн үед хөдөө мордож , буусан хоносон айлдаа явсан байлдагчдын тухай бүгдийнх нь эцэг шиг ярьж явлаа . Дайны үеийн тухай би чамд шинэ юм юу ярилтай билээ , ном сэлт өдий төдий гарлаа шүү дээ . Бидний нойр дутуу , ходоод дундуур , хүйтнийг хүйтэн гэлгүй, халууныг халуун гэлгүй зүтгэж , олсноо пронтод фронтод илгээж байсан маань худлаа биш . Миний бие өөрийгөө ертөнцөд даанч чухал хүн гэж бодож явснаа эс оролцуулбал намын байлдагчид тэнцэхээр зүтгэсэн гэж хэлэх зүрхтэй байна . Байлдагчдаас захиа занаа ирэх нь нэн ховор , олонхи нь бичиг үсэг мэдэхгүй ч байсан юм чинь . Тэгтэл хоёр дахь жил Баянакаас минь өөрийн гараар бичсэн захиа ирдэг юм байна . Миний баярласныг хэлээд яахав . “Уг нь ийм л байхаар сэргэлэн хүүсэн дээ ,, гэж нулимс унаган байж өөртөө хэллээ . Гэтэл бас захиандаа юу бичсэн гэж санана . Ангидаа мэргэн буудагч , бага дарга болсон гэнэ . Би ч бүр хөл алдаж орхилоо . Үртэй хүний жаргал гэж ийм байдаг байж . Тэгээд хүүгийн минь хугацаат алба дуусахад яг 1000 хоног дутуу байхад банзны зах олж ирж харуулдаад дээр нь харандаагаар 10 эгнээ тус бүр 100 зураас зурж , өнөөх банзаа дэрэн дороо хийн , шөнө унтахаар хэвтэх болгондоо зурааснаас нэгийг баллуурдан арилгадаг боллоо . Заримдаа хөдөө явж ирээд зурааснаас нэг дор хэд хэдийг баллуурдаж байхад тун ч сэтгэл өег байдаг байв . Дайн дуусч , хүү минь эргээд ирсэн хойно ямаршуу янзтай аж төрөхөө бодоод байхад гайхалтай нь миний эдлээгүйг Баянак эдлэх учиртай болдог байв . Битүүхэндээ нутгийн охидыг шинжиж , гэрийн мод , тавил сэлт харж явдаг боллоо гээч . Дайны хатуу бас чиг юм бодогдуулж , эдгэрэх замдаа орж явсан минь тэр юм билүү . Амьтны ам хэлнээс айдаг минь урьдынхаараа ч зураас хорогдох тусам миний сэтгэлд нэгэнт сэрсэн эцгийн бахархал газар авч байлаа . Дөчин гурван оны аравдугаар сард намын үүрийн дарга уушгины хатгалгаагаар нас барсан нь , миний оронд аймгаас ирсэн нэг залуу оров . Тэр залуу насаар бол бага ч гэсэн сүрхий томоотой , тэр мөртлөө шаардлагатай үед нугаршгүй хатуу байж чаддаг хүн байв . Сумын хуучин орлогч өөр ажилд шилжиж , оронд нь Доёбуу боллоо . Сумын даргын тушаалаас буух болсондоо би эхэндээ гомдлоо , учир нь ингэх юм гэж санаагүй явсан байлаа . Гэхдээ дараа нь “ Нам гэдэг чинь хамгаас чухал болохлоор энэ ажилд надаас өөр тэнцчихээр хүн ч байх биш дээ ,, гэж бодохдоо тайтгарлаа . Сумын шинэ даргын арга барилыг хараад байтал өөрийнх минь чамлагдаж эхэллээ . Далдуур биширч , бүр дуурайвч өнгөн дээрээ бүхнийг мэддэг хүний царай гарган , хийсэн хэлсний нь өчүүхэн юман дээрээс өөлж шүүмжлэх гэж үздэг байлаа гээч . Миний түрээ барих зүйл бол туршлага , туршлагатай ахмад хүний хувьд өнөөхөд чинь зааж  заавардаад л , ёстой усан тэнэгийн зан шүү , залуу хүн чи мэдэж аваарай . 1945 оны наймдугаар сарын 23 –ны өдөр халдварт өвчин гарсан сарлагийн суурь хүрэхээр Цагаан Асга руу явж байлаа . Гэтэл Арцатын Хамардаваан дээр гарч явтал хойноос минь зарлага гүйцэж ирээд сумын дарга одоохон замаас эргээд ир гэж байна гэлээ . Очвол сумын удирдах нөхөд даргын контоорт цугларчихсан байж байв . Дарга дэлгээстэй цаас барьчихсан өөдөөс минь хүрч ирээд “ Ийм юм болжээ ,, гэсэнд өнөөхий нь авч уншиж эхэлснээ давхийтэл цочоод дахин эхнээс нь уншив . Хэд дахин уншсанаа , дараа нь юу хэлснээ , яаснаа мэджхгүй байна . Бодвол өнөө бичгийг сумын даргад буцааж өгөө биз . Нүдний минь гэнэт асар олон улаан , ногоон тойрог хаагаад тэр нэл  улаан , ногооны дотроос гагцхүү арилшгүй хар үсгүүд цувран гарч ирэх нь бодоод байхад .... Баянак оргосон ... даруй баривчлах .... эсжргүүцвэл буудах .. гэсэн санааг бүтээж байв . Үүний цаана “Адилхан нөхөд нь цусаа урсган тулалдаж байхад нэг нь амиа хоохойлон оргож зугтаж явах ч гэж дээ . Нутаг усныхны маань нэрэнд яасан ч муухай юм бэ . Чамайг муу нохойг өөрийн гараар буудан алъя,, гэж нэг хүн гаслах нь дуулдана , Доёбуу ...,, Жанибек шанаагаа базлан дуугүй сууна . Оёдлоороо ханзарсан хурган малгайн дороос цухуйх цав цагаан үсэнд шигдсэн бахим хуруунууды нь харахад хөх асгыг өрөмдөн ургасан зуун наст хар модны дээрээсээ нүцгэрсэн үндэс санагдана . Цас хаялж эхэллээ . “ Зураан хүнтэй салаа байгуулагдаж , хүн бүрийг 30 сумтай карабин буугаар зэвсэглэлээ , захирагчаар нь намайг тавих боллоо . Тэр жил урт зун боллоо . Есдүгээр сарын аравдаар сумын төвийн урьдах тал бас л ногооноороо . Шувуу буцах цагаасаа бүтэн сараар оройтлоо . Эхний  л айлууд бүр сарын хуучдаар сая л Цагаанголын дэлгэр хөндийд орж ирлээ . Дайн ялалтаар дуусч , ялагчдыг хүлээж байв . Унах морьды нь аль эрт барьж ирээд , аргамжны үзүүрт сойн , нүүхэд ч нуруунд нь эмээл хүргэж эс түвдэн , хүлээсэн эзнийх нь эцэг , аль эсвэл ах юм уу дүү сул хөтлөн явна . “Хүрээд иржээ ,, гэсэн үг хэдийд л дуулдах бол гэхээс уул , ус хүртэл чих тавин чагнаж байх мэт . Баянакийг хүлэг морь нь бус , сумтай буу , даалгавартай эрс , шийтгэл хүлээж , тэр шийтгэл нь үхэл гэсэн үг ч байж мэдэх байв . Гэхдээ чухам юу болсныг бид мэдээгүй л байлаа . Намрын шөнийг нүд хараастай өнгөрүүлдэг болов би . Харанхуй тэр чигээрээ Баянакийн нулимс мэлтэлзсэн нүд болж хувирна . Таван жил нэгэнт улиран өнгөрөөд таван хоногоос өөрцгүй санагдана . Өөдөөс минь ширтэх нулимс дүүрсэн нүдийг харж хэвтэхдээ , “Аавдаа юунд ийм хэрэг хийв, хүү минь ?,, гэж санаандаа асууна . Заримдаа үнэхээр шивнэж орхиод өөрийнхөө дууг сонсохдоо нулимсаа барьж эс дийлнэ . 10-р сарын 29-нөөс 30 –нд шилжэх шөнөсөн . Аанай л нойрмог хэвтэж байтал үүдэнд хөлийн чимээ гарах шиг боллоо . Нохой бол яваад өнгөрөх учиртай гэж би бодлоо . Учир нь үүд хавиа би дөнгөж өмнөх орой цэвэрлэсэн байсан билээ . Чив чимээгүй болчихлоор нь өөрийгөө андуурч гэж бодовч хэвтээд байж болсонгүй , эвтэйхэн босч хаалга хүрээд  би чихээ ойртуулан чагналаа . Юу ч эс мэдэгдэв . Тэгэвч ор руугаа явах тэнхэл байсангүй , хаалгаа онгойлгоод өрөөсөн хөлөө босгон дээгүүр давуултал байшинтай чацуу өндөр хүн туурганд наалдан зогсч байгааг харахдаа аяархан дуу алдчихлаа . Айхтар харанхуй шөнө билээ , тэгэвч зүрх минь Баянакийг таньчихжээ . Хаалгаа угз татан хаагаад түгжих юмуу , гүйж ороод галтай буугаа шүүрээд ирэхийн оронд ухасхийн хүрч хүүгээ тэврэн аваад аль тааралдсан газрыг нь үнсч үнэрлэж , гарахдаа енгэнэтэл уйлж байж . Энэ бол баярласных байлаа . Учир нь ганцаардлын бэрхийг чсанд минь хүртэл иэдрүүлсэн энэ голгүй харанхуй шөнө ханьтай болж , тэр нь зуун гол , мянган уулыг туулан , алхам бүрт гэтэж байсан аюулыг ялан ялсаар төрсөн Алтайдаа хүрч ирсэн , яснаас минь хугарсан яс , махнаас минь тасарсан мах – миний үр байлаа . Намайг хөндийрөхөд хүү минь хөшчихсөн юм шиг зогсч хоцорсноо    Дуулаа биздээ ? ,, гэж сулхан хэлллээ . Би түүнд хариу хэлэхийн оронд бушуухан татаж оруулаад , хаалгаа хааж , дэн асаав . Зөн совин гэгч нь тэр үү ? урьд тэгдэггүй бий тэр орой таваг дүүрэн мах чанажээ , аваад урд нь тавьж өглөө . Бас данхтай хүйтэн цайнаас мэлтэлзтэл аягалж гарт нь бариуллаа . Энэ бүхэн нүд ирмэхийн зуур л болж өнгөрсөн хэрэг . Цонхонд шил байгаагүй , тугалын илгэ татдаг байсан цаг . Хаалга түгжээтэй , би үүд хоймрын дунд зогсч байлаа . Баянак тавагтай махан дээгүүр тонгойчихсон , гартаа аль тааралдсанаас нь тас тас татан амандаа чихээд хир хир зажлах нь ган шүдээрээ харгана тээрэмдэх залуу тэмээг санагдуулна . Биенд нь ихэд жижигдсэн , энгэр сугаараа ханзарсан хөвөнтэй дээл өмсчээ . Хаанаас хулгайлаа бол ? гэж бодохдоо зүрх минь эмзэглэн өвдөж байлаа . Морь малын хөлөөс тайлж авсан бололтой хорчгор сур бүсэлжээ . Түрий нь шинээрээ бахиал гутлынх нь ул м өлчийтлөө элэгдэж хадаасаараа ханзарсныг төмөр утсаар томж торгожээ . Толгойдоо алчуур зангиджээ , доороосоо цухуйсан үс магнай , захы нь бүрхэн унжиж байв . Нар салхинд онгосон , эцэнхий нүүрэн дээр нь ядарч туйлдсаны шинжийг илтгэх зэвхий туяа татна . Омглтсон уруулынх нь энд тэндээс цус гарах боловч анзаарсан шинж алга.Баянакийн зажлах эрч нь намдах тусам миний сэтгэл түгшиж эхэллээ . Түрүүчийн баяр арилсан байлаа . Орон дээгүүр минь сумтай буу өлгөөстэй , эх орны өмнө гэмтэн болсон , гагцхүү тийм гэж итгэхэд даанч бэрх эцэж туйлдсан царайтай , төрсөн нутгаа тэмүүлэн гүйж ирсэн үлгэр судрын аргамгийг санагдуулам энэ хүний хувь заяаг үүр цайхаас өмнө шийдэх байлаа. Баянак цадав бололтой . Би зогссон чигээрээ , за хө гэлээ . Толгой нь гудайсхийв . Би авдар онгичин хайрцаг янжуур гаргаж ирээд өвөр дээр нь тавилаа . Баянак тамхинд халж хүрч чадахгүй байгаа бололтой , гар нь салгална тал хайрцагтай гарсан юм . Сүүлчийн утаа сорсноос нааш 49 хонож байна гэснээ тамхинд хүрч , хайрцгийн ханз татан нэгийг авч амандаа зуугаад дэнд ойртуулан асаалаа . Эхэндээ хахаж ханиалган том том хөлсөн дусал шанаанд нь бурзайн гарч ирлээ . Дөчин дөрвөн оны намар манай дарга урд хилд шилжлээ гэжс ярьж эхлэх нь тэр . Орныхон ч хүн ирлээ . Ганцаараа ч биш дагуулсан нэг бүсгүйтэй юм . Эхэндээ охиныг нь л юм байх гэж бодож байлаа . Тэгэхнээ хожим нь дуулвал эхнэр нь юс санж . Цэрэг харахаас тушаах , тулгах юмаа олж ядан байдаг офицерын авгай нар байдаг . Саяын ирдэг бол тэд нартай төсгүй , өөр ертөнцөөс ирсэн юм шиг сайхан , чухамдаа хүүхдээрээ амьтан юм . Өдөр шөнөгүй байлдааны сургууль хийгээд цэргүүдийн ядрах гэгч жигтэйхэн , завсарлагаа зарлав уу үгүй юу налайтал унаад , дорхноо нам унтаад өгнө . Харин өнөө бүсгүйн барааг харж , дууг сонс ч байхад тэгэх хүн ер үл харна . Юунаас ингэдгийг мянган өдөр , мянган шөнө хөдөө хөхөрч , гадаа гандаж явсан дан эрчүүдийн дунд гэнэт эмэгтэй хүн орж ирнэ гэгч юу болохыг гагцхүү нүдээр үзэж , биеэр мэдэрсэн хүн л ойлгох биз . Цэргийн хуаран гэнэт эцгийн гэр мэт дотно санагдаж , хэн хүнгүй дотроо нэг л нууцгай баяр агуулж явах шиг харагддаг болчихлоо . Тэгэхдээ Тунсагийн –нэр нь ийм юм – тухайд бол нууцаа хадгалах хүн даан ч үгүй . Нууц ч гэж дээ , угм нь хамгийн эгэл зүйлс л дээ . Тунсагтай хаа , яаж яваад тааралдсан , юу гэж асуухад нь яу гэж хариулсан , ингэхдээ царай , нүд дуунд нь ямар өөрчлөлт гарсныг нэгд нэгэнгүй мэдээлнэ . Ингэж ярихдаа түүнийг хүн болгон л өөртэйгөө л хамгийн дотно болгож дүрслэхийг хичээнэ . Тэндхийн хавар манай эндхийнхээс өөр , сав л хийвэл элсээр шуурч , заримдаа хэдэн өдөр шөнөөр тэнгэр газар үл ялгарна . Зун нь элс улайтал халж , тэнгэрээс хааяа хэдэн дусал унавч газарт хүрэхээс өмнө ууршин алга болоод өгнө . Ийм цагаар нутаг улам санагдан , сэрүүн Алтай , түүний цаст цагаан өвлийн тухай яриад байх дур хүрнэ . Тайгын охин Тунсаг хөх нуур ногоон зун , цаа бугынхаа тухай ярихад нүдэнд нь нулимс дүүрээд ирнэ баян хамаатнаа бараадан амь зууж явсан өнчин охин санамсаргүй учралаар цэргийн даргын эхнэр болж энд ирсэн хойноо нутгаа санан , харихын хүслэнд автавч авааль эрийнхээ өөдөөс ам ангайж эс зүрхлэх ажээ . Цаадах нь дуугүй , яггүй чанга эр . Тунсагийг нар гэвэл тэрээр чухамдаа үүл мөн байлаа . Явсан газар нь аниргүй нам гүид умбаж , ойртсон бүхэн нь бүүдийгээд явчих шүиг санагдана . Түүний өмнө зогсохдоо ямар ч нэрд гарсан бөх зүрхтний магнайд нь заавал хүйтэн хөлс дааварлаад ирнэ . Эхнэрээ зоддог байв . Энэ тухай Тунсаг үг алдах нь үгүй ч цэргүүд яаж ийгээд л мэдчихнэ . Ер нь хавьтсан болгонтой хардана , орлогчийнх нь хувьд гэр орноор нь хамгийн олон орж гардаг байсан болохоор надтай бүр ч их харддаг байсан биз . Тунсагаас болж харахаас дургүй хүрэвч даргын хувьд би түүнийг гайхан биширдэг байсны учир гэвэл цэргийн эрдэмд төгс , тэвчээр , зориг гэж ёстой л ган шиг эр , тэр мөртлөө одон тэмдэг зүүх , урьдынхаа гавъяаны тухай ярих гэгчийг мэдэхгүй . Гучин есөн оны дайнд хэдэнтээ шархдан тоогүй олон япон устгасныг нь дуулсан юм чинь бид . Шийдвэрлэх мөч тулж ирээд байлаа. Наймдугаар сарын 3-нд дарга штабт дуудагдан очоод орой буцаж ирэв . Тэгээд л шөнөдөө манай анги дорныг чиглэсэн аяндаа гарч , үүр цайхад 280 км зам туулсан байлаа. Хаашаа л харсан морин цэрэг , танк , машины цуваа , бүгд л дорнын чигт . Тэгтэл зогсч үдшийг хүлээх тушаал ирлээ . Тунсаг дэргэдүүр өнгөрөхдөө ингэж шивэгнэдэг юм байна . Цаадах чинь намайг замд хамаатнууд дээрээ орхих юм байна . Тэгж танихгүй нутагт хаягдахаар хот орж , тэндээсээ цааш харъя . Чи надад тусална шүү , Баянак тэгээд хариу хэлэхийн завдалгүй яваад өглөө . Үдэш боллоо . Хөдлөх мөчөө хүлээн зогсоо нүргэлсэн цуваан доор газар дэлхий донслон чичирч хавирган сар тэнгэрийн хаяаг шүргэн алдана . Дарга , Тунсаг бид гурав нэг тэргэнд сууж байв . Тэгтэл өнөөх чинь бие засах хүний дүр үзүүлэн буугаад шулуухан алхсаар нэг харганы араар ороод явчихдаг юм байна . Гар хоосон бүсгүй харанхуй шөнө эзгүй талд чоно нохойн идэш болох нь гарцаагүй тул холдчихоос нь өмнө буцааж авчрах хэрэгтэй байлаа . Гэтэл яаж буух вэ ? Хэсэг бодсоноо ийм арга оллоо . Юмаа гээсэн хүний дүр үзүүлэхээр өвөр , халаас , түрийгээ хэсэг уудалж , тэмтэрснээ үсрээд буучихлаа . Тэнгэрийн ирмэгийг шүргэсэн сар , нүргэлсэн тал , айх гэж тоймгүй . Тунсаг ердөө холдоогүй , харганы сүүдэрт хярсан болжмор шиг нугдайн сууж байв . Айсан дүрлэгэр нүдий нь хараад туслахгүй байж чадахгүйгээ мэдлээ . Гар буугаа тайлж гарт нь атгуулж өгөөд “ Алтан гадсыг л алдахгүй яваад бай ,, . Үүр цайж , нар гарахад зэвсгээ хаяарай .Тэгээд өдөржин явахад хүн , малынм бараа харах бий гэлээ . Тунсаг намайг тэврэн авснаа “ Ачий чинь хэзээ ч мартахгүй ,, гэж цорхирон өгүүллээ . Тэврээс минь мултраад эргэтэл ард минь дарга зогсч байв . Гарт нь чинжаал гялалзана . Өрсөж бугуйн дээрээс нь шүүрч авлаа .  Гуд татах гэсэн чинь барсангүй . Харин өөрийг минь өсгийдөж орхиж . Унахдаа бугуйгий нь тавьсангүй , часхийн хадах Тунсагийн дууг сонслоо . Газар шүргэсэн сар , наана нь чинжаалын хурц үзүүр . Дор нь миний багалзуур байлаа . Тэгтэл би хүлээвэл зайлшгүй дийлдэхээ ойлгон ахин өрсөж үзэхээр шийдэн зүүн гараа суллангуут багалзуур дээрээс нт атгаад авлаа . Нилээд ноцолдсоны эцэст өнөөх ургаа хад , унасан харгай шиг дээрээс няц дарчих гээд байсан гар эхлээд байрандаа хөшиж , дараа нь хуруу хуруугаар буцаж эхлэх нь мэдэгдлээ . Би ч тулснаараа тулаад , базсанаараа базаад байтал яваандаа бүр суларч мэдээ алдран хажуу руу минь гулсан ойчоод ирлээ . Босч ирээд би Тунсагт “Цаадуулдаа хэл өг ,, гэлээ . Гэтэл өнөөх чинь орь дуу тавьж цаашаа гүйхийн оронд түрүүхэн өөрт нь буцаан өгсөн гар буугий минь буцаан өгч , “Бушуухан зугтаж амь гарахаа бод ,, гэх нь тэр . Би буугаа авсан боловч байрнаасаа хөдлөлгүй зогстол дарга хөдөлж , толгой нь өндийж ирснээ ,  хахирган дуугаар , “ Дайны талбарт хүрээгүй байж үхэх аз муутай амьтан юм даа чи ,, гэлээ . Би гүйчихлээ . Саргүй цэлмэг шөнө . Алтан гадсаар чиг барьж , гүйж гүйж нэг хэсэг алхаж амьсгаагаа дарж аваад л аанай гүйсээр . Үүр цайх үеэр бутан доогуур шургаж элсээр биеэ булаад хэвтчихлээ . Баянак яриагаа дууснаж , шинээр янжуур асаав .Тийм байж , арай ч хүн алаагүй юм шив дээ гэж сэтгэл бяцхан амсхийн бодлоо . Гэтэл дайны хүнд цагаар цэргээс оргосон хүнд хамгийн хатуу шийтгэл оногдох нь илэрхий гэсэн бодол дөнгөж амсхийж, зай гэгээ гарч эхэлж байсан сэтгэлийн мухрыг харанхуйлан эзлээд авлаа . “Цаад дарга чинь чамайг зүгээр үлдээх ч үгүй байсан . Гэхдээ чи оргож зугтах хэрэггүй л байж . Оргосон учраас л хэлтрүүлэхийн аргагүй буруутан болжээ ,, гэвэл Баянак “Тиймээ одоо гагцхүү баригдахгүй байх л байна ,, гээд санаа алдав . “Үгүй гэж би ширүүн дуугараад , “Хөдлөхгүй ,, суухыг сануулъя . Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм ,, гэлээ. Баянак босон харайгаад хаалга руу ухасхийсэн боловч би түүнээс өрсөн хананд өлгөөтэй байсан буугаа шүүрч аваад араас нь чиглүүлж “Зогс буудлаа шүү ,, гэж хашгирав . Өтөл нөхөр минь сүүлчийн үгийг нээрээ л хашгирч хэлсэн тул хоолой нь зангирснаа дараа нь таг болчихов . Галруу ширтэн шөлөрсөн нүдэнд нь бяцхан цэгээн нулимс гялсхийв . Тэгээд л дарж орхиж дээ , битгий л цаашаа яриасай гэж бодохдоо “Цас орж байна ,, гэлээ . Гэтэл өвгөн юу хэлснийг минь ойлгосон , тэр ч байтугай сонссон ч шинжгүй яриагаа үргэлжлүүллээ . Баянак зог тусч эргэн харахад царай нь бүр зэвхий даачихсан байлаа . Яаж зүдэрч яваад хүрч ирснийг минь мэдэж байна уу , аав аа ? гэж бууны голыг дагуулан харж хэлэв . Өдөржин нуугдаад шөнөжин явах гэгчийг ? далан хоёр өдөр , далан хоёр шөнө гээч ? нэг өдрийн хичнээн уртыг , нэг шөнийн хичнээн богиныг , чулууны хатууг , элсний халууныг та  мэдэхгүй . Хичнээн олон шөнө зүг чигээ алдаж , нүд минь од харахын , нүүр минь салхи мэдрэхийн хүслэн болж явахдаа , хичнээн их айж , гутарч үзвээ , би ? Тэгсээр арай гэж угаасан голынхоо усыг амтлахдаа , унасан нутгийнхаа шороог үнэрлэхдээ хичнээн их баярлаваа би . Тэгээд тантай учрахдаа . Тиймээ , танаас хэдий айсан ч , орчлон дээр харж хандах ор ганц хүнээ гэж тэмүүлэн хүрч ирсэн билээ би .Эцгийн зүсийг харж дууг сонсов . Цаана нь бас эхийн булшийг олж , үнэрийг эрмээр , уултайгийн хэрэг ву билээ , оройд нь гарч талаа хармаар , амтайгий нь хэрэг юу билээ , угалзы нь унагаж , тэхий нь намнамаар , өссөн газрынхаа өвсөнд нь хөлбөрч шороонд нь тонгочмоор , өөрийн тэнгэрийн салхийг амталж , одыг тоолмоор , зуны бороонд нь шалба цохиулж навч цэцэгтэй цуж нарыг хүсмээр өвлийн цасанд нэвс даруулж туурайтан жигүүртэнтэй цуг хаврыг хүлээмээр санж . Ашиг хайсан урвагч биш , амь бүрэлгэсэн алуурч биш , гагцхүү хүчинд хоригдсон хүний алга үрд тус болох гэж яваад эндсэн , эндсэний эцэст эх орны даалгавар , эр цэргийн албанаас биш , оногдох ялаас , отох үхлээс зугтсан билээ би . Цаашаа ярьж чадалгүй уйлж гарлаа . Нэг талаас үүрэг , нөгөө талаас хүү минь намайг хоёр тийш чангаасаар эцэст хүү минь дийллээ . Буугаа хаяад Баянакийг үнсч явдаа , гэхдээ л хуулиас мултрах зам байдаггүй юм даа . Бор туулай минь гэлээ . Цэргүүд ирж , найр их боллоо . Цасгүй жигтэйхэн намар болов . Хяруу унаж хоновч нар хөөрмөгц төдхөн хайлж алга болоод өдөржин баруун хойноос үлээх өнөөх л зөөлөн хонгор салхи . Тэнгэрийн хаяа өдрөөс өдөрт улам л өргөжин тэлэх мэт цэлийн холдсоор . Оргодлын тухай албан бичиг олширч , энэ ч сумын , тэр ч багийн нутагт сэжиг бүхий хүн харагдсан гэх цуу яриа ч газар авч түүний яг зүсээр нь таньсан баримт алга байв . Зарим хүн дуулсан бүгддээ итгэсээр байгаад гэгээн цагаан өдрөөр ч гадуур явахаас айж , бүрэнхий болмогц хаалга үүдээ янгинатал хүлээд суудаг болж байхад , нөгөө зарим нь хэдэн арван агт морь сольж унасан хэр нь бүтэн сар явж хүрдэг алсаас явган нүцгэн ирчих хүн гэж байхгүй , тэгээд ч ер нь оргосон хүн аль болохоор л хаүн танихгүй нутгийг тэмүүлэх нь зүй гээд юу ч дуулсан үл хэрэгсэнэ . Би эдгээр ярианы алинд ч үл оролцоно , харин амьдралдаа анх удаа намаа хуурсандаа бантан явдаг байв . Орой нь гялалзаж бэлэн шаргалтах уулсыг харахдаа хүүгээ санан , чухам хаахна нь яваа бол гэж заримдаа баярлан , заримдаа гутран бодно . Бас хор буцлан , чамаас болж би намаа хуурахад хүрэх гэж бодох үе байдаг байв . Арван нэгдүгээр сарын дундуур аймагт дуудагдлаа . Хэдэн өртөө газрыг туулахдаа яарав ч урьдынх шигээ давхисангүй , бас өртөөний тогооч , агчдаас хэнийн ч зандарч загнасангүй , Бодсоор явтал өнгөрснөөс ичих шиг , ирээдүйгээс айх шиг болов. Орогдлыг өнөө хүртэл яагаад барьж авахгүй байна ? гэсэн аймгийн  нөхдийн асуултанд . Хүрч очоогүй оргодлыг яаж барих билээ ? гэчхээд нүүрнээс минь гал гарах шиг болов . Хүрч очохоор барах уу , эрэх таваараа явж байгаагийн бид мэдэж байна . Нэгийгээ нөгөө нь нотолсон мэдээ танай Жанибек бид даанч итгэдэг гэсний нь яана .Надад дуугарах тэнхэл байсангүй . Гурван долоо хоногийн хугацаа өглөө . Төв газрын амьдарлыг харж явахдаа  Хүү минь гэж сэтгэл хөндүүрлэн бодлоо . Буцаад ирэхэд уул , талгүй цав цайрчихсан байв . Баянгийн даваа , теректийн нурууг харахдаа дотроо ийнхүү халаглалаа . Хувцас нимгэнтэй осгочихсон байх вий ? За тэгээд хүйтнийг дававч биднээс мултрах бишдээ . Маргааш өглөө зэр зэвсэглэсэн зургаан морьтон Баянакийг барихаар сумын төвөөс хөдөллөө . Хойд нурууны зүүн суганаас эхлэн хотгор гүдгэрийг нэг нэгэнгүй самнахаар боллоо . Салхи гараагүй тул цас зөв зөөлнөөрөө , мөр үлдээхгүй явахын аргагүй байв . Тэнгэрт тэртээ өндөрт , хав хар хөх , хүйтэн агаар тув тунгалаг , үнэг нүүдлийн газраас дуранд торойно . Нэгийгээ нөгөө нь нотолсон мэдээнд надаас өөр ч итгэсэн амьтан үгүй бололтой . Доёбуу бол бүр ч үгүй . Тэр муу нохой одоо хүртэл яаж амьд байх юм бэ ? ингэж ч цуу ярианд итгэж , хий дэмий ажилаа алдах гэж дээ , гэж гаслана . Ар гэртээ санаа зовсон нь илт , нударган авгай нь үүнд л угийн анчин эрсийн сэтгэл юу юунаас илүү гонсойж байх төлөвтэй . Учир нь цасан дээгүүр сүлжилдэн ан араатны мөр их , чоно үнэг мэтэс урдуур харайлдахад тэд юу ч  анзаараагүй мэт царай гаргавч яг далд орохын тэнд  тэсэлгүй уруулаа хазаад авах нь үзэгдэнэ . Үдэш болоход , аль биднийг хүүхэд байхаас л нааш нэр ус нь дуулдаад байдаг байсан нэгэн хэлгүй хөгшний агуйд хүрч ирэв . Ардын засаг хэдэн мал өгч , сумын төвд ирж лам нарын үлдээсэн бяцхан дүнзэн байшингийн нэгэнд суурьшин сууна уу гэсэнд малы нь авсан хэрнээ ан аваар аж төрдөг тул агуйдаа байснаараа л байя даа гээд хөдөлж өгөөгүй , хожим харин тэндээ ч биш , бүр эмнэлэгт ирж нас барсан тийм нэгэн сонин хүн байж , билээ зайлуул . Доёбуу түүнтэй дохио зангаагаар “ярьж ,, гарав . Эхлээд эрхийгээр өөрийгөө зааснаа дараа нь чигчийгээ харуулангаа долоовор хуруугаа хамрынхаа урдуур хөндөлсүүлэн , бас нүд рүүгээ заагаад асуусан байдалтай өөдөөс нь харав . Энэ нь “Миний хүүг харсан уу ,, ? гэсэн асуулт байлаа . Цаадах нь толгой сэгсрэв . Ингээд бидэнд түүнтэй ярих өөр зүйл байсангүй . Гурав маань агуйд , үлдсэн гурав маань агуйн эзэнтэй гадаа унтахаар болов . Од ярайсан , од бутарсан шөнө , хад хагарах , тасрах мэт чимээ хулхин дороос нүргэлэн дуулдах нь орчлон дэлхий царцаж байгааг илтгэнэ . Нулимс дэрэн дээр унахын хооронд хөлдөн , эргээд хацар хайрах нь мөсөн тэвнээс өөрцгүй . Жавар үүрээр бүр ширүүсэн агаар тэр аяараа мөс болчихоод дээрээс дарж байх мэт санагдана . Намрын шувтаргын тэр шөнө ол цас хоёрын завсар унтаж хоносон ганц хүн бол хэлгүй өвгөн байлаа. Дараачийн шөнийг бас л юу ч үзээгүй гэх адуучны хошид өнгөрөөлөө . Тэсэлгүй шөнө дөлөөр нэг маань босч гал түлсэн санагдана . Хүйтний эрч цагаар чангарч байлаа . Хара-даг , Теректиг , Баян , Талдыг , Булуктугийг нэлд нь самнасан боловч мөр олсонгүй . Дэмий юмны төлөө ажил алдлаа гэх хэл ам улам улмаар газар авч , зарим нь ч шууд буцъя гэсэнд би , “Энэ сумын нутаг дээр бидний яваагүй нэг л уул байсан цагт буцах тухай ярихгүй шүү ,, гэлээ . Үүнийг дуулсан нэг нь тэсэлгүй “Тэгэхэд хүрвэл дор хаяад арав хононо гэсэн үг болох нь ээ ,, гэж дуу алдсанд , “Яадаг юм ,, Хорь хоногийн хугацаа бидэнд байна ,, гэж би хоры нь маажин хариуллаа . Нээрээ ч , Баянакийг олоогүй цагт буцахгүй гэж бүр шийдчихээд явсан билээ . Учир нь өвлийн хүйтэн гэдэг бол төрийн хуулиас ч хатуу зүйл шиг санагдах нь олохгүй байсаар ес эхлүүлчих юм бол осгож үхэхээс зайлахгүй , харин бариад авчих юм бол амий нь өршөөж ч юу магад гэж бодсоных билээ . Ахин дуу гарах хүн гарсангүй . Бүгд зай зайгаа барин уулын оройгоос бэл хүртэл тарчихсан хоёр тийшээгээ ээлжлэн харуулдсаар нэгэн хэмээр урагшилсаар байлаа . Ийм эрлийн замаас бултах арга мөртэй , бараатай хүнд үгүй нь илэрхий билээ . Баянакийг олно гэдэгт итгэн , тэгээд ч тушаалгүйгээр буудах хориотойг , буудах тушаалыг гагцхүү аминд халтай эсэргүүцэлтэй тулгарахад хүрвэл сая л өгнө гэдгийг ахин дахин сануулсаар явлаа . Таван Богдын бараа тодорсоор байлаа . Чөмөг царцаам хүйтэн салхи үлээнэ . Даарах гэж тоймгүй . Голд минь хүйт нэвтрэх тусам чарөн бачимдаж , барьж авалгүй явуулчихсандаа гэмшинэ. Дөрөв дэх өдрийн үд хавьд юмсан . Бэлд явсан хүн маань дууддаг юм байна . Миний бие дээрээсээ хоёр дугаарт явсан боловч хамгийн түрүүлээд дэргэд нь хүрчихжээ . Унасан морь минь цастай өндрийн уруу мөсөн дээр алдуурсан чарга шиг шуугин буужээ . Боож багласан ултай савхин гутлын мөрийг үзээд зүрх минь амаар гарчих шахав . Амьд яваа юм байна гэж баярлан бодтол хажуугаар нь бас , авай бор туулай минь хавраа хүлээж чадсангүй дээ гэсэн өөр нэгэн бодол цээжинд төрөн нармайн угаар шархираад ирлээ . Мөрийг ажиглавал тун удаагүй , үүрээр гарсан болов уу гэмээр , уулнаас буугаад тал руу одсон байв . Эрчүүд бүр гайхаж цоччихсон зогсох бөгөөд нүүрэн дээр нь хүнд аливаа барианы өмнө тохиолддог айдас , баяр хосолсон харагдана . Давхиагаар гартал морьд маань мөчийн дотор нэл цагаан цан болж , мөс шаргиж эхэллээ . Өвөл байтугай , зун ингэж давхидаггүй юм чинь . Хожмын хов яриаг бодоход зарим нь намайг алах хүчирхийлэх дуртайдаа л ингэж явна гэж санасан юм байлгүй . Мөр цагаанголыг гаталж , Хара-Хоовыг давж , Оруктуг руу орлоо . Оруктугаас эхэлж хатируулах , заримдаа бүр шогшуулахаас цаашгүй болсон маань нэгд зам муудаж , хоёрт морь эцсэнийх билээ . Баянак юунд энэ холын замд гарах болов ? гэж бодоод бодоод олохгүй явлаа . Хүйтнээс болоогүй нь лавтай , учир нь Хойд нуруу шиг нөмөртэй газрыг хаанаас ч эс олох билээ . Хоол унд нь дуусчихлаа гэж бодоход айл , амьтантай газар бараадмаар , Гэтэл явсан мөрий нь харахад аль л зэлүүд газрыг тэмүүлсээр бүр зуслан руу одсон байх юм . Одоо тэнд отрын адуучдаас өөр хэн ч байхгүй байгаа . Гэнэт учры нь олох шиг боллоо . Биднийг харчихжээ . Тэнгэр өдрөөс өдөрт хөхрөн , агаар улам ч тунгалаг болж байсан тул энэ дун цагаан цасан дээр зургаан морьтон гэдэг чинь хоногийн  газраас харагдалгүй хаа зайлах билээ . Урьд өдөр биднийг хараад шөнө болмогц тал дундуур гараад зугтжээ . Миний таамаглал үнэн бол тэр нь ядарсан арга байлаа . Цаашилбал мөр гэнэт Хара – Адырын чигт өгсүүр өөд хөтөллөө . Хара-Адырын орой , хажуу нь шаазан шиг мөлийн цавцайх бөгөөд тэнд хүний урамд бүртийх ч мөр гараагүй нь тээр үдийн газраас ив , илхэн , хавцал нь харин тарлантан харагдах нь тэнд адуу бэлчсэнийг илтгэнэ . Мөр яван явсаар хавцал хүрээд алга бочихлоо . Учир нь адууны хөлд дагтаршин , нойтон хомоолтой барьцалдан хөлдсөн цасан дээр нэг байтугай хэдэн арван хүн ч мөрөө үлдээлгүй явж болох ажээ . Тэгээд ч Баянак ийшээ ирсэн биз . Гэтэл адуу бэлчиж өнгөрсөн мөр түүний замд тийм санаснаар нь элбэг тааралдаж өгсөнгүй , ганц олдохдоо очиж очиж эргээд гарах замгүй ханан хавцал руу хөтлөөд оруулчихдаг байна . Хөөрхий минь , Урьд өмнө Хара –Адырт ирж үзээгүй байснаас зайлахгүй даг . Хавцлаар өгсөх тутам улам уйтрав . Хоёр мөсөн хананы сунгасан хадаг шиг нарийн хөх тэнгэр тэртээ өндөрт зурайна . Адуу харин байсангүй ,мөр сэлтийг харахад тун саяхан явсан нь илт . Өнөөх чинь , Баянак хэн түрүүлээд олж харсныг мэдэхгүй , тушаал өгөөгүй байхад нэгэн дуугаар нирхийтэл хашгирсныг бодоход бүгдээрээ зэрэг л харсан болов уу . Баянак харин эргэж харсан ч үгүй , хэд сүрхий харайгаад нэг өнчин хадны цаагуур орчихлоо . Нөхдийн царайг харвал зэвхийж барайчихсан , дуугарах тэнхэлтэй хүн ч үгүй бололтой . Доёбуу л харин элгэнд юм өвдлөө гэж гиншин ард хоцров . Хавцал шувтарч , тэнгэр хааж дээрээс өнгийсөн эгц халил өөдөөс тулаад ирлээ . Цасан дотроос энд тэнд хадны шовх үзүүр харлан цухуйна . Баянак зогссонгүй , хөлдүү цасан дээгүүр дарвөн хөллөсөөр авирч гарлаа . Байн байн хальтран элгээрээ унаад доошоо гулсавч маажиж савардсаар тогтож авмагцаа ахиад л дөрвөн хөллөн урагшаа мөлхөнө . Хойноос нь алив чи болиоч. Хийсч үхэх нь байна гэж хэдэнтээ хашгирч үзсэн боловч өнөөх чинь дуулсан ч шинжгүй зууралдан авирсаар байлаа . Аргаа барахдаа замы нь тосуулан гал нээлгэлээ . Буун дуу уйтан хавцалд чих дөжрөм нижигнэж , эмтэрсэн цас , бутарсан мөс дээрээс нүүр нүдгүй урсав . Баянак цасанд наалдан хэвтсэн боловч буун дуу зогсмогц аанаа л авирсаар , би гэдэг хүн “Болно Баянак ,, буугаад ир Чиний амийг бид хуулийн өмнө даана гэж ч хүртэл хашгирч үзлээ . Юу гэснээ ухаарах тэнхэл тэрхэн үед өөрт байгаагүй юм байх . Өнөөхийн чинь харж зогсоно гэдэг сэтгэлийн там байлаа . Өчүүхэн л эндэх юм бол , зуурсан мөснөөсөө хавх үсэрч , ямар ч бурхан , ямар ч доктор ирээд нэмэргүй юм болох байсан бизээ . Тэг тэгсээр нэгэн цагт арай гэж цаснаас цухуйсан мөнөөх шовх хаднуудын нэгнийх нь араар орлоо . Хавцлыг хэдийнээ сүүдэр авчихсан үе билээ . Салхи намдаж үдэш болов . Морь хүнгүй дагжин чичирнэ . Гал гаргаж үзэх санаатай , түлээ түүе гэтэл хөлдүү хомоолоос өөр нүдэнд харагдах зүйл гэж үгүй тэр нь ядахдаа цасанд тас шигдчихсэн тул авсаар автана гэж үгүй аж . Гурван хүнийг түлэх юманд явууллаа . Гэтэл энэ үед Баянак нууцан дороо ажиллаж гарах нь тэр . Мөс ховхолж , хад нүдэх дуулдана . Осгочихгүйг хичээж л ингэж байна даа гэж би бодлоо . Түлээнд явуулсан нөгөө гурав маань бүр харанхуй шөнө болсон хойно сая л буцаж ирлээ . Адуучны хошийн буурин дээрээс ганц гадас олжээ . Өнөөхий чинь цуулж гал гаргалаа . Хөлдүү хомоол гэсч , эврэх хүртэл хэдэн ч цаг өнгөрсөн юм дээ, нэг хүн хормой хотоороо үргэлж дэвж байхын учиртайг хэлэх үү . Бүгдээрээ л ээлжилж дэвлээ . Яасан ч хүйтэн , яасан ч урт байсан юм тэр шөнө . Морьдоо чөдөрлөх байтугай , сул ч зогсоохын аргагүй ,  байс байсхийгээд л нааш цаашхөтөлж , туусаар үүр цайлгав . Тэгээгүй бол зогсоогоор чулуу төмөр болчихоод нэг л мэдэхэд түсхийтэл унаад ирэх байсан биз . Тогоотой цас нэгэн цагт хайлж , дараа нь бас буцалсан юм байх , хөлдүү махыг хальс шиг нимгэн цавчиж чанав . Хээрийн галын дэргэд урамтай байдаг билээ . Тэр шөнө тиймгүй байлаа . Бүгд л чимээ чагнан , дор дороо бодол болчихсон , хааяа нэг дуугаравч хүчилсэн нь илт . Хавцал дотор тас харанхуй , хавцлын дээгүүр харин тэнгэрийн одноос оройн цасанд тусч ойсон туяа урд өдрөөс гээгдэж хоцорсон зурвас гэгээ адил бүгээрнэ . Гэтэл энэ нь сэтгэлийг бүр ч давчдуулна . Сар гарч өгөхгүй л байв . Баянак ажилласаар л . Хумс нь элэгдэж , сарвууныхаа ясыг гартал чулуу шороо ухан , газрын гүнрүү амь зулбагч тарвага сэтгэлд бодогдоод бие зарайн , хуйх татваганана  . Хоол арай гэж нэг юм буцлав бололтой . Тогоогоо гал дээрээс авсан ч үгүй , шөлөн дотроос улаан гараараа самардан авахад халууныг өчүүхэн ч мэдэрнэ . Хэн нэг нь “мах идэх үү Баянак ,, гэж дуудлаа . Гайхалтай нь Баянак хад нүдэхээ больчихов . Түрүүчийн эр “Идмээр бол чи л наашаа жаахан дөхөхөөс биш , бид нарын дунд наана чинь хүртэл шидэх тийм чадалтан алга шүү ,, гэсэнд харанхуйн дундаас ийм хариу дуулддаг байна . “Өглөө явахдаа наанаа үлдээчихээрэй ,, . Энэ үгэнд гуйсан өнгө илт байлаа . Гэтэл Доёбуу ингэж хашгирлаа . “Бид эндээс явахгүй Нөхөр Баянак танд нар гартал бодох хугацаа олгоё ,, Баянак , “Наад үгий чинь танд харин эргүүлж хэлмээр байна  би , нөхөр эцэг . Ургах нарнаар та нарыг энэ хавцлаас тонилгоно гэдгээ андгайлъя. Наргианаар хэлсэн үг ийнхүү дайсагналаар дууссанд сэтгэл гонсойх мэт бид дуугаа хураан сууцгаав . Баянак харин бүр түрүүчийнхээсээ эрчтэй ажиллах шиг болох нь дэмий алдсан хэдэн хормоо нөхөж авах гэж бодсон мэт ээ . Мах шөл бээрсэн биднийг бүлээцүүлж эс дөнгөв . Гэгээ ороход харвал Баянак хадны шовх үзүүрийг нэлд нь эмтэлсэн байв . Гарсан чулууг нумруулан өржээ.Хажууд нь бас асар том мөсөн овоо үзэгдэнэ . Юунд ингэсний нь учрыг бид ойлгосонгүй . Дотроо яахаа зөвлөлдөв . Нэг хэсгээ эндээ үлдээн , нөгөө хэсэг нь буцаж яваад сумын төвд очиж хэл өгөөд , дулаан хувцас , хоол унд , түлээ түлш , майхан юм уу хош авчиръя гэсэн саналыг Доёбуу гаргав . Гэтэл хамгийн залуу маань үүнийг эсэргүүцэж , тэгж цаг алдахын оронд шууд л араас нь авиръя , хэрэгцээ тохиолдвол хойно үлдэгсэд галаараа хамгаална биз гэлээ . Санал хуваагдаж , миний шийдийг хүлээж байв . Баянакийг эсэргүүцэхгүй гэж яг баттай эс итгэвч , төрүүлсэн эцгээ ч юм уу нутгийнхаа хэн нэгэн хүний амь насанд халтай юм хийчихнэ гэж даанч бодож эс чадан эргэлзэн зогсч байлаа . Гэтэл Баянак , “За , болзсон нар маань ч цухуйгаад ирлээ . Одоо би арав хүртэл тоолно шүү,, гэж хашгирснаа шууд л “нэг, хоёр ...,, гэж тоолж гарлаа . Түүнийг ингэлээ гэж айгаагүйгээр үл барам , “хөөрхий минь бүр тартагтаа тулахдаа сүрдүүлээд нэг үзэхээр эцсийн ядарсан аргаа хэрэглэв дээ ,, гэж өрөвдөн , харангадах гэж байгаагаас зайлахгүй даг гэж бодтол захиад байсан мах нь санаанд орж дээшээ харвал тэнгэр даан чалсад цэлийн байлаа . “Долоо, найм , ес-арав,, Нумруулан өрсөн хад захаасаа ганхасхийх шиг болсноо сууринаасаа салан дээрээс харваад ирэх нь тэр . Яах гээд байсных нь учрыг одоо сая л ойлгохдоо , уур манасхийн шатаж , тэр мөртлөө ийнхүү байдгаараа ориллоо . Хөөш чи галзуурав уу , Баянак амьтан алах нь байна , болиоч ...,, Өнөөх хад гэнэт нөмрөн ирсэн аюулын өмнө ухаан алдчихаад орлилдон , янцгаалдсаар аль л толгой хандсан зүгт зугтаж яваа хүн , адгуусын гол дунд лүгхийн буугаад цаашаа оын одохдоо замдаа хичнээн ч юм олон чулууг ховх татан агаарт цацлах дараа дараагийн агшинд орой дээрх тэнгэр нурж , улан доорхи газар цөмөрч байна уу даа гэж санагдахаар нүргээн дуулдав . “Галлаад ,, гэсэн миний тушаалаар энд тэндээс хэд хэд буудах сонсогдсон боловч ар араасаа шуугин ирэх хад , мөсний дороос амиа авч гарах нь аргагүй л хэн хүнд тулгарсан үүрэг тул төдөлгүй бүгдээрээ зугтаав . Би уурандаа уйлчихсан харайлгаж явахдаа олон дахин унаж , тэр тоолонгоор , одоо ч үхлээ дээ гэж бодож амжиж байлаа . Тогоон чинээ чулуунд нэг морь цохиулж намсхийн унахад хавийн цас нь улсхийх шиг болохыг л лавтай харлаа . Баянакт миний гомдож , уурласан гэж жигтэйхэн , хүслээр болдогсон бол тун даруйхан барьж аваад амин голы нь тасалмаар санагдана . Гэтэл яг тэрхэн үедээ бүр арчаагүйдээ тулчихаад зугтаж явлаа . Миний урд эрчүүл ,тэдний урд алдууран давхисан морьд ... Том , бага чулуу , мөс араас дараа дараагаар гүйцэн ирэх тул уул хавцал тэр чигээрээ нуран урсаад ирж байх шиг . Хавцлын аманд хүрч хажуу тийшээ гараад сая л зогсов . Хөгшин залуугүй бүгд унан тусан ханиалгаж , зарим нь бөөлжицгөөнө . Дуугарах тэнхэл байсангүй . Эцэст нэг нь , “Ингэж хөглөх гэж дээ ,, гэж зовонгүй дуугарлаа . Хүн бүр л амьд мэнд үлдсэндээ гайхан баярлаж , ганц морь гарзадсаныг юман чинээ санахгүй байгаа бололтой байв . Харин миний уур шар улам улам зангиран буцалж , “Мориндоо ,, гэж зарлан тушаалаа. “Мордоод хаачих гэж ,, хэмээн гайхзанасан дуу гарсанд би газар дэвслэн , “Хаачмаар байна ? харьж авгайтайгаа нялуурмаар байгаа , биз , тийм үү ? , гэж хашгирлаа . Ахин дуугарах хүн гарсангүй . Явгарсан Борва гэдэг бяцхан чөтгөр , цагтаа зартай анчин явсан өвгөн нэгэнтэй нь сундлав . Ахиад л хавцлын жимээр ороод хэсэг явж байтал Доёбуу , Миний хэлснээр болбол яасан юм бэ , даргаа ? Хоол хувцсаа базааж аваад энэ л хавцлын аманд отоод суугаад байхад өлөн нүцгэн  Баянак гараа өргөсөөр өөрөө л хүрээд ирэх нь зүй биш үү ? гэв . Бусдуул нь дуугарахгүй байхыг бодоход түүнтэй санал нийлж байх бололтой . “Би л араас нь авиръя . Ахиад хад нураах бий гэж айж байгаа хүмүүс байвал мориноосоо буулгүй зугтахад бэлэн байж байхгүй юу даа ,, гэж би хорон үгээр хариуллаа . Таг дуугүй явцгаалаа . Доёбуу хэдийгээр гэдэс гүзээ өвдлөө гэж юм хэлээгүй боловч , хамгийн сүүлд явж байв . Алаглсан морины дэргэдүүр өнгөрөхөд ч дуугарах хүн гарсангүй . Цасан дээгүүр урссан цус хөлдчихсөн байв . Баянак нөөцтэй үлдсэн бол яахав ? гэсэн бодол төрөн , түүнд хариу олоогүй явтал нууц нь харагдаад ирэв . Өнөөх өрсөн чулуу , овоолсон мөснөөс юу ч үлдсэнгүй , харагдахаас цасан дотор орсон том ангархай хар нүх л байв . “Ай юу ч үлдээгүй байна ,, гэж хэн нэг нь баярлан хэлэв . Ингэж хэлээд дөнгөж дуустал тавхан алхмын цаана Баянак гар буу барьсан зогсч байхыг олж харлаа . Давхийн зогтусав . Чи бид хоёр ингээд өнгөрдөг байжээ хүү минь гэж бодлоо . Уур шар гэнэт алга болсон байлаа . Юм бүхэн нь зэрлэг , эршүүд байдлыг илтгэнэ . Царай нь цонхийж , нүүрнийх нь хэв маяг улам ч тодроод , гялалзсан өтгөн хар үс өргөн мөрий нь бүрхэн унжина . Гутлы нь харвал улаараа ангайн салсны нь сураар хүлж торгоосон , дээлий нь харвал хир толбон дээр далан долоон нөхөөс болсон , бүсэнд нь ганц бор ятуу хавчуулаастай байна . “Эмээл дээрээ хөдлөлгүй чагнаж байцгаа,, гэснээ гар буугаа бидний өөдөөс чиглүүлж “Би одоо гурав хүртэл тоолно . Тэр хооронд нь та нар зүүн гараа жолооноос салгалгүй байж буугаа хаяарай . Арга мэх хэрэглэх гэвэл харин дэмий шүү . За , нээг ,, гэх нь тэр . Нөхдийг харвал эмээл дээрээ хөшчихсөн юм шиг харагдана.”Хоо-ёр ,, Доёбуу түрүүлж , бусад нь дагаад буугаа мөрнөөсөө мулталж газар хаяв . Би ч хоцорсонгүй . “За одоо сумтай дайзаа аль ,, гэв . Хүссэнийг нь дор нь бивлүүлэв . Буутай гараа доош буулгаж за одоо жаахан ухраад зогсчих гэснээ хүрч ирээд буу дайзыг цуглуулж нэг дор овоолж хаяхдаа хамаг сумы нь хаман авч хоёр дайзанд дүүртэл чихээд урд , ардаа зөрүүлэн бүслэв . Тэгснээ овоолоостой буунаас нэгийг гох төмөр дээрээс нь шүүрч авангаа алсаас далайн өмнөх хадруугаа буулгахад бууны хуй зомгол болон хэдэн хэсэгт бут үсрэв . Энэ бол галзуурсных биш ,өлссөнийх . Хэлэн дээрээ юм тавилгүй гурав хонов . Та нар намайг гөрөөс үзсэн чононоос дор үзсэн шүү . Шөнөжин мах чанаж , бас мах идэх үү гэж асуусан болохлоор та нарыг би өмх мах үлдээчихсэн байх болов уу гэж горьдсоныг минь яана . Ямар сайндаа л нударгын чинээ энэ шувуу руу баавгай руу шагайхдаа лавлаагүйгээрээ лавлаж шагаахав дээ . Тэгээд газарт унахаас нь өмнө шүүрч аваад балга хүрэхгүй халуун цусы нь сорчихоод дотор онгойх шиг болсон шүү . Та нарыг хүрч ирээгүй бол түүхий чигээр нь идэх байсан байх . Ингэж хэлээд бутарсан зомголыг түүж , хороолон тавиад , сумны толгойг шүдээрээ булга татан дор нь дарий нь асгаад шүдэнз зураад шидтэл дүрсхийн асав . Тэгээд өдий нь эгшний дотор зулгааж хаяад ятуугаа шарж эхлэв . Баянак энэ үед бидэн рүү ер харахгүй , гагцхүү ажилдаа улайран суух бөгөөд хэрэв хэн нэг нь түүнд сэмхэн ойртон очсон бол анзаарахгүй байсан нь илэрхий . Даанч тэгэх хүн гарсангүй , түрүүчийн айдас өнгөрөөд , хожим хуулиас айх нь сэтгэлд хараахан сэрээгүй , одоохондоо гайхалд автчихсан бүлтийтэл ширтээд л байцгааж байсан хэрэг . Ятууг хуйхлах , идэх ч гэж дээ ёстой хормын л хэрэг боллоо . Дүрэлзсэн дөлөн дотор улаан гараараа хэдэнтээ урвуулан барих шиг болсноо атийсан хэрсэн шиг өчүүхэн хар юмыг хоёр алган дээрээ сэлгэн бөмбөрүүлснээ тас тас татаад амандаа хийн , зажилсан эсэх нь мэдэгдээгүй байтал ясы нь тургичихав . Ийнхүү хооллосон шүү болчихоод , сая л бидэн рүү  биш , амьд явахын хүслэнгээс ингэв . Ядрахдаа хулгай ч хийж үзэв , хүн ч алах шахав . Тиймээ осгоод үхчихгүйн тулд энэ хуучин хөдсөн дээлийг хулгайлсан юм хожим эзэн нь болсон хөөрхий хөгшний босгоор хоёр үнэгний арьс д юугаар  ч сольшгүй эрдэнэ юм . Тэгэвч өрөө нимгэлэхээр өнөө айлдаа ахиж  очихын цагт эргээд л нэг юмы нь хулгайлж хэвтэж ч магадгүй . Хүн ийм л болдог юм байна . Юунд бусдын араар сундалхад хүрэв , буурал ах Борва минь . Эмээлт морийг чинь хулжаав уу , би бэртээв үү , эсвэл бүр алав уу ? Хэнийх нь бууг бас сүйтгэв , тэр хүнээс өршөөл гуйя. Үмх халуун махны үнэ цэнийг та нар даан ч мэдэхгүй . Дээр нь одоо бас нэг бууг хамаг сумтай нь авах боллоо . Амьд явах л гэснийх .Аав минь , ах дүү нар минь бүгдээрээ уучлаарай . Амьдрах хоногийнхоо тоогоор өртөн чинь явъя . Хүчээ нэмэрлэхийн оронд үймээн тарин төвөг учруулж байгааг минь нутаг усныхан минт уучлаасай . Хулжиж нуугдавч хатуу хөтүүгийн нугалалцаж явааг мэдээсэй . Явсан замынхаа чулууг нь боловч түүж , хоносон агуйныхаа хогийг боловч цэвэрлэж , хашаа хороо нь нураа бол сэлбэж , худаг ус ширгээ бол ухаж , сүрэг малыг нь алсаас хариулж , хүн зоны нь холоос хайрлаж явдаг минь үнэн билээ . Ингэж хэлээд уйлчихлаа , хөөрхий минь . Би ч бас уйлж ,тэгэхдээ ямар ч гэсэн амьд явахыг хүссэн энэ сайхан залуу бол миний хүү юм шүү дээ гэж бахдан бодож дотроо түүнд урт наслахыг ерөөж байв . Сайхан ч өглөө байлаа . Хадган цэнхэр тэнгэрт ассан нарны бүлээн амьсгалыг бт өвлийн жавар дундаас цацраг цацрагаар мэдрэх шиг болох нь хавар заавал болохын баталгаа мэт ээ . Баянак олвоолоостой буун дотроос харж харж нэгийг авч үүрээд хэлсэн нь ,Одоо намайг сум л гүйцнэ . Тэгэхдээ тэр сум чухам энэ л буунуудын нэгнээс гарч магадгүй . Гэхдээ та нар тэднийгээ ав л лаа . Тэгээд буунуудыг хоосон дайзтай цуг авчирч , бүр гар гарт маань бариулж өглөө . Хэмхэлсэн буу Доёбууд таарав . Таяг болсон нүцгэн төмрийг тонгойж авахдаа гар нь салгалж байсан санагдана . Сүр сар хочтой Дакагийн буу дутуу . Хожим ч авсан л даа биднийг далд орон ортол Баянак хөшөө мэт зогссоор байлаа . Аа тийм яг далд орохын үед Уучлаарай , аав минь , ах дүү нар минь . Надад буцах зам алга гэж хашгирсан шүү . Дуу нь тасалдсан , үгээ арай гэж хэлж байх шиг санагдсан . Тэгэхэд нь Борва гуаый “Хөөрхий хүү өнгөрсөн  шүү ,, гэж шүүрс алдахад Доёбуу  “Бид ч гэсэн өнгөрсөөн ,, гэж галсан хэлж байлаа . Өөр юу ярилцсаныг санахгүй байна . Сумын төвд шөнө дундаас хойш ирэв . Өглөө нь эмнэлэгт хэвтлээ . Уушгины хатгалгаа туссан юм байх . Тав зургаа хоног ухаангүй дэмийрчээ . Сүүлд дуулахад , өдөр шөнөгүй Баянакийг дуудаж , тэгэхдээ бүр төрсөн ганц үр минь гэж байсан гэнэ . Хатгалгаа ч яахав яваандаа намдав , гэтэл хажуугаар нь бас зүрх болохоо байжээ . Эмчийн хэлэх нь юу ч бодохгүй байхыг хичээ гэнэ . Уг нь бодол санааг хорих эм гээчийг гаргавал зүгээр л юмсан . Дуусашгүй жигтэй өвөл боллоо . Тэр цагийн эмнэлэг гэдэг нь найман ор багтдаг ганц өрөө . Ажилчид нь гэвэл бага эмч , сувилагч хоёулхнаа . Хүмүүс ч гэсэн эмнэлгийг нэг их хайхардаггүй байж . Бүр үхлүүт өвчтэй хүн л хэвтдэг байсан юм чинь дээ . Тэдний чинь хаашаа харах нь цөөхөн хоногт л шийдэгдэнэ . Над шиг л үхэж ч , сэхэж ч болдоггүй амьтан байсангүй . Нэг жаал хүү л их удсан . Сүүлдээ ч дийлдээгүй юм . Нэг насаараа цуг байснаас өөрцгүй дасчих юм билээ . Бие нь ер засрал авалгүй улам муудсаар цас бударсан нэгэн өглөөгүүр өнгөрч билээ , халаг минь . Урьд шөнө нь уг нь сайхан унтаж хоносныг нь яана . Сэрэнгүүт цонхоор цас орж байгааг харчихаад гунхирч дуугүй болсон юм . Дахиад унтчихлаа л гэж бодлоо . Гэтэл тэгэхэд л өнгөрчихсөнийг нь үдийн үед мэдэцгээв . Өвчтөнгүүд эцэг эх , ах дүү , гэр орон , мал харынхаа тухай сураглан сураглан хойноо санаа зовж , эдгэрч гарах үе нь дөхөөд ирэхэд нойр алдан хөлсч хөөрнө . Ганцхан би л сураглах ч юмгүй , баярлах ч юмгүй хэвтэнэ. Хамгийн хэцүү нь сэтгэлийнхээ зовлонг хүнтэй хуваалцах арга алга . Тэр ч байтугай , өвчтөнгүүдэд надаас нууж ярилцдаг зүйл байсныг нэгэн удаа гадаа явж байгаад орж ирэхдээ мэдэж авав . Түүнээс хойш шинэ соргог мэдээ дуулахсан гэхдээ унтсан хүн болж хэдэн цагаар хөндий хурхиран хэвтдэг боллоо . Биднийг хөглөн буцаж ирсний нөгөөдөр нь аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн төлөөлөгчөөр удирдуулсан шинэ улс гараад хил хязгаар хүртэлх хамаг л уул хадыг арван хэд хоног самнаад ямар ч ул мөр ололгүй буужээ . Сумын удирдлагаас намайг хааяа эргэж ирдэг байв . Хүмүүс надтай урьдынх шигээ , нөхөр намын үүрийн дарга юм уу , аль эсвэл нөхөр дарга гэхийн оронд Жанибек гуай гэж ярьдаг болсныг анзаарлаа . Үүнд би гомдсон ч үгүй , зүгээр л бяцхан гайхаж байв. Сумын дарга ч эргэж ирээд намайг хүлээсэн ажил ч бишгүй л байгаа юм ярив . Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарав . Эмч уг нь 3 хоногийн чөлөө өгсөн юм.Гэтэл муу оромжиндоо арай гэж ганц хонож аваад маргааш нь ажилдаа орлоо.Үдээс хойш аймгийн төлөөлөгч оролцсон хурал болж миний тухай авч хэлэлцэв.Бас Баянакт зэр зэвсгээ алдсан явдлыг миний санаатайгаар зохиүн байгуулсан ажил гэж Доёбуу мэдүүлэг өгчээ.Би юу ч үлдээлгүй бүгдийг ярилаа.Баянакийн шөнө дөл гэрт минь ирснийг хүртэл нуусангүй.Харин Доёбуугийн гүтгэлгийг няцаав.Хурлын ид дундуур Зэвхий Гасын нүд орой дээрээ гарчихсан давхин орж ирээд цаана чинь Баянак,Хара хоовд Довай эмгэнийд хонож байна гэлээ.Хурал завсарлах нь тэр.Сумын дарга намайг сүрхий анхааралтай харснаа,нөхөр Жанибек танай хүн намыг нэг удаа хуурсан байна.нөгөө нөхдөө санаатайгаар аюупд оруулсан гэдэг үгийн үнэн худлыг хожим шалгаж олох болно.Харин одоо бид танд эндэгдэлээ засах боломж өгч байна.Ахиад л таны удирдлагаар явуулна.Ингэх нь хэн хэндээ ашигтай юм.Яагаад гэвэл Баянакийг амьд барих хэрэгтэй байна.Үүнийг та л чадна.Тэгэхдээ өөрийнхөө болон нөхдийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байвал зохино гэлээ.Зэр зэвсэгтэн дорхиноо цугларав.Урьдын хүмүүсээс Борва хөгшин л алга.Аймгийн төлөөлөгч,сумын дарга хоёр цуг явахаар болов.Хара хоовд үүрийн харанхуйгаар хүрэв.Эрч нь харьсан жавар дундаас нялх ногоо халуун бууцны үнэр хамар дэлсэнэ.Үзүүрийн цаана морио орхиж явгалан явсаар хотын бараа харагдах газар хүрч ирэв.Гэр хотгүй унтаж байв.Нохой үгүй бололтой.Хашааны зүүн өнцөгт том хар мануухай навсайн зогсоно.хүн болгонд байры нь зааж өгөв.Бурай зуухан доторх овгор шорооны,Доёбуу мануухайн,Пагвы,Дака хоёр тэр баруун хадны ард нуугдав.Аймгийн төлөөлөгч,сумын дарга хоёртой би энэ урд хадны ангалд орж суулаа.Гэр хөлийн дор,хүн байтугай хулгана ч хаалгаар нь бултасхийвэл алдахын аргагүй ойрхон байв.Сумтай буу өвөр дээрээ тавьчихсан дуугүй сууцгаалаа.Юу болох гэж байгааг даан ч төсөөлсөн шинжгүй,дөлгөөн гэрэлтэгч сүүлчийн одод,амгалан нойрсогч гэрийг харан хувь заяандаа гомдон суув.Довай эмгэнийг бол зүгээр л нэг таньдаг байлаа.Арав гаруй жилийн өмнө бэлэвсэрсэн тэр цагаас хойш ганц охин Гумайтайгаа айл амьтнаас зайдуу ганц гэрээрээ явсаар байгаад зожиг нэр авсан хүн.Охин нь царай зүс,нуруу туруугаар бол хэнийг ч урдаа оруулахааргүй мөртөө ааш зан гэж Довай л гэсэн үг.Олон ч харчуул тэднийхээр эргэлдэж,эх охин хоёрт зэрэг хөөгдөн их ч хөгтэй юм болдог байсан.Оргодлыг бол харин гэртээ оруулж дээ гэж бодоход амьдрал гэж даанч ээдрээтэй.Гэгээ орж,хонь ямаа майлалдан,болжмор жиргэж дэлхий сэргэв.Гэрийн эсгий үүдийг сэвхийтэл хаян үүрийн шар туяан дор Гума гарч ирлээ.Бие засахаар явах замдаа байн байн зогсч зүг зүгрүү харуулдахдаа өнгөрөгч шөнийн сүүлчийн бүрэнхий орогносоор байсан хадны ангалд шигдэн суусан биднийг олж харсангүй.Буцаж ирж өрхөө татаад оров.Гэрт гэрэл асч,өрхөөр утаа гарч,тогоо шанага харших дуулдав.Тэгтэл эсгий үүд ахин сэвхийтэл өгөгдөн Баянак гарч ирлээ.Хөндий өгсөн ирэх замруу саравчлан харна.Дэргэдэх нөхөд минь давхийн хөдөлж намайг харцгаав.Баянакийг эргэж харахаас өмнө амжиж хөдлөх хэрэгтэй байлаа.Буугаа сугавчилсаар аяархан доош буув.Хоорондын зай маань арваад алхмаас хэтрэхээргүй харагдана.Эсэргүүцэлгүйгээр буулгаж авна гэдэгт итгэснээс нэг их цочоохгүйг хичээн бүсэлчихээд байна.Бууж өгдөө Баянак гэж огцом ч гэсэн дэндүү чанга биш хэллээ.Өнөөх чинь бүр цочихгүйн муухайгаар цочив бололтой,үнэгэн малгайгаа толгойноосоо мулт шидэгдтэл огцом эргэв.Тэгээд яасан гэж санана,гайхлыг чинь өврөө уудалдаг байгаа.Би өөдөөс нь буу чиглүүлж гараа өргө буудлаа шүү гэж хашгирлаа.Гэтэл юун гараа өргөх юун бууж өгөх үзэлцэхийн хүслэн болсон омогтой залуу азарга шиг намирсан хар үсээ арагшаа шидэн гар буугаа суга татан гаргаж ирээд юу юугүй өөдөөс шагайх нь тэр  шүү шаар чинь.Надад хүлээх эрх байсангүй,эгшин бүрт хүний амь сүйдэж мэдэх болов.Яая гэхэв дарж орхилоо.Ингэнэ гэдгийг мэдэж байсан хэрнээ бие агзас хийн цочжээ.Жанибек бахардан сууна.Дүлий цагаан тэнгэрээс том ширхэгтэй цас нүүр нүдгүй асгарна.Гал асч дуусаад гагцхүү нурамны захад дутуу шатан үлдсэн ганц хоёр аргалаас үзэгдэхийн төдий утаа савсана.Зовлонтой нам гүм байлаа.Гэтэл босч очоод аргал авчирч галыг сэргээчих зориг надад байсангүй.Унтарсан нурмыг өтөл нөхөр минь хув хуурай нүдээр гөлрөн сууна.Ургаа мод унагааж үзсэн үү? Яаж гэнэт тэнцвэр алдан, яаж очоод унахыг нь  яаж дуугарахыг нь ой хэрхэн нүргэлж араас нь ямаршуу нам гүм болдгийг нь анзаарч харсан уу?Буун дуу хол ойрын хаданд цуурайтах нь том жижиг олон буугаар хэд дараалан буудах шиг дуулдав.Баянак эгээл мөчир шилмүүс нь гүйцсэн лут өндөр хар мод шиг унасан юм.Алтайн хүрэн улаан буг шиг цусан дотроо хэвтэж байв.Гэрээс гүйн гарч ирсэн Гумай часхийтэл дуу алдсанаа дороо ухаан алдан ойчжээ.Араас нь гарч ирсэн эмгэн охинтойгоо зууралдах зуур хараал урсгана.Нуувчнаасаа гүйлдсээр хүрч ирсэн эрчүүд Баянакийг тойрон амьсгаадсаар зогсоцгооно.Газар тэс хөлдүү байв.Ухах багж маань гэвэл ганц муу хүрз,зөндөө удаан ноцолдож байж бяцхан хонхор гаргахшуу болов.Суган доогуур нь тэврээд өргөтөл цусны үнэр авч дотор муухайрахад толгойг нь цээжиндээ наагаад нүдээ анив.Дээл гутлыг нь тайлсан ч үгүй үнэгэн малгайгаар нүүрийг нь бүтээв.Шороо дутахад уулын хайрга хормойлон авчирч байсан санагдана.За тэгээд яасныг мэдэхгүй юм.Эмнэлэгт ухаан орлоо.Тэмээгээр ачиж ирсэн гэнэ.Эх охин хоёрыг гэр малтай нь нүүлгэж ховд талруу авчирч л дээ үхэх нь л гэж бодож байлаа.Гэтэл ахиад л амьд үлдэж 13 дахь хоног дээрээ эмнэлгээс гарч ирлээ.Шууд ажил дээрээ очлоо.Завсарласан хурал үргэлжилж дорхноо дуусав.Хэрэг санасанчлан сайнаар дуусч өгөөгүйд харамслаа илэрхийлцгээнэ.Энэ удаад би үүргээ биелүүлжээ.Намайг хоршооны дарга болгохоор шийдээд байжээ.Би үгүй гэв.Энэ бол намын үүрийн даргаас огцрууллаа гэж гомдсоных биш.Өнгөрсөн сарууд намайг өөрчилжээ.Баянакийн үхэл бол миний хувьд оюун бие түүний эд эс болгоныг доргиосон цохилт байлаа.Хоршооны дарга хийе гэхэд нь за гэсэн бол би өдий хүртэл төрийн албанд зүтгэсэн болоод л явж байх байсан ч болов уу.Гэтэл яагаад заавал би хоршооны дарга болох гэж?Надаас залуу надаас мэдлэгтэй хүмүүс бишгүй л байна шүү дээ.Тэд хийг гэж бодсон хэрэг.Одоо бодоход зөв л шийджээ.Хараад явахад бараг л хүн бүрт ийм нэг гэм байна уу даа.Хэн боловч хорвоогийн жамаар өтөлж,хичнээн ч жил бай хийчихсэн ажилдаа яваандаа тэнцэхээ байх юм л даа.Гэтэл өөрөө үүнийгээ мэддэггүй юмуу аль эсвэл мэдлээ ч гэсэн мэдээгүй юм шиг явахыг боддог юм уу.Би эндээс чинь больё гэх нь үгүй юу ч атугай эрдэм чадлаар өөрөөсөө илүү залгамж үеийнхнийхээ замд саад болоод байх тэг тэгсээр нэг өдөр бүр болохоо байхад хүрэх юм.Ямар ч ажлыг өөрөөс нь илүү хийчих хүн байх л юм бол түүнд зам тавьж өгөөд өөрөө тэнцэх ажилаа л олж хийнэ биз.Тэр жил хаврын шувтаргаар айхтар зудархуу болов.5 сарын дундуур гэнэт их цас орж,араас нь хэд хоног цасан шуурга нүдэв.6 сар дундаа орчихоод байхад л сарыг Сигенд хүүш газраар цастай байсныг бод л доо.Бас малын өвчин гарч гарзтаы дуулдаж байв.Үүл,газар,хүмүүсийн царай нэг л биш харсаар байтал сэтгэлд шаналгаа төрүүлнэ.Заримдаа ингээд л энэ чигээрээ зун ирэхээ больчих юм биш биз гэж санагдана.Би гэдэг хүн өнөө л бахь байдгаараа,даржин зүдүү хэвээр,ядахдаа уналгын ганц морь ч олж аваагүй явжээ.Өнөө байгаа хэдэн морь,эмээл хазаар,буу,гэр надад өмч гэхээр юу байна,тэр бүгдийг хожмын ажлынхаа хөлсөөр л олж авсан хэрэг.Тэмээчин болов оо үүний учир нь дөнгөж байгуулагдсан нэгдлийн 5 тэмээг гардаж аваад хариулчих амьтан олдохгүй байж л дээ.За тэгээд тэмээ маллах нь ямар байв гэвэл дарга хийхээс л хэцүү санагдаж байсан үе бий.5 сарын 23нд тэмээгээ сарыг хөлөөс Боргасун руу туув.нэгдлээс морь майхан авсан юм.Ала Буд өнгөрөөд явж байтал Доёбуу оролцсон хэдэн хүнтэй тааралдав.Гумай гэрээсээ алга болоод 4 хонож байгаа,түүнийг эрж яваа гэнэ.Яагаад ч юм би Хара хоовоор дайраад өнгөрөе гэж бодлоо.Уг нь ч зам тойруу л даа.Цастай эл хуль оргиж байв.Тарваганаас өөр нүдэнд торох амьд амьтан гэж үгүй байтал нөгөө үйлтэй шөнө  бидний морио орхиод цаашаа явсан үзүүрийн тэнд ойртож явтал хүн,хүндээ аюулын цээл хоолойтой эмэгтэй хүн дуулаад байх шиг болов оо.Тэгтэл дууны үг нь хүртэл ялгараад ирэхийг сонсвол “Халил хад минь ангайгаад өгөөч,Хайрт ганцыгаа хадгаля өвөрт чинь,,гээд байх юм.Тэр сүсэг бишрэл гэдгийг чинь би мэддэггүй явсан юм.Одоо ч гэсэн мэдэхгүй.Тэгэвч нэг л бие зарайгаад явчихлаа.Өвөлжөөний захад тэмээгээ орхичихоод цасанд даруулсан хотын хаалгаар ороод иртэл бүр чихний хажууханд :Харийн газар зорьсондоо ч хүрлээ Хайрт ганцдаа очих минь л үлдлээ,, гэж дуулав.Тэгтэл Бугту-Гириш,Буга  Жарынтайгаа хадны ангалд байх шиг санагдахад лавлан харвал энгэр задгай,нөмгөн дээлтэй,үс нь сагсайсан Гумай сууж байх.Урд нь хэвтээ урт бор юм бол үхсэн Баянак болохоос эс зайлна.Би дуу алдаад эргэж давхих шахжээ.Үргэсэн тэмээ хоорондоо шахцалдан чихээ сэрийлгэн зогсоно.Бууж морио хаднаас уяад хөөрхий амьтны өөдөөс явлаа.Үнэгэн малгайг хуйлж өвөр дээрээ тавьчихсан,бүүвэйлэн дуулж алдаж байв.”Өнөө чи эрхийн чинээ байвч бүүвэй бүүвэй Өглөө босоход хаан болчихсон байна даа бүүвэй бүүвэй,, Урд нь хүрээд очсон чинь өөдөөс инээмсэглэн гар сунгаж  Хан алтайн эзэн цагаан өвгөн иржээ.Хайрт эцэг чинь одоохон ингээд сэхнэ үр минь гэж дуулснаа гэнэт дуугаа хураан царайгаа барайлгав.Нүүр рүү минь сүрхий хүйтнээр харж сууснаа гэнэт хуйлсан малгайн дотроос гонзгой хөх чулуу гаргаж ирээд алуурчин гэж ясанд нэвчин зэвүүн чанга орилонгоо өөдөөс минь гялсхийн үсрээд ирэх нь тэр.Нүднээс минь гал цахилах шиг болсноо толгой дүйрээд явчихлаа.Бариад авлаа.Гэтэл тэнцвэр алдаж дор хунгарласан цасан дотор очиж уналаа.Өнөөхийг чинь тавьсангүй дээрээс нь дарж ойчжээ.Бүсээ тайлж хоёр гарыг нь ард нь зөрүүлэн хүллээ.Их ноцолдсон доо хазуулсан ч маажуулсан ч.Тэр хооронд нүд амруу урсч байгаа цус ч гэж тоймоо алдав бололтой,хүлж аваад сая л шархаа боов.Дүүрээд явъя гэсэн чинь хүч хүрэх юм биш.Ядахдаа өшиглөж нулимахыг нь яана,орилж харааж,зүхэж байгаагий нь ч бүр юу гэхэв.Арга тасрадаа цулбуураараа хоёр суган доогуур нь оруулан оосорлож,өөрөө мордож аваад хөөрхий солиорсон амьтныг дөрөөвчлөөд явж үзсэн чинь болж байв.Морь номхных л доо.Зайлуул,хэсэг айхтар цааргалснаа номхорч,учиргүй уйлж гарав.Тамир тэнхээ нь барагдаж байгаа бололтой.Сүүлдээ хөл нь үзтэл бүр гишгэгдэхээ болив.Тэгэхээр нь эмээл дээр үүрч гаргаад дүүрч явав.Үе үе л бяцхан хөдлөхөөс биш тэрүүхэндээ цурхиран уйлах төдий томоотой явж байлаа.Нэг л удаа бугуйн дээрээсээ хазуулж цочихдоо түлхээд  бүр унагаад орхисноос хойш бүсний үзүүрээр атыг нь даруулан боож авлаа.Ахин тийм явдал гарсангүй.Шөнө дундын үед голын наад эрэг дээр байсан айлд хүрч хүн амьтан сэрээж цус нөжөө угаалган шарх сорвио боолголоо.Ядарсан амьтны хүлээсийг тайлж цай уулгалаа.Өглөө эртлэн би Хара хоов руу буцав.Гумайг салаар гаргаж эмнэлэгт хүргүүлэхээр тэнд үлдээв.Тэр өдөр салхитай урьд урьдынхаасаа хүйтэн зэврүүн байлаа.Тэмээ хот бараадан хоножээ.Газаг гэсэхийн оронд дээрээсээ улам ч нягтран хөлдсөн мэт.Чулуугаар нүдсээр байтал гарын арьсанд эрүүл газар ч үлдсэнгүй. Баянак чулуу болчихсон мэт хүнд байв.Хөөрхий бүсгүй яаж дааж тэр дээр гаргасныг бодоод бодоод олсонгүй.Газрын үнэр шингэж царай зүс нь ч эгээл хад чулуу шиг болсон байв.Хөлдүү нүхэнд нь оршуулж,хөлдүү шороо чулуугаар даруулж орхиод явлаа даа.Хавар зуныг Боргасунд өнгөрүүллээ.Наадмаас хойш хоногийн өмнө сая л анх удаагаа сум орноор орлоо.Хүнс дуусаад тэр л дээ.Шарх минь эдгэрч сорви үлдсэн байлаа.Царай ч гэж бусдын айдас хүргэм юм байсан байхаас зайлахгүй.Учир нь хүн амьтан нэг л өөдөөс минь эгцлэн харж чадахгүй замаас минь зайлж давхиад байсан шиг санагдана.Наадам үзье ч гэсэн буцаж ирлээ.Муу майхнаа хэдэн тэмээгээ хараад дотор бяцхан онгойх шиг болсон шүү.Тэгэхэд эхийн хэвлийд явсан чи одоо орон гүрэн хэссэн том эр болчихоод явааг бодоход цаг хугацаа гэж хөөрхий талийгаад өгчээ.25тай гэдэг чинь хөөрхий минь хүүтэй минь чацуу юм байна шүү.Гумай яасан бэ? Гэж бодож суугаа биздээ 47 оны хавар эмнэлгээс гэв гэнэт алга болсон гэдэг.Ахиад л их эрэл болсон,даан ч хүний урамд ул мөр гаралгүй өнгөрсөн юм байх.Эх нь тэрнээс өмнө өөд болсон,айл амьтантай ч байсан бүх юм ёсоороо болж өнгөрсөн.Хожим бас нэг ийм юм болсон.Нэг найран дээр сууж байтал,чи мэднэдээ,Шимэйэк гэдэг залуу лонхоор магнай руу минь дэлсчих нь тэр
- Яаж байгаа нь тэр вэ гэвэл Баянак Гумай хоёрыг төлөөлсөн 2 сорви байг л даа гэдэг юм байна.Хүмүүс намайг гомдол нэхэх гэсэн боловч би чимээгүй өнгөрсөн юм.Гэхдээ энэ бол миний л хувьд ноцтой хэрэг байсан юм шүү.Тэгээд ч чамд ярьж суугаа минь энэ.За даа чамд би Баянакийн түүхийг ярьж өгөх гэснээ өөрийнхөө амьдралын түүхийг ярьчихлаа.Нэгэнт ингэсэн болохлоор тэмээнийхээ тухай бас хэдэн үг нэмээд хэлчихье.Анх хүлээгээд авч байхад 30 хүрэхгүй байсан бол одоо 600 гарчихаад байна.Тал хөндийг бүрхэн бэлчих хүрэн улаан сүрэгээ харахад сэтгэл сэргэж магнай тэнийх шиг болно гээч.Нэгдлээ мянган тэмээтэй болгохсон гэдэг нэгэн үзүүрт бодол зүрхэндээ тээж явдаг юм даа.Гэхдээ энэ бол амьд явах хүслийн минь ганцхан учир нь биш ээ.Юу болохыг харах хүсэл гэж байна.Юу юуны өмнө энэ л өсч өндийсөн өтөлж өвгөрсөн үүрд орших нутаг минь яйж хувирахыг харахын хүслэн байна.Жанибек гуай хэлье гэснээ шавхан хэлж амрав бололтой босоод аргал түүхээр одов.Цас орсоор нам гүм морьд унтаж байв.Гал түлж үлдсэн аргалыг агуйн мухарт шовойтол овоолж орхив.Хэн ч ямар ч цагаар ирсэн аваад түлэхэд бэлэн байг.Тэгээд морьдоо сэрээж мордов.Хэсэг явж байснаа өтөл нөхөр минь зогсч энд гээд доошоо заахад Баянакийн булшийг хэлж байна гэж ойлголоо.Гэрийн буйрнаас баруун урд зүгт хоёр аргамжийн зайтай газар байв.Газрын шарх тэгтэл ул мөргүй эдгэрсэн юмуу би л булш байхаар юу ч олж харсангүй.Тэгээд эргэж хөндий уруудав.ХОцрон үлдэх нутаг эл хуль.Доод газар нь дээд тэнгэртэйгээ өнчрөн эзгүйрсэн мэт атал гагцхүү асаагаад мордсон галаас минь дэгдэх цэнхэр утаа амьдралын бүлээн амьсгал тасраагүйг,эасардаггүйг илтгэх мэт ээ.Цас нар жаргахын үед сая л зогсов.Дестигийн хярыг давтал бүр шөнө болов.салхи үе үе сэвсхийн босч байсаар жигтэйхэн хүйтрэв.Өглөө нь нэг овоо тааралдлаа.Анчин хүмүүс хоногтоо хүрэхээр зорьж морддог,өнөө Баянак овоо гэдэг нь мөн байлаа.Үүсгэсэн эзнийх нь нэрээр нэршсэн юм байх.Баянак шүтлэгтэй байсан юм гэж үү?Амьдрахын хүслэн гэж даанч айхтар хүчтэй байх юм даа.Анчид мал хар эрсэн оторлуулсан малчид явдал аяны хэн боловч дэргэдүүр нь өнгөрөх тоолонгоор нэг нэг чулуу нэмсээр сүр бараатай овоо болжээ.Нөгөөдөр нь  бас өнөө овоогоор дайрч буцахдаа олз омогтой баяртай итгэлтэй явлаа.Мөрөөр нь орж бүтэн өдөр хөөцөлдсөний эцэст Жанибек гуай гунжин үнээний дайтай азарган чоно унагаж нэрээ хамгаалсан юм.Хэд хоноод миний бие ахиад л унасан шорооноосоо тасран одлоо.Салсан  өдөр байхад уулзах өдөр бий гэж Жанибек гуай хэлж билээ.Тийм үгэнд итгэж явах хэрэгтэй юм.

No comments:

Post a Comment