menu

Wednesday, February 12, 2014

"САХИУЛ"



СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН "САХИУЛ"
            Үүдний нь довжоо нурж унасан намхан цагаан байшингийн шил нь хагархай цонхоор нэг хүн толгойгоо цухуйлгаад хөөш тэр хүүхэд гүй, Төлөөлөгч ингээд очлоо, Сахиулд очиж хэл гэж хашгирах шивэгнэх хоёрын завсарт хэлэхэд холгүй замын хонхор тэгшлэх гэж хэзээч юм бэ буулгаад мартаж орхисон хог ургамал ургасан овгор шороон дээр сууж байсан хоёр жаал хүү год үсрэн нуурын зүг чавхдан одов. Цонхоор цухуйгч хүүхдүүдийн хойноос хэсэг хараад далд оров. Аж ахуйхан ажлаар ирсэн гаднын хүн бүрийг хэн ч байсан Төлөөлөгч гэж их л хүндлэн нэрлэж дасацгаажээ.


            Төлөөлөгч хоол захисан, Төлөөлөгч хуралтай байгаа, Төлөөлөгч амарна гэсэн гэж туйлын хүндэтгэлтэй бие биедээ ярина.
            Төлөөлөгч ирнэ гэдэг аж ахуйнхны хувьд итгэл найдварын гэрэл гэгээ тусах шиг ядаж хэд хоног сэтгэлээ зогоох элдэв дээдийн зөгнөл ярианы эхлэл болдог ажээ. Үүний өмнө дүн өвлөөр нэг Төлөөлөгч байсан бөгөөд түүнийг явсны дараа  манай аж ахуйг нүүлгэж Баян нуурт аваачих гэнэ ээ гэсэн цуу яриа тарж бүгдээр тэгтлээ их итгээгүй ч дээр дооргүй л нүүдэлд битүүхэндээ бэлдэцгээжээ. Тэгтэл өвөл ч өнгөрч, хавар дуусаж, зцн эхэлсэн ч өнөөх нүүдлийн тухай таг чиг. Бүгд л хараал идсэн нуурыг орхиж одохын хүслэнд автжээ. Газрын мухарт түгжигдэн ертөнцийн дуу чимээнээс таслагдсан нь ганцхан энэ загасгүй болсон нуурын буруу мэт бодоцгоон согтсон үедээ тавьтаргүй нэг нь элдэв дээдээр хараах нь бий. Анх хориод жилийн өмнө загас агнуурын аж ахуйг байгуулж байхын үед хичнээн сайхан байлаа гэж дэмий л дурсацгаана. Дурслаа гээд хуучин бүхэн сэргэх биш дээ. Загас агнах төлөвлөгөө гэж нэг их айхтар вм байдгийг тэр үед ойлгож мэдэрсэн хүн мэдэгдэхгүйгээр нэмэгдэж, түүнийг гүйцэх гэж бүгд л юманд хөөгдөж байгаа мэт шургаж унатлаа зүтгэхийг яана. Гэтэл загас ч ховордож, бүр сүүлдээ шүүрдээд шүүрдээд жараахай гарахаа болихын цагт гэнэт бүгд орь дуу болон тал тал тийш бичиг цаас чулуудаж элч төлөөлөгч зарж зараг заальхай үүсч хэрэг манджээ. Гэтэл бас л тэр их үймээн шуугианы дараа юу ч өөрчлөгдсөнгүй. Юу ч болсонгүй, төлөвлөгөө ч хэвээрээ. Харин таван зуун километрийн цаадах Баян нуураас загас барьж төлөвлөгөөгөө биелүүлэх шийд иржээ. Нэг хэсэг явна явахгүйдээ тулж бас л жаал хэрэлдсэн боловч эцсийн эцэст бүгд л хамаг муусайн тор, сав завь сэлтээ ачиж аваад Баян нуур луу ундуй сундуй явцгаажээ.
            Баянуурын эрэгт зун намрын хэдэн сар суух майхан саваа барьж, загас давсалж утдаг хэдэн торхоо байрлуулж, загас шүүрдэх ажилдаа оржээ. Загас элбэгтэй учир тэр жилийн төлөвлөгөөг нуур хөлдөхөөс арай өмнө биелүүлээд гэрийн зүг ядарсан ч гэлээ урам зоригтойхон буцжээ. Ерөөс энэ баян нуурын эрэгт нүүгээд ирвэл яасан юм бэ гэж ярилцан мэдээж ингэж л таарна даа гэлцсээр Цэнгэл нуурандаа иржээ. Гэвч нүүх тухай яриа гарсаар таван жил өнгөрч Баян нуурын загас ч барагдах төлөвтэй байтал өнгөрсөн жил төлөвлөгөөг нь жаахан ч гэсэн хасаж тэгтэл бас орон тооны цомхотгол гээч юм болох нь тэр. Гэтэл бүр санаанд оромгүй юм бас байдаг аж. Эндээс л зайлвал барж гэж хараал ерөөл урсгаж байсан улс чинь хаа байх вэ?
            Би лав чадахгүй, энэ чинь миний төрсөн нутаг. Би энд чинь насаараа ажилласан юм гэж элдэв дээдийн шалтаг тоочиж бүр зарим нь нуурын усанд үйж үхнэ гэж гүйж бүгдийг нь сандаргасан ч удаатай. Гээд шийд бол шийд хойно шийдхээс л өөр аргагүй. Халагдсан улсыг ажиллуулъя гэлээ ч аж ахуйд үнэхээр орон тоо байхгүй. Тэгээд үйлийн үртэй хэдэн хүн холгүй байдаг мод бэлтгэлийн аж ахуй руу явжээ. Энэ цомхотголоос хойш бүгд л нэг хачин түгшүүртэй болж, эцэст нь ямар аюул нүүрлээд байгааг мэдэрцгээн элдэв үг яриа гарах нь ч ховордоод хавар нь хэл амгүй чив чимээгүйхэн Баян нуурлуугаа явцгаажээ. Тэднийг явахаар гэр орон бүр эзгүйрч хэдэн авгай хүүхэн хүүхдүүдтэйгээ үлдэж хоцорно. Энд дулаан цагт шувуунаас өөр амьтан ирэх аргагүй шавар намагт зам боогдох тул үнэхээр хэцүү. Загасгүй болсноос хойш нуур ч эзгүйрч, зуны цагт ирдэг усны шувууд зэгсээ бараадан зүүн эрэг рүү явчихаад хаяа нэг л цахлай гялсхийн үзэгдэхээс өөр бараагүй. Зун болж цэцэг жимс дэлгэрэн байгалын үзэсгэлэн бүрдэхийн үед загасчдын суурин улам ч бүр үзэмжгүй болно. Уг нь загас агнуурын аж ахуй нэртэй боловч хэлж ярихад амар хялбараар нь зүгээр л аж ахуйн төв гэгдэх энэ хэдэн навсгар байшинд ердөө хоёрхон хүн л үлджээ. Авгай нь ихэр хүүхэд төрүүлсэн тул  Баян нуур луу явж чадаагүй аж ахуйн бүх л эрх мэдлийг авч үлдсэн Ня-бо (эрх биш харж хандхаас өөр яах вэ) Сахиул хоёр л үлджээ.
            Бүгд явцгаасан тул үлдсэн хоёрт алба гэх вм үгүй. Нэг нь аж ахуйн конторын байшиндаа дэмий л өдөрт нэг хоёр удаа ирнэ. Нөгөө нь нуурын эрэг дэх хашаанд байх сайн цагт утсан, давсалсан загас хадгалж байсан хэдэн саравч, хүнд хэрэг болохоосоо хэрэг болохгүй нь их, бас хэрэг болохгүй гээд хаяж болдоггүй элдэв юм хайш яйш чихсэн агуулахаа манасан болж өдөр өнгөрөөнө. Хэнээсч манаж сэргийлэх юм билээ. Тэртэй тэргүй цоорч ус тогтохоо больсон хэдэн саравчны нь дээгүүр дэггүй хүүхдүүд дамжиж тоглохоос л сэргийлж сууна. Харин ар гэрт үлдсэн авгай хүүхнүүдэд ажил үл мундана. Ганц нэг үнээгээ шувтрах үр хүүхдээ хооллож ундлах гээд гэрийн ажил алийг тэр гэх билээ.
            Сахиулын мэдэлд үлдсэн ганц үнэтэй цайтай юм нь мотортой жижиг завь юм. Хааяа сайхан зантай үедээ хүүхдүүдийг ээлжлэн суулгаж нуурын эзгүй мандлаар цагаан зам татуулан давхих нь бий. Тийм аятай мөчийг хүлээн эндэхийн хэдэн хүүхэд жижиг томгүй л өглөө босонгуут нуурын эрэгт цуглан Сахиулыг царайчлан суудаг ажээ.
            Сахиулын зан ааш яаж хувирах нь тааж мэдэхийн аргагүй тул хүүхдүүд загнавал бутран зугтаах, дуудвал өрсөн гүйж очиход бэлэн түүний хөдөлгөөн бүрийг сэм ширтэн түүний төрсөн хүүг бараадан сууцгаана. Сахиул нуурын эргийн модон гүүр сандайлан ус ширтэн унтсан мэт суух нь олонтаа. Нэг тэгж суувал мөд босно гэж үгүй. Хүүхдүүд хүлээж горьдлого тасраад өлсөхийн эрхээр тарцгаана. Сахиул хорвоо ертөнцөд хүүхэд гэгч амьтан байдгийг огтхон ч мэддэггүй мэт суусаар хоцроход багачууд гол буруутай нь Сахиулын хүү юм шиг түүнийг сэм шоглон уйлуулж, хүү аав руугаа очиж зүрхлэхгүй нулимсаа арчин хаяж одсон тэднийхээ араас ганцаар гомдолтойёо мэгшин сажилна. Гэртээ очхоор нь дэмий тэнэлээ хэмээн ээж нар дуу дуугаа авалцан гадаа гэртгүй хангинах нь гачлантай. Гэвч ингэлээ гээд хаширч гэмшсэн нь нэг ч үгүй, маргааш өглөө томчуудын нүд хариулан нуур луу гүйцгээнэ. Гэтэл өчигдөр орой мориор гарч төөрч будилан их ядарсан амьтан айлуудын гадаа үдэш буужээ. Ингээд аж ахуйнхны ард үлдэгсдийн сэтгэлд итгэл найдварын гэрэл улалзаж нүүх суух цаг эрх биш болсон байлгүй гэж хүн бүрт санагдаад тэр зөн бодол хүүхдүүдэд хүртэл нөлөөлж, маргааш өглөө нүүнэ гэсэн юм шиг нойргүй хоноцгоожээ. Даргын өрөөнд эвхдэг ор тавиулж хоносон Төлөөлөгчийг босоогүй байхад хүүхнүүд шамдан хийцтэй цай чанаж, үхрийн борцоор бууз хийн албаны хоёр эрдээ бариулан ард нь сүү өргөх нь холгүй үлджээ. Хүүхдүүд хүртэл тэдний хувь заяанд эргэлт гарах нь гэж мэдэрсэн юм шиг гэр гэрийн хаяанд чимээгүй тормолзон зогсоцгоов. Аль өнгөтэй өөдтэй дээлээ өмссөн ня-бо Сахиул хоёр цай хоолоо нандигнан барьж бас байн байн эргэн харсаар уруудсаны хойно гэнэт нэг нь дуу алдав.
            Аяга таваг өгсөнгүй ээ, яалаа ээлээ гэхэд бүгд л өөр өөрийн гэр лүү шурхийн орж тэр дороо л арваад хүүхэд аяга халбага барин араасаа дуудахыг ч үл анзааран конторын зүг уралдааны даага шиг харван одох нь тэрээ.
            Төлөөлөгч цонхоор гадагш ширтэн зогсов. Хоол цай сэтгэлд нь ер нийцсэнгүй. Хол газар мориор явж агсагдаад хамаг бие нь буларчээ. Өвдөхгүй газар гэж алга. Хачин эвгүй нам гүм хүрээлжээ. Уг нь анхааран чагнавал гадаа хүний дуу, хөлийн чимээ холд үхэр мөөрөх сонсдоно. Хэдий зун цагч гэлээ өрөөнд зэвхий даан эхүүн чийг ханхлана. Цонхны цаана жижиг хайс хашаанд өндөр ургасан өвсний дундах ганц шар цэцгэн дээр хоёр эрвээхий их л найртайгаар сууж далавчаа дэрвэгнүүлнэ. Нэг нь арай жижгэвтэр цэмцгэр ажээ. Түүнийг гөлрөн ширтэж зогсов. Гэнэт хэдэн хүүхэд сэм гэтэн ирж цонх руу харснаа түүнийг үзээд балмагдсан мэт зогтусан бие биеийг түлхэн эргэн гүйлдэв. Жаахан холдосноо дахин зогсоод нргнэ харлаа. Төлөөлөгч тэднээс зовсон вм шиг цонхноос бушуухан холдон сандал дээр сууснаа сэм эргэн харвал хүүхдүүд бүр хүлээх янзтай сууцгаасан байлаа. Ширээн дээрх аягатай цай савтай буузыг цааш түлхээд цүнхээ уудлав. Хэрэг болно гэж авч гарсан бичиг цаас нь байж л таарна. Тэрийг үзэх ч хэрэг алга. Бүгдийг нь цээжээр мэднэ. Наашаа гарахын өмнө очоод хийх ажил, үзэж харах юм нь тов тодорхой мэт байсан чинь одоо санахад ерөөс ирэх хэрэггүй байж гэж бодогдоод байлаа. Гэвч түүнд ирэхээс өөр арга байгаагүй билээ. Хэзээ нэгэн цагт ийм аюул өөрт нь тулгарна гэдгийг хэнээс ч илүү мэдсээр байсан хэрнээ яаж ийгээд түүнээс мултарч түүнийг гадаа шохоорхон хүлээгч хүүхдүүдийг хараад болно гэж итгэсээр байтал одоо энэ эзгүй суурин ямар ч аврал байхгүйг мэдрэх шиг болжээ. Төлөөлөгч угаас аливаад хялбар бууж өгдөг хүн биш байлаа. Байгалиас тийм чанар заяасан ч юм биш. Харин амьдралд байр сууриа олон багтахын тулд тийм шинжийг өөртөө бий болгожээ. Чухам энэ орхигдсон суурин хаягдсан нуурт л түүнийг аврагч нуугдаж байгаа гэж итгэж итгэсэндээ ч явган нүцгэн шахуу ганцаар зүтгэн ирсэн хэрэг. Наашаа ирсэн нь толгой дээр буух аянгыг хэд хоног ч болов зайлуулжээ. Арга барагдсан гутранги бодлоо сэтгэлээсээ хүчээр хөөн зайлуулж өөрийгөө хүчлэн тархи мэдрэлээ хөвчлөн амиа аврах тэмцэлд бэлдэх хэрэгтэй. Энэ бол магадгүй эцсийнх биш ч гэлээ ямарч атугай түүний амьдралд шийдвэрлэх тэмцэл байх ёстойг ойлгож байлаа. Тэр аянгын цэнэгийг хуримтлуулагчдын зан араншинг гаргууд мэддэг нь түүний ганц давуу тал, дийлэн гарах ухаан сүвэгчлэх ганц зөв зам нь юм. Тиймгүйсэн бол ингэж алд биеэ зовоолгүйгээр бууж өгөхсөн билээ. Тэр арав уншиж үг үсгээр нь цээжилсэн өнөөх гайт захидлыг дахин гаргаж анх удаа үзэж байгаа юм шиг анхааран уншив. “хүндэт нөхөр” танаа манай загас агнуурын аж ахуй Цэнгэл нуурыг түшиглэн 16 жилийн өмнө байгуулагдсан юм. Загас агнах төлөвлөгөөг бид эхний жилүүдэд ч арай ядан биелүүлж байсан. Гэтэл нуурын загасны нөөц муудсаар байтал төлөвлөгөө жилээс жилд нэмэгдэн жилд 80 тонн хүрсэн юм. Таван жилийн өмнөөс Цэнгэл нуурт барих загас байхгүй болж бид манай аж ахуйн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч эндээс 500км зайтай Баян нуураас загас барих шийд ирсэн юм. Ингэж бид гэр орон үр хүүхдээс хол ажиллах боллоо. Жирийн хөдөлмөрчин биднийг ингэж чирэгдүүлж байгаагийн учрыг нэг тийш шийдэж өгөхийг удаа дараа хүссэн билээ. Гэтэл байдал хуучин хэвээр байна. Хэнд ч хэрэггүй болсон зэлүүд нуурын эрэгт хаягдаж хоцорсон ар гэр үр хүүхэд маань хэцүүдлээ. Энд хэн буруутай вэ? Буруутай хүмүүсийг олж бид бүхний амьдралыг төвхнүүлж манай загасчдын сууринг Баян нуурын эрэгт нүүгээд ч юм нэг их дээрдэхгүй шүү. Баян нуурт сайндаа л гурван жилийн нөөц бий. Иймээс манай аж ахуйг татан буулгаж Цэнгэл нуурын мод бэлтгэлийн аж ахуйд биднийг шилжүүлнэ үү. Бидний энэ хүсэлт эрхбиш нэг тийш шийдэгдэнэ гэж маш их найдан бичлээ.
            “Цэнгэл нуурын загас агнуурын аж ахуйн ажилчид гэжээ” Зүүн дээд буланд нь Учрыг “нягтлан даруй шийд” гэж цохоод шийд гэсэн үгийн доогуур гурав зурж ард нь анхаарлын тэмдэг хоёрыг тавьжээ.
            Захидлыг дахин уншив. Үймсэн бодлоо цэгцэлж амжаагүй байтал хаалга тогших сонсдов. Сурсан зангаар-За гэж огцом дуугараад өөрийнхөө албаны өрөөнд байгаа юм шиг суудлаа засан өнөө захидлаа цүнхэндээ хийлээ. Ня-бо эмээсэн янзтай зөөлхөн гишгэсээр орж ирлээ. Харц нь инээвхийлсэн мөртөө цаанаа л нэг айсан янзтай. Энэ амьтан юунаасаа айсан юм бол гэж гайхан бодоод үүдэнд бээцийн зогсох түүнийг суу гэж дохив. Ня-бо чимээ гаргахгүйг хичээн хөдөлж ядах нь инээдтэй харагдана.
            За ажлаа товчхон танилцуулчих! Төлөөлөгч ингэж хэлэхдээ цаадах нь танилцуулах юм байхгүйг тэртэй тэргүй мэдэж байлаа. Ёс бол ёс. Одоо яана гэх вэ Ня-бо бүр ээрч гацаж орхив. Би ч одоо... юугаа... Манай авгай ихэр хүүхэд гаргаад... тэгээд би аргагүй үлдсэн юм л даа. Тэрнээс биш...би Баян нуурт л...
            Тэр яах вэ? Төлөвлөгөө хэдэн хувьтай байгаа вэ?
            Мэдэхгүй ээ зургаан сараас хойш хэл ирээгүй. Сар гаран боллоо. Энэ өвөл холбооны хүнийг ажилгүй боллоо гээд аваад явчихсан. Энэ хажуугийн байшинд байсан юм. Тэрнээс хойш...яах ч арга байдаггүй.
            Хн
Ня-бо энэ бүгдэд өөрөө буруутай юм шиг айж сандрах нь өрөвдмөөр.
            За тэр яах вэ? Одоо яая гэж бодож байна.
            Хүүхдүүд ч овоо торниж байна. Би ч Баян нуур луу явдаг юм уу даа. Энд ч хэцүү байна шүү.
            Үгүй ээ аж ахуйгаа яах гэж бодож байгаа юм бэ? Та нар эрхбиш төлөвлөсөн юм байдаг биз дээ.
            Мэдэхгүй ээ. Би ч юу мэдэх вэ дээ. Би ямар бодвол “би ямар дарга биш” гэж хэлэх гэсэн бололтой. Төлөөлөгч санаа алдав. Нээрээ ч юугаа мэдэх билээ гэж бодогдоно.
            За за
            Өөв
            Юм хэлээгүй ээ...
            Аа
            Танай энд чинь хичнээн айл байна...
            Гучаад л айл бий дээ
            Баян нуур луу нүүлгэнэ гэвэл нүүх болов уу?
            Хэн?
            Танайхан
            Ня-бо удаан бодол болов.
            Яг цагаа тулахад явдаг бол. Нүүхгүй л гэх болов уу?
            Яагаад
            Ня-бо дахиад л бодол болов
            Баян нуур луу биз дээ...
            Баян нуур луу
            Тэндээсээ дахиад л нүүх хэрэг гарна шүү дээ.
            Хэн тэгэж байгаа юм бэ?
            Та бол нүүх үү?
            Улс амьтан юу гэх нь вэ? Дээрээс нүү гэвэл нүүж л таараа шүү дээ.
            Ер нь эндээс нүүх хэрэггүй гэж байгаа юм биз дээ
            Тийм
            Хэн Би юу?
            Үгүй л дээ. Нүү гээд л шийд ирвэл нүүнэ дээ.
            За тийм байдаг байж. Танайхны сэтгэл санааны хувьд ямар байна. Элдэв хэл яриа гарч байна уу? Эрэг хаашаа бол ус тийшээ гэдэг биз дээ.
            За... гайгүй дээ
            Гайгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ?
            Ер нь тиймэрхүү хэл яриа гарахгүй ээ. Манай эрчүүд бүгд байхгүй. Авгай хүүхнүүдэд улсын ажил ямар хамаа байна.
            Уг нь тийм л дээ.
            Тэгэж ч болохгүй шүү.
            Уг нь тийм л дээ
            Та ер нь их бөөрөнхий хүн юм аа.
            Тэр нь ч хаашаа юм бэ?
            За за гадуур гаръя даа. Байдалтай танилцая.
            За би Сахиулд хэл явуулаадхая гээд ня-бо шаламгайлан гарав. Надад хэрэг болохгүй амьтан юм гэж бодоод цүнхээ түшин өндийтөл ня-бо шагайж
Төлөөлөгчөө! Өдөр та ямар хоол идэх вэ? Би нэг жаахан нойтон мах олсон юм гэв.
Ямар ч яадаг юм бэ?
За за би авгайд хэлчихье. Та цуваа авахгүй бол... бороо орж магадгүй янзтай шүү.
Гайгүй биз дээ
За... нээрээ гайгүй ч байх даа... Гарах уу? Нуур луу очъё доо. Ня-бо хүндэтгэн хаалга онгойлгон зогсоно. Төлөөлөгч цүнхээ барьсаар гарав. Гадаа сэрүүхэн чийгтэй салхи сэвэлзэж байлаа.
Нуурын мандлыг битүү саарал манан бүрхэн тэнгэр яг өлмий дороос нь эхэлсэн мэт болжээ. Төлөөлөгч нуурын эргийн модон гүүрэн дээр пиджакныхаа захыг босгон зогсоод улам өтгөрөн байгаа саарал манан дундаас ямар нэг юм эрэх мэт ширтэнэ. Ард нь ня-бо Сахиул хоёр мөн л чимээгүй урагш ширтэн зогсоцгоов. Нуурын ус хөдлөхгүй мөртөө хөөсөрчээ. Аянга буухын өмнөх агшин шиг хачин нам гүм. Төлөөлөгч яг хорин жилийн өмнө энэ нуурын эрэгт анх удаа ирж билээ. Тэгэхэд залуу ч байж. Зоригтой ч байж. Нар ээсэн сайхан өдөр байж. Нарны гэрэлд нуурын ус гялалзан солонгорч, цахлай шуугин хээрийн цай, шарсан загасны үнэр ханхлан хичнээн сайхан байлаа. Тэгэхэд тэр “жижигхэн ч” байж. Ажилд томилогдоод анх удаа хөдөө явсан нь энэ. Түүнд хийх ажил байгаагүй. Удирдаж яваа хүнийхээ хэлсэн ярьсныг тэмдэглэж аятай тухтай ажиллахад нь л бараа болж явсан. Мод түүж гал түлэн загас шарж, элсэн дээр дэлгэсэн даавуун дээр тавьж загас сайхан шардаг гэж магтуулж байсан. Үзэж шалгах юмаа дуусчихаад мод бэлтгэлийн аж ахуйнхны саналаар Цэнгэл нуурын эрэгт нэг өдөр амарсан нь тэр. Чухам тэр амралтын өдөр загас шардаг авьяас нь түүний амьдралын цаашдын замыг шийдэх юм гэж даанч зүүдлээгүйсэн. Манай хүн шарсан загсанд туйлгүй дуртайг тэгэхэд л мэдэж билээ. Төлөөлөгч анх цуг явахдаа тэр хүнээ “манай хүн” гэж нэрлэж сурчээ. Манай хүнтэй тэгж цуг явсан нь чухам цэвэр “Тэнгэрийн хишиг”ирээдүйн амьдралын итгэл найдвар гэдгийг тун сайн ойлгож энэ бололцоог алдахгүйг байдгаараа хичээжээ. Өөрийгөө ойлгуулах чадвартай мэргэжилтэй ажилтан гэдгээ харуулах гэж хэрээрээ оролдсонсон.
Би танд нэг юм хэлмээр байна. Болох уу?
Юун сүртэй юм. Хэлээч дээ. Энэ ажлыг уг нь чи л сайн мэддэг байх ёстой доо
Би мэдлэгийнхээ хэрээр л
За юу вэ?... хэл хэл
Энэ мод бэлтгэлийн аж ахуйн даргын ажил надад их хангалтгүй санагдаж байна.
Юу нь тэр вэ?
Таныг нэг юм асуухлаар л нэг хүний нэр хэлэх юм. Тэр мэднэ. Энэ хариуцдаг гэх юм. Өөрөө ер нь юу хийдэг, юу хариуцдаг хүн бэ? Ажлаа мэдэхгүй нь харагдаж байна. Байгууллагын дарга хүн ажлаа арван хуруу шигээ мэддэг байх ёстой. Би л лав энэ даргыг хатуухан анхааруулж өгмөөр байна.
Чи их буруу ойлгож байна. Энэ бол их сайн дарга. Ажлын арга нь ч зөв. Чи бод л доо. Хүн бүрт хариуцсан ажил гэж байх ёстой юу ёстой! Тэгвэл өөрөө л хариуцдаг. Энүүнд муу юм юу байна. Хүн биеэ дааж ажлаа хийдэг болно. Биеэ дааж хариуцдаг болно. Ингэх юм бол ажлаа сайжруулах гэж тэмцэнэ. Хариуцлага хүлээж чадахгүй юм бол ажил хийхийн хэрэг алга. Одоо бидэнд дуулгавартай хүн биш харин идэвх санаачилгатай хүн хэрэгтэй байна. Дуулгавартай байна гэдэг чинь нэг талаас харвал идэвхгүй байна гэсэн үг. Дуулгавартай хүн гэдэг бол хүний хий гэснийг хийдэг юм. Хэзээ илүү юм хийхгүй. Тийм болохоор хүний санаагүйг санаж, хэлээгүйг хийдэг ажилтан хэрэгтэй. Энэ дарга ажилтнуудаа ямар ч үед биеийг нь даалгаж байгаа аргыг би зөв гэж үзэж байна. Чи бодоод үз л дээ. Тийм байгаа биз дээ. Буцахын урьд өдөр Манай хүнтэй ярьсан энэ яриаг төлөөлөгч насан туршдаа санаж явсан бөгөөд сүрхий хүн болох гэж мундаг өөрийн гэсэн бодолтойгоо харуулах гээд ингэж санаандгүй баларч билээ.
Тэр үедээ харамсаад барахгүй юм болсон болов ч цаашид яаж ажиллах ёстойг тэр ярианаас ойлгожээ. Манай хүний нүдэнд өртөхийн тулд санаачилгатай идэвхтэй ажиллах бие биеэс нь ялгах аргагүй тэр олон гүйцэтгэх ажилтануудын дотроос ялгаран гарна гэдэг амаргүй гэлээч тэгэх л ёстой болжээ.
Чухам юу хийдгий нь  мэдэхэд хэцүү тэр олон ажилтан өглөө тал талаас цугларч, нэг нэг өрөөнд орох боловч дээрээс нь харвал нэг өрөөнөөс нөгөө өрөөний хооронд гүйлдэх нь яг л үүрээ зөөх шоргоолж шиг ажээ. Идэвх санаачилгатай ажилласугай гэтэл тэр ч бас тийм амар эд биш байлаа. Яг нарийн ажиллавал тэр ажилтнуудын олонх нь идэвхтэй санаачилгатай бөгөөд ядаж гэхэд идэвхтэй санаачилгатай харагдаж чаддаг нь гайхалтай. Энэ олон идэвхтэн санаачилгатны дундаас идэвх санаачилгаараа ялгарах гэж дэмий л оролдовч тэр бүр бүтэх янзгүй, бүтлээ ч арав хорин жил хүлээх шинжтэй. Гэвч төлөөлөгчид хүлээх цаг байсангүй. Цаг алдах л юм бол одоо л өрсөж Манай хүний нүдэнд өртөхгүй юм бол энэ шоргоолжны үүрэнд насыг барна. Эсвэл гадаа гарч ажиллах явдал ч болж мэдэх байлаа. Яг энэ үед загас сайхан шардаг авьяас нь тус болж билээ.
Бороо орох нь үү дээ. Төлөөлөгчөө! Төлөөлөгч энэ үгэнд цочин золтой л ус руу унасангүй.
Цувыг тань аваад ирэх үү?
Тэг тэг
Ня-бо Сахиул руу харвал цаадах нь сонсоогүй юм шиг ургаш гөлрөн зогссоор тул аргагүйдэн өөрөө цувы нь авчрахаар эргэв. Сахиулын хар царай улам ч харлаж харц нь хурц болжээ. Ня-бо эрэг өөд бүдчин гүйсээр хашааны булан тойрч далд оров.
Танай хашаагаар орж үзье
Сахиул гайхсан, аль эсвэл  түүний юу хэлснийг ойлгоогүй мэт өмнөөс нь ширтэнэ.
Сонсч байна уу та
Төлөөлөгч бараг уурсан хашгирав. Сахиул өнөөх янзаар ширтэн байснаа мушийн инээвхийлж даажигнасан мэт.
Үз л дээ гэхэд нь түүний дуу хачин цээлхэн тунгалаг сонсогдоход их л гайхлаа. Царай зүсийг нь харвал тамхи татсаар мэнгэртэн байх гэмээр атал дуу нь тийм биш ажээ.
...Хашаа овоо зайтай, хойморт нь гурван хоосон саравч, зүүн талыг нь агуулах эзэлжээ. Агуулахын цоожийг онгойлгож даруулга төмрийг сугалан тар няр дуугарган шидээд Сахиул түүнд зам тавин ухрав. Агуулахын хаалгыг онгойлгоход өмнөөс нь хэдэн шувуу сүр сар хийж гарч нисэв. Төлөөлөгч цочсондоо золтой л саваж унасангүй. Цочсондоо уур нь шатаж “цусаар урс” гэж хараал тавилаа. Хойд ханын нүхээр л ороод байгаа юм гэж Сахиул гүвтнэ.
Нарийн ширхэгтэй тоос хамар амаар пургиж хоолой хорсгоно. Агуулахад хуучин хувин, төмөр торх, өвсний сэрээ, таар, шуудай эвдэрхий ширээ сандал, цоорхой завь оржээ.
Агуулахын бүртгэл гэж байх уу?
Сахиулын үүдний дэргэдэх ширээний нүдийг татан шороонд дарагдсан дэвтэр гарган сэгсэрснээ өмнөөс нь сарвайв.
Хүн хэрэглэж болох бүх юмыг нь Баян нуурлуу аваад явсан.
За за гэж Төлөөлөгч дэвтрийг сэжиглэнгүй түлхэв. Төлөөлөгч бүдэг гэрэлд агуулахын доторхыг хэрэгтэй юм шиг ширтэн зогссоноо хаалгаар тусах гэгээнд зэгэл саарал тоос манарахыг үзэж бушуухан гарахын түүс болов. Юу юугүй бороо орох гэж буй янзтай чийг ханхална. Нарийн тоос хамарт нь орж удтал шороо амтагдсаар ажээ. Хашааны хаалга онгойн Ня-бо Төлөөлөгчийн цувыг эвтэйхэн эвхээд сугавчилчихсан дэвхэрсээр орж ирэв.
Энэ хүнд хэрэг болох юм ганц л байгаа.
Төлөөлөгч Сахиул руу гайхан харав.
Завь бий. Ганц шинэ юм гээд авч яваагүй юм.
Хаана байна.
Тэнд гэж Сахиул хашааны цаад руу нуурын зүг заав.
Та үзнэ үү гэж Ня-бо цувыг нь нөмрөнгөө уриалгахан дуугарч уржнан би хэл ам болж байж олж ирсэн юм. Шинээрээ байгаа мотор нь ч цоо шинэ гэхэд Сахиул Ня-бо гийн нүүр лүү анхааран ширтэхийг Төлөөлөгч ажлаа. Ганц завиараа гайхуулах цагаа ч мөн олж дээ гэж Төлөөлөгч дооглонгүй бодож зогслоо. Баян нуур луу авч явна гээд Би өгөхгүй гээд хавьтуулаагүй юм. Манайхан чинь ямар ч юмыг байгаагий нь хэрээр туйлж байгаад л дуусдаг улс. Өгөөгүй бол хуучин муу хэдэн завиар аргалаад болоод л байдаг улс. Зангий нь мэдэхгүй хүн бол амархан хууртана шүү. Би ч яах вэ...ямар ...
Төлөөлөгч Ня-богийн үгийг сонсох тэвчээр тасарч өөрийн мэдэлгүй хашааны үүд рүү түрүүлэн явав. Ард нь Ня-богийн үглэх сонсдоно. Хаалгаар гарахад өмнөөс нь хүйтэн чийгтэй салхи үлээн нуурын өнгөгүй саарал мандал цэлийн угтав.
Тэр байна. Манай завь гэв. Ня-бо баясгалантайгаар дуу алдан зүүн тийш заалаа. Холгүй жижиг тавцангийн дэргэд мөнгөн цагаан завь аргамжаатай үл мэдэг дайвалзан харагдана.
Би түрүүн яагаад харсангүй вэ гэж Төлөөлөгч харамссан мэт аяархан хэлэв.
Та харахгүй байх нь аргагүй. Гүүрэн дээрээс харагддаг юм. Очиж үзэх үү...Та... гээд ня-бо ухас хийснээ эвгүй гишгэж хазгай газар хальтран унав. Төлөөлөгч инээд алдсанаа бүр биеэ барьж чадахгүй элгээ хөштөл хөхөрлөө. Ня-бо ч хөхөрч гарав. Харин Сахиул уруул жимийсэн чигээрээ ажээ. Шал хэрэггүй юманд ингэж инээд хүрэх гэж Ня-бог хальтирч унасанд ч биш ерөөс ня-бог дооглож сэтгэлийн мухарт инээсээр явснаас болсон бололтой. Ингэж инээж хөхөрсөн нь сэтгэлийг нь овоо хөнгөрүүлж завины дэргэд очихдоо бүр баясгалантай гэмээр болжээ. Манан өтгөрч нуурын цагаан эрэг нуурын дундах жижиг чулуун арал үзэгдэхгүй ажээ.
Нуураар жаахан явбал яасан юм бэ гэж инээмсэглэн хэлэхэд ня-бо айсан янзтай тэнгэр өөд харав.
Төлөөлөгч Сахиулд хандан:
Тэгэх үү өвгөөн! гэвэл түрүүнээс хойш нойрмог царайлаж явсан Сахиулын харц дүрэлзэн гэрэлтэж нэг юм хэлэх гээд чадалгүй түгдэрч ня-бо өөд хялам хийхэд нь түүний энэ харцыг хялбархан ойлгож
Хоёулаа л явъя. Холдогүй ээ гээд ня-бод хандан
Та бид хоёрыг контортоо очоод хүлээж бай гэв. Жогтой жуумалзсанаа завиныхаа аргамжийг тайлав. Ня-бо яах ч учраа олохгүй мэл гайхсан царайтай амьтан бээвийн зогссоор байлаа.
Та контортоо очоод байж бай!
За за... очно доо
Моторын дуу нам гүмийг эвдэн хүржигнэн завины ард ус хөөсрөн бужигнаж эхлэв. Төлөөлөгч завинд ня-богоор түшүүлэн орж суув. Завь гэнэт дайвалзан хаашаа ч хамаагүй гулсан одох мэт санагдахад
Энэ ч муу ёр доо гэсэн бодол тархинд нь харван орж ирэв.
Гэвч одоо буцах газаргүй болжээ. Нэрэлхүү зан нь дийлж Сахиулын бах тав нь ханасан зэвүүн хар царайг айсан харцаар ширтэн суув. Завь ухасхийн хушуугаа өлийлгөн нуурын гөлгөр саарал мандлыг омголоноор зүсэн одов. Ня-бо гараа өргөн:
Хэ хэ! гэж байдгаараа инээчихсэн хашгирч зогсоно.
Маанаг амьтан гэж төлөөлөгч учиргүй шаралхан хараав. Хэдхэн хормын дараа завь мананд шингэн алга болов. Дуу нь хэсэг зуур сонсдож байснаа бас л чимээ алдарчээ. Ня-бо босож явах гэснээ больчихоод гүүрэн дээрээ буцан сууж тамхиа гаргав. Бороо туслаж эхлэх шиг... дээш харвал манан л нэвсийн хөдөлж ядна.

Сахиул нуурын мандлаар энэ завиар хэчнээн удаан давхисан юм бүү мэд. Харин манантай ийм зэвүүн өдөр явж байгаагүй санагдана. Тэгээд бүр Төлөөлөгчтэй хоёулаа шүү. Аж ахуйд ирсэн Төлөөлөгчдөөс түүнийг ингэж тоож үзсэн нь нэг ч үгүй. Яагаад ч юм Сахиул гэнэ. Төлөөлөгчийг “яс” сайтай эр гэж итгээд байлаа. Завиар явна гэхэд нь хоёулхнаа явсан гэж тэгээд ня-бог яаж аргалж үлдээх аргаа олж ядан сандарсныг тэгж ойлгосонд нь болсон бололтой. Гэвч тийм юм ярихын өмнө жинхэнэ “ясыг” нь мэдэхгүйгээр хөнгөн хөдөлж болохгүй. Сахиул тийм амар хүн биш. Завиныхаа залуурыг итгэлтэй чанга атган ургаш ширтэн явахдаа Төлөөлөгчийн ‘ясыг” мэдэхийг оролдоно. Хүний “яс” харц царай зүс, дуу хөдөлгөөнөөсөө андаш байхгүй гэж Сахиул хэнд ч нотлон хэлж чадна. Ерөөс өөрийгөө “яс” таних талаар гаргууд гэж бодно. Ганц хоёр удаа уулзаж үг солиод л “ясыг” жинхэнээр нь танисан хүн цөөнгүй. Аж ахуйн хэдийнхээ ясыг бол нэвт шувт мэднэ. Энэ яс гээчээр нь аж ахуйнхан ерөөс дөрвөн төрлийн ясны улс байлаа. Хамгийн олон нь энэ ертөнцөд тэнгэр нурсан ч үл тоох ерөөс эргэн тойронд болж байгаа үймээн бужигнааныг үл тоомсорлогч тоомсорлолоо ч эргээд л мартдаг хүмүүс юм. Энэ бүлгийнхэн нэг талаар хамгийн найдвартай итгэлтэй байдаг. Ямар ч юм болсон урвагнаж элдэв дээдийн хараал маргаан зарга заальхай үүсгэнэ гэж байхгүй. Харинч бүр аливаа хэрүүл уруулыг намжаахыг оролдоно. Үүгээрээ их найдвартай. Итгэлтэй нь юун даа байна гэхээр эд нар аливаа асуудлыг дарга юм уу аль эсвэл дээд газраас шийднэ гэдэгт эргэлзээгүй итгэдэг явдал юм. Тэдний шийдвэр буруу байлаа ч гэсэн юу ч боллоо гэсэн биелүүлэх ёстой гэж ойлгоно. Яг тэдний ясны цөөхөн хүн бий. Энэ бол Сахиулынхаар шүүмжлэгч ясныхан юм. Юу ч байсан шүүмжилжил байна. Хаана ч явсан шүүмжилж л явна. Хэзээ хаашаа явж ингэтлээ юм үзэж нүд тайлсан юм бол гэтэл тэдний дотор аймгийн төв орсон нь цөөхөн. Тэгтэл дэлхийн улсуудад төр эргэхээс өгсүүлээд бариач домчийн жор хүртэл мэдэх нь гайхалтай. Энэ хүмүүс сонин юм ярина гэхээс хэрэгтэй юм ярих нь цөөн тул Сахиул тэднийг ч бас үл ойшооно. Гурав дахь нь завсрын ясныхан юм. Өөрөөр хэлбэл хэн нь дийлэгч болохыг тодорхойлдог хэсэг юм. Энэ хүмүүс хэний ч талд орж магадгүй. Хэний нь талд орно тэр тал нь дийлнэ. Тэгэхдээ заавал өөрсдийн ашигтай талд орох нь мэдээж. Тэгэхээр шүүмжилдэг нь ч эсэргүүцдэг нь ч биш харин завсрынхан дандаа хожно. Дөрөвдөх нь огт ганцхан хүн бий. Энэ бол Сахиул өөрөө юм. Сахиул өөрийгөө дээрх гурван ясны алинд ч үл хамааруулна. Яагаад гэвэл тэр огт өөр ясны хүн юм. Яг ямар гэдгийг Сахиул тодорхойлон хэлж үл чадна. Өөр гэдэгт л бат итгэнэ. Тэгээд ч хүний ясыг танигч өөр үгүй тул Сахиултай маргах зөрөх хүнгүй бас хэлэлцэж зөвлөх хүн ч үгүй.
Төлөөлөгч түүн лүү харах янзгүй урагш ширтэн явна. Малгайгүй шингэхэн хүрэн үс нь арагш хийсэж эмэгтэй хүний булбарай цагаан чих цухуйжээ. Солгой гараар завины ирмэг, нөгөө гараар дөрвөлжин цүнхээ тулан өвдөглөн суужээ. Манан дотор нуурын дундах чулуун арал харагдав. Арал гэгдэх тэр гозгор чулуу нов нойтон юм шиг гэлгэр хар өнгөтэй болжээ. Завь эрчээрээ ойртоно. Сахиул тэгэхээс тэгэх гэж хурдаа хассангүй. Арал арваад метр ойртох үед Төлөөлөгч сая л эргэж харав. Эргэж харна гэж итгэж байсан янзтай харахад нь бардам дийлсэн янзтай өмнөөс нь тоомжиргүй ширтэнэ. Завиа зогсооно гэж бодож байтал Төлөөлөгч харин бодлыг нь нэвт шувт мэдсэн юм шиг даажинтай тохуурхан жуумалзах нь тэр.
Энэ санаандгүй явдалд Сахиул туйлгүй балмагдана ёстой л өнөөх хадыг мөргөж орхисонгүй. Завь нь хад шүргэн зогссон хойно Сахиулын зүрх дэлссээр байлаа. Ясыг чинь таньж болох байлгүй гэж давилуунаар бодож явсан нь хаа байх вэ? Сахиул хүний бодлыг тааж байсан уу гэхээс хэн нэг хүн бодлыг нь тааж байсан удаагүй. Хэзээ ч тааж байсан удаагүй.
Завь хад шүргэн Сахиулын зүрх шиг чичрэн зогссоор байв.
Төлөөлөгч гэрийн чинээ хадан арлын судал ширхэгийг тоолох мэт ширтэн зогсжээ. Харин завьжинд нь өнөөх даажинтай инээд үлджээ. Төлөөлөгчийг хөдлөхөд завь дайвалзан нуурын ус чулуун арлыг шад пад алагдна. Сахиул завиныхаа моторын залуурыг атган даарсан юм шиг бээцийн суусаар байв. Өмнө нь завины нүцгэн төмөр ёроол шаварт хутгалдсан бахиалын хоншоор харагдана. Сахиул хөдөлж төвсөнгүй. Төлөөлөгчийн бодлыг үргээж, дахин өөрийгөө таниулахаас эмээжээ. Тэгээд энэ Төлөөлөгчийг аль ясны хүн бэ гэж бодох гэсэн боловч саяхны сүрдсэн балмагдсан сэтгэл нь үймүүлж саад болно. Гэнэт миний ясны хүн биш биз гэж бодохтой зэрэг баярламаар ч юм шиг санагдаад явчихлаа.
Явах уу?
Төлөөлөгч Сахиулыг хөдлөхөд ингэж асуугаад завинд буцаж суув.
Хаашаа явах вэ? буцах уу?
Төлөөлөгч түүн рүү харсан ч үгүй огцом шийдмэг өнгөөр
Буцахгүй! гэлээ. Завь хүржигнэн ассан боловч хөдөлсөнгүй хэсэг зогсов. Сахиул Төлөөлөгчийн дараагийн үгийг хүлээв. Гэвч Төлөөлөгч дахиад дуугарсангүй. Сахиул завиа зүүн эрэг рүү чиглүүлэн заллаа. Төлөөлөгч бас л дуугарсангүй. Овоо ястай эр хүн юм гэж Сахиул их билэгшээн бодож явлаа.

Загас сайхан шардаг авьяас нь үнэхээр ингэж хэрэг болно гэж огт санаагүйсэн. Шоргоолжны үүрнээс мултрахын тулд бүх юмыг урьдчилан маш нарийн ямарч алдаагүй тооцоолох хэрэгтэй байлаа. Нэг л газар нь жижиг ч гэсэн алдах л юм бол сүйрнэ гэсэн үг. Яагаад гэвэл тэр замаар дэндүү олон хүн авирч явна. Тэгээд бас дээд зэргээр нууц ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө авирахаар төлөвлөсөн замыг хэнд ч мэдэгдэх ёсгүй. Мэдэгдэх л юм бол баларч хэн нэг овсгоотой, шийдэмгий хүнд булаалгахаас эмээжээ. Бас хэнээч туслалцаа авахыг хүссэнгүй. Ер нь хүнээс тус гуйна гэдэг сүүлд нь олсон олзоо хуваахын нэр. Төлөөлөгч хэнтэй ч юу ч хуваалцахыг хүссэнгүй. Төлөөлөгчид ганцхан найдвар, итгэл тулгуур байсан нь манай хүний хэлсэн үг байсан юм. Үг гэдэг хоосон зүйл биш гэдгийг Төлөөлөгч ойлгож байлаа. Тэр хэлсэн ярьсан үгээ манай хүн мартаагүй гэдэгт ч итгэж байв. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэж сургасан нь огт оргүй ч юм биш. Хүний амьдралын гол зарчим шиг Төлөөлөгчид санагдана. Тэгээд ч тэр бүх болгоомжлол айдсаа даран хийжээ. Шаардлагатай, холбогдолтой бүх тооцоо судалгаан худал үнэн хэлж цуглуулж, нойр хоолоо хасан үнэн сэтгэлээсээ зүтгэж билээ. Бүтэн жил чухам хэчнээн удаа шалгаж, эцэст нь манай хүн дээр орохын өмнө тэр чиглэлийн нэг том эрдэмтэнд үзүүлж зөвлөгөө авахаар очжээ. Тэр хүн удаан их сонирхолтойгоор түүний зохиосон төслийг үзэж бүх тооцоог шалгасны эцэст уртаар амьсгаа аван сандлаа налан таг дуугүй нүдээ анин суужээ. Төлөөлөгчийн хувь заяа одоо энэ хүний амнаас гарах эхний үгээр шийдэгдэх ёстой болсон мэт зүрхээ чагнан хүлээж суулаа. Их сайн хийсэн төсөл байна. Жинхэнэ мэргэжилийн үүднээс их үндэслэл сайтай хийж. Ганцхан сул тал байна. Улс ийм юманд хөрөнгө өгөхгүй. Энэ чинь аравхан жилийн нөөцтэй юм байна шүү дээ. Яагаад ч хөрөнгө өгөхгүй. Ядаж хорин жил бол ч яая гэх вэ? Гэтэл ядаж Цэнгэл нуурын орчинд өөр загастай нуур байхгүй. Ингэхээр эдийн засгийн хувьд ашиггүй. Залуу минь чи хэрэггүй юманд их хүч зарж дээ. Хийхийн өмнө хүмүүстэй зөвлөхгүй. Асууж лавлахгүй яасан юм бэ?гэж их л харамсан өгүүлэхэд Төлөөлөгч нэг хэсэг тархин дундуураа татуулсан мэт гөлрөн сууж билээ.
Чамд хэцүү байгаа. Аргагүй залуу байхад юманд туршлага дутна. Аргагүй чи энэ төслөө аваачаад хэнд ч үзүүлэхгүй далд хийчих тэгээд нэг сайн архи уучих. Тэгээд ч гүйцээ чамд олон сайхан төсөл хийх нас байна. Цаг байна.
Төлөөлөгч яг тэхэд юу болсныг одоо болтол сайн сандаггүй юм. Итгэл нь ганцхан хормын дотор унахыг мэдрэх шиг хэцүү зүйл хорвоод үгүй биз ээ.
Чи юу гэж солиороод байгаа юм бэ? Юуны чинь нас байна цаг байна. Би одоо гуч хүрч байна. Та нар шиг хоцрогдсон юмнуудад дарагдсаар байгаад үхлээ. Миний нас та нарт харамсалтай биш гэхэд надад харамсалтай байна. Мэдэж байна уу. Малаа би хүний хий гэснийг хийдэг машин биш. Би та нартай адилхан байхыг хүсэж байна. сонсож бай!би та нараас юугаар ч дутахгүй. Тэгтэл яагаад та нар бидний хийснийг нулимж хаяах ёстой юм бэ? Яагаад яагаад гэж солиорч газуурсан юм шиг давшлан хашгирсаар сүүлдээ үг олдохгүй яагаад яагаад!шивнэсээр нулимас дуслуулан төслөө үзэж өгөхийг гуйсан огт танихгүй тэр хүн ууралсангүй. Харин ч бүр инээмсэглэн ойртон ирж дэргэд нь суугаад аягатай ус аманд нь багуулж хүү нь юм шиг, дүү нь ч юм шиг үсийг нь илж түүний тайвшрахыг хүлээн сууснаа.
Миний дүү аан гэж бай!
Чамд би ерөөсөө годохгүй. Ах чинь залуудаа яг л ингэж шатаж явсан. Зовлонгүй, тэр тусмаа тэмцэхгүй бүтдэг ажил гэж хаана ч байхгүй. Гэхдээ л нөөц нь их тусмаа ашигтай гэдэг нь ч ойлгомжтой. Энэ бол амьдралын жирийн үнэн. Жирийн үнэн шиг хүчтэй хууль гэж хаа ч байхгүй. Жирийн үнэн гэдгийг хэн ч зохиодоггүй юм. Хэн ч зохиогоогүй учраас тийм ч эвдрэшгүй хүчтэй  байдаг юм. Магадгүй чи энэ төслөө батлуулж ч болно. Гэхдээ чи энэ амьдралын жирийн үнэний эсрэг тэмцэнэ гээд хэсэг чимээгүй сууснаа
Энэ үнэнийг ялж ч болно гэж хэн нэгэн хүн сонсчих вий гэсэн шиг шивнэж билээ. Тэр үед түүний энэ солиорсон үгэнд нь хилэгнэн өрөөнөөсөө хөөн гаргаагүйд нь л баярласан болохоос биш хэлсэн үгийг нь цаад наад учрыг огт ойлгогүй гарч. Харин тэр хүний хэлснээр өнөөх гайт төслөө шүүгээний араар чулуудаж ганцаараа шил архи хөнтөрч орхиод нам унтжээ. Нэг сар гутарч гонсойсон амьтан бүгдийн адил ажилдаа гүйж үүрэг авч биелүүлж загнуулж магтуулж явтал мартаж орхиж болдоггүй юм гэж байдаг бололтой дэндүү их хүч цаг түүнээсээ их итгэл найдлага тавьсан болоод ч тэр юм уу өнөөх төсөл нь дотроос нь хатгаад амар заяа үзүүлсэнгүй. Тэгтэл өөрөө ч мэдээгүй байтал өөр нэг гайтай бодол сэтгэлд нь төрж тэр бодол өөрийн өдрөөс өдөрт эзэмдсээр байлаа. Энэ муу ёрын бодлыг эхлээд огт хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсээр атал бас сүүл дээ зөвтгөсөн тайлбар эрдэг болж энэ тайлбар нь олширч сэтгэлд нь лавширна. Сүүлдээ бүр айхаа ч больж хуучны танил шиг дасаад өдөр шөнөгүй сэтгэлдээ агуулж байдаг болжээ. Гэвч шийдэж л чадахгүй байлаа. Шийдэхийн тулд эхлээд өөрийнхөө хүн чанарыг ялах хэрэгтэй болсон юм. Ийм ч учраас Төлөөлөгч шийдэж чадсангүй. Энэ бол хамгийн ойрхон зам байсан юм. Энэ замаар явахын өмнө дасгах хэрэгтэй байлаа. Яг энэ үед л загас сайхан шардаг авьяас нь хэрэг болжээ.        

Энэ Төлөөлөгч нээрээ жинхэнэ ястай хүн байх гэсэн бодол Сахиулын сэтгэлд лавширсаар сүүлдээ бүр итгэхэд бэлэн болжээ. Хэдэн жилийн өмнөөс Сахиул хэн ч байсан хүнд итгэж болохгүй гэсэн хачин үзэлтэй болжээ. Тэр цагаас хойш өнөөх гайт хүний яс тодорхойлдог авьяас нь тодорчээ. Магадгүй энэ авьяас нь тодорсноос болж хүнд итгэхээ больсон ч юм билүү. Үүний учрыг олох гэж Сахиул оролдсон ч үгүй. Аж ахуйн толгой загасчин байснаа таван жилийн өмнө гэнэтхэн ажлаас гарч цалин хөлс гэж загасчинтай зүйрлэх юмгүй ажилд орсон нь бүгдийн гайхлыг төрүүлж, дуулианаараа нуурын загас дууссаны дараа орох хэрэг мандуулжээ. Түүний энэ гэнэтийн явдал Цэнгэл нуурыг цалгиулах шахаж хүмүүс элдэв янзаар нууцыг нь мэдэхийг оролдсон боловч тэр ухаан алдталаа согтсон ч алдсангүй. Солиорсноос гарцаагүй гэж бүгд итгэх шиг болж удсангүй Сахиул нэртэй болжээ. Сахиул гэдэг нь цаанаа Солиот гэсэн үг юм. Сахиул үнэхээр гэнэт хувирсан нь хачирхалтай бөгөөд хойт жил нь нуурын загас дууссан шуугиан гарсан нь Сахиулын эл хачин байдлыг гэнэт санаанд оромгүй тийш эргүүлж.
Сахиул нээрээ солиорсон хог юм. Өөрөө загас дуусгасан хэрэгт орно гэж айгаад ажлаа сольж амиа хоохойлж байгаа царай нь энэ байна. Еэ зайлуул. Ёстой солиотой хүний ажил мөндөө гэж нэг ухаантан шинжлэн дүгнэсэн нь бүгдийн сэтгэлд туйлгүй нийцэж хэдэн орой Сахиулыг шоолон инээлдэж билээ. Ямар нэг том хот биш хаяа хаяагаа дэрлэсэн хэдхэн айл тул бараг эхнэртэйгээ орондоо шивнэсэн шивнээ бүгдэд сонсдож дуулдах тул Сахиулд түүний тухай үг бүр мэдэгдэнэ. Авгай нь ямар чихээ бөглөөд явах биш орой бүр түүнийг элдвээр хараан загнана. Загнах үг нь тэр гэдгийг Сахиул ойлгоно. Сүүлдээ эрүү чилж уйдаа биз гадуур элдвээр ярих нь багасаа биз, ашгүй үглэж хөрөөдөх нь цөөрч харин хааяа нэг санаа алдан харах болжээ. Харин хэдэн хүүхдээ эцгийгээ дууриасан гэж үгний түрүүнд зандарч Сахиулын инээдийг хүргэнэ. Тэр үед л аж ахуйд түүнийг ойлгох хүн байхгүй гэдэгт Сахиул итгэжээ. Бусдад ч тэр өөртөө ч тэр гомдон Цэнгэл нуурыг үүрд орхин одсугай гэж шөнийн бодолд хичнээн удаа шийджээ. Өглөө нь босоод дээлээ нөмрөөд гарч морь харж явахдаа их уулсын хөлд тогтсон тэнгэрийн доголон нулимс шиг алгын чинээ нуурыг хармагц өөрийн эрхгүй уярч шөнийн бодлоос няцдаг билээ. Цэнгэл нуураас өөр газар ер нь амьдарч чадахгүй юм шиг санагдан бас хаяж одвол хоногоо хүлээсэн хөгшний хэдэн төгрөгийг зээлж аваад сэм зугтаасан юм шиг санагдана. Авгай нь өнөөдөр бол өнөөдөр маргааш бол маргааш нүүхэд бэлэн сууна.
Тийм ч учраас түүнийг эзгүй нуурын эрэг сахиж суух заяандаа таарсан тийрэн гэж хараадаг нь ч зүй юм. Угаас авгай нарын хараал их л үнэний хувьтай байдаг билээ. Нуурын эрэг дэх хуучин загас татдаг байсан модон гүүрэн дээр суугаад тамхи  татаж байхад юу эс бодогдохыг тэр гэх билээ. Сахиул болохоос өмнө түүнд ухаан мэдрэл гэж байгаагүй юм шиг санагдаж юуны тухай хэзээ хэрхэн бодож байсан нь ч бүү мэд. Ерөөсөө боддоггүй байжээ. Харин Сахиул болсноосоо хойш хүн гэдэг юм бодохгүйгээр нэг ч хором байж чаддаггүйг анх мэдэж, шөнө унтахдаа ч зай завсаргүй бодсоор байдагт итгэжээ. Шөнийн бодол бүр ч гайхалтай сонин. Итгэхэд бэрх хачин сонин байдаг. Энэ нь зүүд юм. Сахиулын зүүд заавал ч үгүй нууртай холбоотой байна. Нуурын ёроолын ойгоос жимс түүж загас болж торонд орж, завь болж живж ч үзжээ. Аль хөгийн юм зүүдлэхийг тэр гэх вэ? Иймэрхүү зүүд өглөө цай уух хооронд л мартагдана. Харин өнгөрсөн намар нэг ёстой зүүд шиг зүүд зүүдэлж билээ. Зүүдэндээ майхны амандах задгай галд хөлөө түлсэн боловч бодох бүр яагаад  ч юм бэ бахархалтай санагдана.
Тэр намар модны аж ахуйгаас малын тэжээлд зэгс бэлдэхээс хэдэн хүүхэд ирж, тэдэнд газар зааж өгөхөөр түүнийг явуулжээ. Зэгс ч их ч гэлээ газар мэдэхгүй хүн намагт шигдэж үхэх аюултай тул нуурын зэгс хүний гар хүрэхгүй өдий хүрчээ. Тиймгүй бол аль эрт л хяргаж дуусах байсан биз. Зэгс рүү орсон мал амьд гарна гэж огт үгүй, дээр үед нэг согтуу хүн морьтойгоо орж үхсэнээс хойш нуурын зүүн эргээр айл амьтан нутаглахыг бүр больжээ. Хүүхдүүд багшийн хамт нэг том асарт байх тул Сахиул ганцаар муу ноорхой майхнаа шааж дэргэд нь буужээ. Майхныхаа үүдэнд задгай гал түлж сарны гэрэлд зэгс шуугихыг сонсон суухад юу эс бодогдох билээ. Зэгс намуухан шивнэх мэт шуугих нь цаанаа нэг уйтай, цаанаа  нэг уяралтай. Авгай нь анх танилцаж байсан залуу зандан насандаа юу гээд байгаа нь үл ойлгогдох олон юм чих рүү нь халуун оргиулан шивнэдэг байсан нь санагдах шиг тийн элдэв дээдийн юм бодон суусан нэг орой ийм зүүд зүүдэлжээ.
Нэг их баян айл нуурын зүүн эрэгт зусчээ. Олон сайхан адуутай мөртлөө ганц муу хээр морийг өдөр шөнөгүй зогсоо зайгүй талхих нь гачлантай. Энэ морь нь Сахиул байжээ. Гэрийн гадаа уяан дээр дөрвөн мөчөө янгинахыг тэсвэрлэн зүүрмэглэн зогстол гэнэт эзний нь дуу гарч сэрээжээ.
Энэ муу хээр морь хөгширч, хүнд хэрэг болох нь өнгөрч. Одоо жаахан гайгүй дээр нь модны аж ахуйханд аваачиж махалъя байз. Намрын махассан хүмүүс тарган морины мах булаацалдаад л авна. Ерөөс оройтолгүй маргааш явъя гэхийг сонсмогц уяагаа шувт татан зугтжээ. Хөдөө тийш зугатаасан боловч баяны олон хурдан морьд дорхноо гүйцэн ирэх нь тэр.
Тэгмэгц нь нуурын эрэг рүү хамаг тэнхээгээ шавхан хурдалжээ. Энэ бол үхэл гэсэн үг гэдгийг ойлгосон боловч яг тулахын цагт үхэл бас л олон янз ажээ. Ямар ч байсан хүний гарт орж үхэхгүй гэж шийджээ. Зэгс лүү ормогц түүнийг нэлээн хөөж байгаад орхив.
Орхихоос өөр аргагүй. Ганц муу хөгшин морь хөөж намагт живж үхэлтэй биш буцах шиг болжээ. Гэтэл тэнд намаг байсангүй. Яг л ойд яваа мэт анхилуун үнэр сэнгэнэж хуурай сайхан байсан тул бүр зэгсний гүнд орж бараг нуурын захад очжээ. Тэгээд амь ч гарлаа. Өнөөх намагтай гэдэг нь шал худлаа юм байна шүү дээ. Өнөө согтуу хүн гээд яриад байдаг нь лав энэ нуур луу орж үхсэн биз гэж бодож зогстол гэнэт тал талаас нь хар утаа багшран байж суухын аргагүй халуун төөнөх нь тэр. Хүмүүс түүнийг ямар ч үнээр хамаагүй барьж авахаар шийджээ. Үхэхээс өөр арга алга болжээ. Нэг бол шатаж үхэх, үгүй бол буцаж очиж баригдах болжээ.
Энэ хооронд их зүйл бодогдох ажээ. Буцаж очвол ядаж ганц хоног ч болов амьдрах юм даа. Тэгвэл ганц ширээ үзэж хэдүүн хээр хоносныхоо орыг авах юмсан гэж боджээ. Гэтэл утаа халуун хоёр байж суухын арга алга. Ямар ч байсан эзний гарт орохгүй гэж эцэст нь шийдээд загас болон нуурын усанд ортол дээрдэх юмгүй халуун бүгчим байлаа. Удсан ч үгүй нуурын ус буцлан тэр дороо ширгэж хүмүүс түүн рүү хашгиралдан давхин ирж тас зууран хэвтсэн дээлнээс нь угз татан босгожээ. Зэгс ч байхгүй нуур ч байхгүй загас ч байхгүй, морь ч байхгүй болох нь тэр.
Нээрээл хүүхдүүд хашгиралдан ирж түүнийг сэрээжээ. Шөнө зүүдэндээ хучсан дээлээ тийрэн гал руу оруулж ассан хойно нь буцаан татаж тэр нь майханд авалцсан бололтой. Хүүхдүүд бүлтэлзэн түүнийг тойрон зогсож байлаа. Дэргэд хүн байгаагүй бол ёстой майхантайгаа цуг шатаж үхэх байсан мөртөө эзний гарт ороогүй сэрсэнээ их л бахархан бодох болсон билээ.       
Гэнэт хэн нэгэн хүн
Энд зогсоотох гэж хэлэх шиг болоход Сахиул өөрийн мэдэлгүй мотороо унтраалаа. Төлөөлөгч юу ч дуугаргаагүй мэт уруулаа жимийн нүд нь гялалзан байдаг. Сахиул юм асууж төвдсөнгүй. Завь нь эрчиндээ явсаар чийгтэй мананд хучигдан чив чимээгүй дүнсийх элсэн шугуйн захад очоод зогсов. Сахиул Төлөөлөгчийг итгэж биширсэн харцаар ширтэнэ. Таг дуугүй урагш гөлрөн явах төлөөлөгчийн эл хачин байдал Сахиулд сүүлдээ онцгой агуу хүчийг шингээсэн юм шиг санагдах ажээ. Ерөөсөө учрыг нь олохгүй юм бүхэнд тийм чанар байдаг биз. Сахиул уг нь нэлээн олон Төлөөлөгч үзсэнсэн. Ийм учир нь үл олдох ганц хараад л түүнийг айлгасан Төлөөлөгчийг ер үзсэнгүй. Төлөөлөгч бүр айлгах гэж хардаг учраас  хүн мэдчихээд айдаг юм. Харин энэ Төлөөлөгч айлгах гэсэнгүй. Харин түүний айлгах гэснийг мэдчихээд дооглон ширтсэн нь хариуг нь мэдүүлжээ.
Иймээс Сахиул Төлөөлөгчийн ясыг мэдэх гэж бодохоо бүр орхичоод бүх юмыг төлөөлөгчид даатгаж орхиод чимээгүй ширтэн түүний юу хэлэхийг хүлээж суулаа. Гэхдээ энэ хүнд л өөрийн олон нууцаа хэлье гэж, намайг ойлгох хүн гэж юундаа ч юм бүр хатуу итгээд ганцхан ам нээх аятай мөчийг хүлээж байлаа. Хэлье гэж аман дээр нь гарч ирэх боловч түүний бодлыг үргээж зүрхэлсэнгүй. Төлөөлөгчийн хурц харц нүүрний чангарсан булчингуудыг харахад хэн ч гэсэн дуугарч боломгүй санагдана. Ямар нэг агуу их зүйл сэтгэх мэт ажээ. Сахиул завиа хөдөлгөхгүй гэж хоёр ирмэгээс нь зуурч амьсгаагаа хураан суулаа. Төлөөлөгч зэгсэн шугуйн дээгүүр ширтэн гүнзгий бодолд дарагджээ. Хааяа ам нь хөдлөх боловч юу гэж байгаа нь үл сонсдоно.

Төлөөлөгч үнэхээр өөрийн хувьд агуу ихийг бодож зогслоо. Агуу их зүйл байсан учраас ч Сахиул түүнийг хараад дуугарч чадахгүй сүрдсэн билээ. Энэ бол түүний амьдралын тухай, амьдралаа яаж хамгаалах тухай учраас түүний хувьд агуу юм. Энэ бол үхэж байсан хүн мөнх насыг олсон шиг тийм үнэтэй байсан учраас агуу байлаа. Чухам энэ нуурт түүнийг аврагч байгаа гэдэгт итгэж бодож байсан. Тэгэхдээ ийм их зэгсэн шугуй байна гэж огт санаагүй учраас тэр. Хориод жилийн өмнө ирэхэд энэ зэгс ийм их байгаагүй. Гэтэл одоо хараач. Ямар байна. баярласан бахархсан сэтгэл нь хязгааргүй цалгиж болдогсон бол энэ зэгсэн дундуур хашгиран дуулан гүймээр ширхэг бүрийг нь үнсэхэд бэлэн байлаа. Өглөөний гутарсан мухардсан сэтгэлийн бөглөө гэнэт онгойж одоо энэ ертөнц дээр түүнд айх юм юу ч байхгүй гэдэгт итгэж байлаа. Нуурын дундах хадан арлын дэргэдээс нааш хөтлөн ирсэн энэ Сахиулд баярлаад барахгүй байлаа. Буцах уу гэхэд нь Төлөөлөгч юу ч хэлээгүй. Буцсан бол тэгээд л чимээгүй явах л байсан. Гэтэл хувь заяа гэдэг ийм өгөөмөр байдаг ажээ. Хүнд муу юм сандаггүй юм байна даа би гэж Төлөөлөгч баясан бодож зогсов. Одоо цаашид юу хийх яах ёстойгоо одоо энэ зэгсийг харж байгаа шигээ тод харж байлаа. Бүр энэ бодлынхоо амтанд орж биеэ барьж чадахгүй болжээ. Энэ бол зүгээр нэг хоосон мөрөөдөл биш биелэх ёстой, биелүүлэх ч ёстой тийм мөрөөдөл юм. Энд тэжээлийн жижиг үйлдвэр барина. Бариад байх ч юмгүй. Жижиг саравч барина. Тэгээд Хадат нуурын зэгсийг түшиглэн тэжээлийн үйлдвэр байгуулахаар захиалсан боловч нуурын зэгс дууссан хойно ирсэн машинууд байгаа. Тийм болохоор тоног төхөөрөмжийн талаар зоволтгүй. Олон мянган төгрөгийн үнэтэй хэрэггүй машинуудаа далд оруулах гэж аргаа барж байгаа хүн бий. Гол нь тэр машинд Төлөөлөгч огт хамаагүй учраас тэр машинуудыг ашиглах тухай санал гаргахад манай хүн дэмжинэ гэдэг тодорхой байлаа. Тэжээлийн энэ машины тухай өөрсдөө дуугарч ашиглах санал гаргах нь бүү хэл болж өгвөл чимээгүй байхыг хичээж байгааг ашиглана гэдгээ Төлөөлөгч яг тооцжээ.
Ашиглах хүчний асуудал жаахан ярвигтай. Төлөөлөгчийг айлгаж байгаа зүйл энэ. Гэвч айвал бүү хий. Хийвэл бүү ай гэдэг. Манай хүн дээр ороод яг юу гэж хэлэхээ ч одоо бодож байлаа.
Цэнгэл нуурын загас агнуурын аж ахуйн асуудлыг газар дээр нь очиж шалгаж танилцсаны дүнд надад ийм санал байна. Одоо 500км зайтай Баян нуураас загас барьж байгааг зогсоож Цэнгэл нуурын эргийн их хэмжээний талбайг сүүлд тодорхойлно. (нөөцийг ч мөн адил) талбайд байгаа зэгсийг ашиглан тэжээлийн үйлдвэр байгуулах хэрэгтэй байна. Энд хэд хэдэн давуу тал байна. Нэгд: бидэнд тоног төхөөрөмжийн гачигдал байхгүй. Хадат нуурын тэжээлийн үйлдвэрт захиалж авчирсан машинууд бэлэн байж байна. Хоёрт: ажиллах хүч бэлэн байна. Загас агнуурын аж ахуйхныг тэр чигээр нь шилжүүлнэ. Гуравт: Цэнгэл нуурыг агнуурын нөөцтэй болтол загасны аж ахуйг ашигтай ажиллуулах бололцоо гарна. Ингэснээр хэдэн жилийн дараа тэжээл ч бэлддэг, загас ч агнадаг аж ахуй болно. Төлөөлөгч яг ингэж хэлнэ гэж итгэж нүдэндээ харж зогслоо.
Манай хүн түүнийг нүдээ онийлгоод удаан ширтэнэ. Энэ бол өөрийнхөө бодолд хэр зэрэг итгэлтэйг шалгаж байгаа хэрэг. Тэдний ажилтнууд бүгд энэ харцны учрыг мэддэг хэрнээ их итгэлтэй хүн болох гэж хичээгээд сандарч баларч байсан удаатай. Манай хүн хүн болгоныг ингэж шалгахгүй. Шалгах ч юмаа шалгана. Энэ бол Төлөөлөгчийн хувьд юу ч биш. Давах даа л давна. Харин хэдэн жилийн дараа зэгс дуусахын цагт яах вэ гэдэг л байлаа. Гэвч тэр болтол зай ч байна. лай ч байна. Энэ хооронд юу ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь тэжээлийн үйлдвэр байгуулчихвал бүх асуудал өөр хүнд шилжиж хэдэн жил өнгөрөхөд хуучин загасны аж ахуй байсан гэдэг нь л үлдэнэ. Энэ л түүний бодлын агуу нь юм. Тэр үед энэ үйлдвэр Төлөөлөгчид огт хамаагүй болж, яах гэж байгуулсан бэ гэж хэн ч түүнээс асуухгүй, асуусан ч түүнд өөрийгөө хамгаалах юм гар дор бэлэн байх болно. Тэр үед  юугаарч хамгаалж болно. Яаж ч хамгаалж болно. Энэ бол одоо санаа зовох юм биш. Хамгийн гол нь тэжээлийн үйлдвэр байгуулахыг л зөвшөөрүүлэх нь чухал. Тийм чадал одоо Төлөөлөгчид байгаа билээ.Тэр одоо хорин жилийн өмнөх гүйцэтгэх ажилтан биш.Харин гүйцэтгүүлдэг хүн болсонд байлаа.Тиймдээ ч хэн нэгийг нь нааш нь явуулаагүй өөрөө бие үл хайрлан ирсэн билээ.Өөрөө явахаар шийдсэндээ ч одоо баярлаад барахгүй өөрийн мэдэлгүй талархлын үгс шивэгнэж зогслоо.
Бурхан минь чамд их баярлалаа. Их баярлалаа гэж амандаа давтан давтан шивнэхдээ түүний энэ үгийг хэн ч сонсохгүй гэдэгт бат итгэнэ.Үнэхээр хэн ч сонссонгүй, завиа хөдлөгчихвий гэж эмээсэндээ хамаг биеэ хөвчлөн суусан Сахиул юуны юм сонсохтой манатай. Манан өтгөрсөөр нуурын дээр аадрын бараан үүл нүүгэлтэн тодорч удалгүй бороо дусаж эхэллээ. Төлөөлөгч зогссоор л байв. Ингэж гэнэт заяасан тэнгэрийн хишгийг дуустал хүртэх ёстой гэж итгэсэндээ, басхүү борооноос нь зугатвал хилэгнэнэ гэж айсандаа ер нь энэ зэгснээс холмооргүй санагдсанд тэгж тэвчээртэй зогссоор байлаа. Бороо ширүүсч бүр хувингаар цутгах мэт асгарч эхэллээ. Нуруу руу борооны хүйтэн ус урсаж эхэлхэд.
Цув нэвтэрлээ гэж Төлөөлөгч баяртайгаар сэтгэлдээ дуу алдан бодов. Завины ёроолд ус тогтож эхлэхэд Сахиулын сэтгэл түгшиж, бас хүүхдүүд авч алга болчихдог болохоор нь хувин жижиг модон сэлүүр хоёроо аль хавар аваад далд хийж орхисон тул бүр ч айж орхив. Гэнэт үүнийг мэдмэгцээ сэтгэлд нь муу совин татаад явчихлаа.
Явъя Төлөөлөгчөө. Та бүр нэвтэрч орхилоо гэж борооны шаагих чимээг даран хашгирав. Төлөөлөгч тэнгэр өөд хялам хийгээд доош сууж
Гэр лүүгээ гэж баясгалантайгаар хашгирав. Мотор ч хүйтэн агаарт утаа савсуулан аслаа. Нуурын мандал аадар борооны том ширхэгтэй дусалд боорцог чанаж байгаа тос шиг үсчин буцлана. Сахиулын сэтгэлд төрсөн муу зөн улам нэмэгдэн завь нь удаан яваад байх шиг санагдаад болсонгүй. Харин Төлөөлөгч хүйтэн хувцас нь биенд наалдахыг ч тоохгүй завины хошуун дээр омог бардам суугаад нүүрлүүгээ унжих үсээ сэгсрэн инээж явав. Гэнэт завины дор нь нэг юм тасхийн дуугарч гэнэт овгосхийн хүчтэй донсолход хоёул завины ёроолд өөрийн мэдэлгүй мөргөлдөн унаж, тэр дороо л ухасхийн барих юмаа тэмтрэн өндийлөө. Завины нь хошуу дээшээ өлийн бөгсөнд гарсан цоорхойгоор ус бургилан орж байлаа. Сахиул л хөвөнтэй цамцаа тайлан ухасхийв “даанч муу ёрлоод байсан юмаа” гэж Сахиул бодож амжлаа.

Тэгэхэд үнэхээр загас сайхан шардаг авьас нь хэрэг болж билээ. Олон сар бодож, эргэлзэж, эцэст нь хамгийн богинохон тэр замыг сонгожээ. Аравхан жилийн нөөцтэй нуурт загас агнуурын аж ахуй байгуулахыг хэн ч зөвшөөрөхгүй гэдэг нь үнэхээр тодорхой байлаа. Гэтэл энэ төслөөсөө ухрана гэдэг амьдралаас сайн дураар татгалзах хэн нэгэн овсгоотой хүнд өөрийн байрыг тэмцэлгүйгээр тавьж өгсөнтэй яг адил билээ. Бэлээс нь харахад нүд булаан, гялалзах, зүүдэнд нь үргэлж үзэгдэн – Ирээч гэж дуудах тэр оргилыг алдах хүсэл даанч байсангүй. Шийдвэргүй амьдрана гэдэг үхэлтэй адилхан. Ингээд л шийджээ. Танилаасаа авсан хэдэн загасаа ёстой нэг гараа гарган шарж, гялгар уутанд шил архитай сугавчлаад нөгөө төслөө гартаа барьсаар амралтын өдөр Манай хүний хаалгыг зүрх алдан тогшжээ.
Манай хүн түүнийг огт санаандгүй, бүр олон жил уулзаагүй, төрсөн дүүшигээ баярлан угтаж, тэр бүү хэл “утасдах ч үгүй, уулзах ч үгүй” гэж гомдол гаргасан нь түүнийг гайхуулжээ.
Би чиний тухай асууж байдаг юм аа. Танай дарга их ам сайтай байна лээ шүү. Би ч чамайг их магтдаг юм. За ямар хэргээр ирээв. Надад шарсан загас авчрав уу
Тэглээ. Танд шарсан загас авчирлаа. Манай хүн загасны тухай тоглож хэлсэн бололтой санаандгүй энэ үгэнд ангайн гайхаж
Нээрээ юу гэхтэй нь зэрэг боодолтой юмаа нүдээ аниад л атгуулж орхижээ. Манай хүн гаднаас нь нүдээ анин тааламжтайгаар хэсэг үнэрлэснээ
Хөөе, чи ор! Хувцсаа тайл, хоёулаа энэ сайхан юмыг чинь хуваагаад гээд үгээ дуусгаж чадалгүй галынхаа өрөө рүү гүйх шахам оров. Төлөөлөгч зүрх түгшсэн хэвээр гоёмсог тавилгатай зочдын өрөөнд оржээ. Гэтэл галын өрөөнөөс
Хөөш энэ бас ямар гээч загас вэ? Гэх хөгжилтэй дуу гарахад Төлөөлөгч цочсон боловч дууны нь өгнө уур уцааргүй, харин ч баясгалантай байсанд жаахан тайвширчээ. Удсан ч үгүй Манай хүн шарсан загасаа тавганд овоолж, бас тэссэнгүй бололтой амандаа үнхчихсэн нөгөө гарынхаа хурууны салаанд шилтэй архийг хоёр хундагтай хамт эв хавгүй хавччихсан орж ирэв. Тэр оройг тэд их хөгжилтэй сайхан өнгөрөөж, Манай хүний яриаг бишрэн сонссоор гол юмаа мартах шахаж билээ. Төслийнхөө тухай нэг зайнд нь цухуйлгатал Манай хүн тэр дороо яриагаа орхин түүнийг зэмлэнгүй харж
Чи тэгээд орж ирээд л хэлэхгүй яасан юм бэ? Алив, давай! Гэж захиран хэлээд түүний төслийг шохоорхон уншиж, хажууд нь хүн байгааг мартах шиг болжээ. Тэгснээ бүх юмыг хойш тавьж тамхи татан түүнийг анхааралтай ширтэн суув. Ингэж Төлөөлөгч анх удаа Манай хүний шалгалтыг үзжээ.
Хэдэн жилийн нөөцтэй юм бэ дээ тэгээд! Нөөцийг төсөлд тэртэй тэргүй бичсэн байсан ч гол учир энд нуугдаж байгаа, Манай хүн мэдчих шиг л болоход дотор нь палхийн хивсний хээ жирэлзэн хөдлөх шиг болжээ. Гэвч тэр үед түүнд ухрах бултах газар байсангүй. Дүүрвэл ч дүүрч гэж боджээ.
Хамгийн наад зах нь хорин жил, ингэж хэлчихээд харин дүүрсэн хүн гэсэн шиг сэтгэл нь гэнэт тайвширч бүр зөвшөөрөхгүй бол эсэргүүцэн маргахад ч бэлэн болов.
Тэр ч тийм л байна л даа.
Хэнээс зөвлөгөө авсан. Яаж судалгаа хийсэн.
Зөвлөгөө авсан ганц нэг хүн бий. Гэхдээ би биеэ дааж хийсэн. Юу чаддагаа үзье гэсэн. Хийснийхээ хойно хэд хэдэн хүнд үзүүлсэн. Зарим нь сүүлдээ хариуцлага хүлээхээс айдаг юм уу, хариу хэлэхгүй жил гаран дарлаа. Тэгээд л танд итгэж,  Би хувьдаа сууц гуйж яваа биш. Би улсдаа ашигтай юм хийе гэж бодсон. Юунаас ч юм түүний шар нь хөөрч биеэ барьж чадсангүй. Сая уусан хоёр гурван хундаганаас ч болсон юм уу бүү мэд. Манай хүн хөмсгөө зангидан сандлынхаа хоёр хашлагыг атган бодол болов.
Хэнд үзүүлсэн гэлээ
Төлөөлөгч үгээ хэлэхийн өмнө хэсэг бодов. Үзүүлсэн улсууд дотор нь нэрийг нь баривал хүнд нөлөөлж чадах хүн ганцхан байлаа. Энэ бол амьдралын жирийн үнэн гэдгийн тухай ярьсан тэр хүн байв.  Одоо шийдсэн замаасаа няцах үе нэгэнт өнгөрснийг ойлгож суулаа. Нэрийг нь хэлэв. Манай хүн ухасхийн босож.
Сууж бай! Гээд төслийг нь барьсаар гарч явахад нь зүрх нь түгхийн зогсчих шиг болж, утас торхийн эргүүлэхийг сонсмогц
Ингээд дүүрчээ! Гэж гомдсон ч үгүй, айсан ч үгүй, зүгээр л харамсан бодоод өмнөө байсан том болор хундагатай архийг хөнтөрч орхив. Юу ярьж байгааг сонсох ч хүсэл байсангүй. Нэгэнт мэдээж юмыг сонсоод ч нэмэр алга. Одоо бүх юмыг хэлнэ. Нуурын агнуурын нөөцийг худлаа нэмсэнийг чинь хэлнэ. Бас дараа нь юу гэж загнасныг ч хэлнэ. Ингээд түүний хүсэл өнөөх гэрэлт оргил бүгд замхран нурна. Нурахдаа бэлдээ байгаа түүнийг няц дарна.Ийм хувь заяатай байж гэж гашуудан бодоод дээрээс нь нурна ирж  сунган толгойгоо тавьж өгчээ. Хичнээн  ярьсан юм бүү мэд. Цаг магадгүй бүр хоёр гурван цаг болох шиг болжээ.Хамгийн хэцүү тамлалт гэж ийм байдаг биз. Хаалга онгойн орж ирэх сонсдов. Толгойгоо өргөх ч тэгнхээ байсангүй. Хараад ч яах юм билээ. Харах зүрх ч хүсэнгүй. Дэргэд нь суув. Дулаахан нүд, гар мөрөөр нь тэврэв. Зүгээр тайтгаруулж байна гэж бодогдов.
Чи чинь согтчихоо юу гэх найрсаг дуу сонсдов.
 Төсөл чинь надад байж байг. Би яриад үзье
Нэг л боломжийн санагдаад байна. Сая ч ярилаа. Их дэмжиж байна шүү. Чамайг их тоож байна. Ухаантай бас их зоригтой залуу. Надад их таалагдсан гээд л үгээ олохгүйл байна. Сайн байна чи хүний үгийг их зөв тусгаж авдаг залуу юм.  Би чамд тэр жил Цэнгэл нуурын дэргэд юу гэж хэллээ. Би ийм хүнд их дуртай. Чи нээрээ зоригтой хүн юм. Би чамд тусална. Би үүнийг загас архины чинь төлөө хэлж байгаа юм биш шүү. Төслийн чинь төлөө  хэлж байгаа юм. Энэ төсөл чинь надад байж байг. Би ярья. Хүмүүст үзүүлье. Дээш нь ярья.
Тэднийхээс Төлөөлөгч гараад явж байхдаа баярлаж чадахгүй, харин улам их айж байлаа. Түүний мэхийг ганц нэг хүн анзаараагүй дүр үзүүлж ч болно. Одоо л энд үзнэ, ярьна, хэлэлцэнэ. Яалаа гэж мэдэхгүй байх юм бэ. Мэдэж л таараа. Ингээд ганц хүнийг хуурсан биш улсаа хуурсан болно. Ингэж бодоход юуны баярлахтай манатай. Үнэнээ хэлж, төслөө эргүүлэн авах гэж шийдэн эргэсэн боловч орж чадалгүй буцсан билээ. Маргааш нь ажил дээрээ очингуут утасдаж үнэнээ хэлэхээр яг таг шийдэн шууд тэндээсээ ажилдаа очжээ. Бие засах газар орж өрөөнийхнөө ирэхээс өмнө утасдаж, хүн мэдээгүй дээр гайт төслөө буцаан авъя гээд утсаа залгав. Утас дуудаж эхлэхтэй зэрэгцэн байхгүй байгаасай гэсэн бодол зүрхийг нь шаналгав. Гэнэт танил цээл хоолойгоор
Байна уу? Гэж сонсогдмогц хэл нь хөдөлсөнгүй
Байна уу? Гэж хоёр удаа уриалгахан дуугарсанаа сүүлд нь уцаарлангуй хэд асуугаад утсаа шидэж орхив. Чихэнд нь дийд дийд гэсэн дохио хангинасаар байлаа. Өрөөнийхнөө орж ирэхэд утсаа чагнасан чигээр суусаар байжээ. Төслийн тухай энд мэдэх хүн хэн ч үгүй тул Манай хүнтэй ярина гэж санахын ч хэрэг алга. Ганцхан өдөр хүний бодол хичнээн олон хувирч өөрчлөгддөгийг тэгэхэд мэдэж, харин хэлж чадахгүйн учир үнэн юм хэлэхээс айдагт л байна гэдгийг мэдсэн мөрт зөвшөөрч чадахгүй орой болгожээ. Дээрх хүнийхээ хэлснийг хийчихээд юм хэлэхгүй бол дэмий сууж сонин уншиж, энэ тэр хүүхэн рүү утасдаж, гадуур ажилтай гэж дэлгүүр хэсэж, орой ажил тараад өнөөдрийн ажилдаа сэтгэл хангалуун маадгар алхсаар харьдаг энэ хүмүүстэй насаараа хамт сууна гэхээс тэсэхийн аргагүй. Тэгээд их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий гэж гэнэт шийдээд юу ч болбол болог алдвал ч алдъя, хожвол ч хожъё гэж бодон таг чиг болжээ.Хэдэн сарын дараа ингэж шийдсэн нь хичнээн зөв байсныг мэдээд анх удаа сэтгэлдээ залбирч билээ. Загас агнуурын аж ахуй байгуулах төсөл Төлөөлөгчийн амьдралдаа хийсэн хамгийн анхны, хамгийн зоригтой, бас хамгийн осолтой ажил байсан юм. Энэ удаа Төлөөлөгч хожжээ. Хожих хожихдоо бүр бүгдийг хожсон юм. Аж ахуйн төсөл батлагдахаас өмнө Төлөөлөгч “шоргоолжныхоо” үүрнээс суга үсрэн гарч манай хүний хамгийн итгэлтэй туслагч ажилтан нь болжээ. Манай хүн түүнд үнэхээр итгэжээ. Батлагдтал нь Төлөөлөгч сэтгэл зовон нойргүй хоносон нь тоогүй. Төсөл батлагдаж аж ахуй байгуулагдаад ажиллаж эхлэх хүртэл амаргүй байлаа. Төлөөлөгч ажлаа хийхийн хажуугаар тэр аж ахуйг анхаарлын гадна орхиж болохгүй байлаа.  Загас агнах төлөвлөгөөг багаар тогтоож болсонгүй. Хүссэн ч хүсээгүй ч өндөр тогтоож, бас жил бүр нэмэх шаардлагатай болно. Төлөөлөгч төлөвлөгөө нэмэхийн эсрэг хичнээн зогслоо ч өнөөх байгуулсан аж ахуй нь жилийн төлөвлөгөөг бүр давуулан биелүүлэх нь хачин. Ингээд л төлөвлөгөөг нэмнэ. Ингэсээр байтал хэмжээтэй нуур хэмжээтэй нөөц нэг л мэдэхэд бөөн шуугиан дэгдэх нь тэр. Төлөөлөгч ийм болно гэж мэдэж байсан болохоор аргалах аргаа эртнээс бэлдсэн байлаа. Гэвч тэр арга тун явцгүй. Нэг л шалгалтаар сүйрч мэдэх аюултай байсан юм. Тэр цаг ч иржээ. Яг энэ үед өөрөө эхэлсэн, өөрөө л дуусгах ёстой гэж шийджээ.  

Ямар нэг юм бодож шийдэх зав цаг байсангүй. Юуны түрүүн завины цоорхойг бөглөх хэрэгтэй байлаа. Ухаан нь орон гаран болтлоо сандарсан Сахиул хөвөнтэй цамцаа цааш нь бүлтэртэл чихэж орхижээ. Ус дахиад л оргилон дайрч эхлэв. Гарт юу ч дайралдсангүй. Цамцаа тайлан чихсэн боловч нэмэр алга. Гайхсан юм шиг гөлрөн зогссон Төлөөлөгчийг харсан ч үгүй.
Алив цуваа гэж галзуурсан юм биш орилов. Төлөөлөгч сандчин цуваа тайлах гэтэл нойтон цув нь тийм амар мултарсангүй.
Юундаа хөдөлж ядаад байгаа юм бэ? Бушуулаач! Амьд үлдвэл цув олдоно гайгүй гэж Сахиул орилон сонсохын аргагүй хараал тавив. Арайхийн цуваа тайлан өглөв. Муу хальс шиг цув юу ч болсонгүй. Пиджакаа! Гэж Сахиул орилно. Төлөөлөгч халаасанд нь байсан түрийв ч бичиг баримтаа самбаачлан аваад шидэх гэтэл хальт үсрэн унаж пиджак нь нуурын усанд буудуулсан элээ шиг нэвсийн харласаар шүүрэх завгүй живэн одов.
Үхэл чинь ирж дээ гэж Сахиул шархалсан араатан шиг архираад
Бүх хувцсаа тайл! Бушуул гэж орилсоор нэг гараар өмд гутлаа тайчив. Хоёул ингээд богино өмдтэйгөө хоцорч ус орох нь зогссон боловч завинд ус дүүрч эвгүй хөдөлвөл нуурын ус хашлага давах нь холгүй буриглана. Бас дээрээс нь бороо цутгасаар. Сахиул цоорхойд чихсэн хувцсаа усан дотор хар таамгаар дарж. Төлөөлөгч түрийвч элдэв үнэмлэхээ ус болгожээ. Хажуу талд нь Төлөөлөгчийн цүнхний нь булан цухуйна. Түр ч болов амсхийж эргэн тойрноо харж болохтой болжээ. Ганц ч минут бололгүй хүйтэн бороонд цохигдон эрүү ам дагжиж өвдөгнөөсөө эхлэн тас хөрч эхэллээ. Ингээд үхдэг байжээ гэсэн бодол хамаг биеийг нь эзэмдэнэ. Ямар юм дайрсныг хэн нь ч сонирхсонгүй. Юу ч байсан одоо өнгөрсөн хэрэг. Чулуу байсан уу аль эсвэл тэр өвөл мөс цөмөрч живсэн трактор байсан уу бүү мэд. Сахиул усан дотор гараа хөдөлгөн бөглөөсөө бэхлэхийг оролдоно. Ус орохгүй нуурыг ч савнаас нь бялхааж мэдэх янзтай асгана. Нуурын ус завины ирмэгт ойртсоор байлаа. Төлөөлөгч бороо зогсвол аврал ирж магадгүй гэж итгэж тэнгэр өөд гөлрөн ширтэнэ. Бороо нүүр нүдгүй шавхуурдана. Атгасан түрийвч, үнэмлэх бичгүүд нь доош мултран унаж живэх нь живж хөвөх нь хөвнө. Үүнийг анзаарсангүй. Үнэмлэхнүүд борооны дусалд цохигдон нэг далд орон нэг ил гаран эргэлдэн зарим нь Сахиулын зүг одов. Бичиг нь усанд уусан нүүжээ. Сахиулд мэдээтэй юм нь ганцхан чих нь үлдсэн юм шиг санагдан хамаг биенд нь зөвхөн борооны шаагих чимээ сонсдоно. Зүрх нь цээжиндээ багтаж ядан цохиж
Одоохон! Одоохон! Одоохон намдана гэж шивнэнэ. Усанд дүрж тэнхээгээрээ дарснаас болж хоёр гар нь мэдээ алджээ. Гарт нь юу ч баригдаж мэдрэгдэхгүй болжээ. Гэвч ус орохгүй байгаад итгэж байлаа. Ийм ширүүн бороо удахгүй дээ гэж бодовч хэн тэрийг одоо батлах билээ. Нүдний нь буланд нэг юм бүртэлзэхийг харвал Төлөөлөгчийн үнэмлэхүүд ажээ. Төлөөлөгч хоёр гараа элгэндээ тас наан тэнгэр өөд гөлөрчээ. Нүүр лүү нь борооны ус урсана. Бодвол өнөөх үнэмлэх бичиг нь гарт нь байгаа гэж бодсоор бололтой. Сахиулын инээд хүрэх шиг болов. Төлөөлөгчийн эрүү хавшин чичирч байснаа гэнэт солиорсон юм шиг орилж эхлэв. Юу гээд байгаа нь үл ойлдоно. Сахиул эхлээд хэсэг гайхан харснаа сэтгэлд нь хачин зэвүүн сонсогдоод болсонгүйд  тэсэлгүй уурсан хашгирав.
Хөөш чи юу гэж бархираад байгаа юм бэ?бурхныг дуудаа юу. Аль эсвэл ня-бог дуудаа юу. Одоо аль нь ч сонсохыг өнгөрсөн. Хоёулаа гэртээ хэвтэж байгаа. Дуугай бай гээд байна шүү дээ. Болиоч чихэнд чийртэй юм гэж тэнхээгээрээ хашгирсан боловч цаадах нь дуулж мэдэж байгаа янз алга. Арга барахдаа ийш тийш харвал холгүй Төлөөлөгчийн нэг шаахай дөнгөж данган цухуйн хөвж байгааг хармагцаа нэг гараа болгоомжтойгоор гарган атгаж тэнийлгэж үзээд шаахайг авч төлөөлөгч рүү шидээд завь дайвалзан хөдлөнгүүт бушуухан гараа оруулан бөглөөсөө дарав. Цээж рүү нь шаахай ирж цохиход сая Төлөөлөгч алмайран дуугүй болж түүний өөдөөс гөлийн ширтэв.
Юу гэж солиотой юм шиг орилоод байгаа юм бэ? Төлөөлөгч түүний үгийг сонссон ч юмуу лав л орилохоо больчихоод энд тэнд хөвөх үнэмлэхнүүдээ харж түүхээр ухасхийхэд нь завь далибалзан ирмэгээр нь ус орж ирэв.
Битгий хөдөл малаа гэж Сахиул хавхтай чоно шиг архиран хашгирахад Төлөөлөгч өцийсөн чигээр хөшиж завины ирмэгээр сэм сэмхэн давах ус, Сахиул хоёрыг айсан харцаар ээлжлэн ширтэв.
Харж байгаа биз хөдлөвөл  л үхлээ гэсэн үг гэж Сахиул аяархан хэлэв. Төлөөлөгч өвдөг дээрээ бээцийн сууснаа дэргэдээ цухуйх цүнхээ авч сэмээрхэн завинаасаа гарган хаяв. Хэн нь ч дуугарсангүй. Дуугарах ч хэрэггүй байлаа. Гэнэт салхи хөдлөн борооны дусал хорстол алгадаж эхлэв. Салхи гарвал ч учиртай шүү гэж Сахиул борооны дуслаас нүүр буруулан Төлөөлөгч рүү хашгирав. Цаадах нь нэг муу юм голтой дохиж харагдана. Гэнэт эргэн тойрон нам гүм болов. Эхлээд учрыг олсонгүй. Хэдэн хормын шуурган бороонд алгадуулж мэдээ алдсан амьтан сая л ухаарч эргэн тойрныг харвал бороо намдах шиг болжээ. Бүр ч намдсангүй нарийхан ширхэгтэй бороо шивэрч харин салхи улам хүчтэй хавирга нэвт үлээж эхэллээ.
Ашгүй зогслоо гэж Сахиул Төлөөлөгчид хэлээд харвал Төлөөлөгч элгээ эвхээд дороо нугдайн унажээ. Үс нь завин дотор тунасан усанд дүрэгдэнэ. Хамаг бие нь бөмбөгнөн чичирч байлаа.
Хөөе төлөөлөгчөө бороо зогслоо. Одоо осгоно шүү осгоно. Энэ ус руу аятайхан ороод хэвт гэж Сахиул хашгирсан боловч цаадах нь хөдөлсөнч үгүй. Бөмөгнөтөл чичирсээр байв. Өөрөө ч төлөөлөгчөөс дээрдэх юмгүй дөрвөн мөч нь мэдээ алдаад биеэ сул тавихын хүчинд чичрэхгүй ажээ. Төлөөлөгчийг бодвол даарч хөрч үзсэн толгой тул тэсчээ. Ус руу оруулахгүй бол одоохон осгож үхнэ гэж бодов. Гэвч түүнд ойртох арга байдаггүй, удвал цаадах нь завины ёроол дахь ус руу толгойгоороо шаан унах янзтай. Сахиул хөлөө алгуурхан тэнийлгэх гэтэл хөлгүй юм шиг ерөөсөө хөдөлсөнгүй. Хамаг ухаан мэдрэлээ хөвчлөн арайхийн хөлөө нэг нэгээр нь уснаас өргөн гаргаж хөдөлгөв. Нугалж сууснаас бадайран мэдээ алдсан бололтой. Бөглөөгөө хөлөөрөө дарж байгаад гэдрэг сунан Төлөөлөгчид хүрье гэж санажээ. Үүнээс өөр арга байсангүй. Хөлөөрөө бөглөөсөө дарж гэдрэгээ тулан завины ёроолын усанд хэвтэж болгоомжтойгоор хөлөө жийлээ. Усан дотор амархан хөдлөх ажээ. Дээш харан хэвтсэн чигээр Төлөөлөгчийг хажуу тийш нь хэвтүүлж өөр рүүгээ татав. Төлөөлөгчийг гараа дэрлүүлэн хэвтүүлэв. Усанд орсон ч гэлээ чичирсээр байлаа. Нүдээ тас анижээ. Гэнэт Төлөөлөгчийг учиргүй өрөвдөн түүний үрчийсэн царайг алгаараа арчив.
Хөөш! Яаж байна. Дулаахан байгаа биздээ. Даарахгүй байгаа биздээ. Цаадах нь таг чиг
Одоо л лав осгож үхнэ гэж байхгүй. Нүдэнд нь орог саарал үүлс тас тас үсрэн нүүх нь харагдана. Бас юманд цохигдон хуга үсэрч тахийсан моторын жижиг сэнсний гол дээш ёрдойн үзэгдэв. Тэрийг одоо л олж хараад харц буруулав.
Чи ер нь яах гэж наашаа ирсэн хүн бэ? Хариу алга
Цэнгэл нуур яагаад загасгүй болсны учрыг олох гэж ирсэн үү. Тэгсэн бол би чамд хэлчихье. Чамайг ирүүт л би хараад мэдсэн юм. Эрэгт байхад хэлж амьжсангүй. Би өөрөө хэлье гэж бодсон юм шүү. Гэхдээ чамд л хэлье гэж бодсон юм. Урьд хэлчихмээр хүн таараагүй юм. Чи аан гээч. Би энэ нуурыг чинь загасгүй болгосон юм. Тэгээд л жижиг юмгүй хамчихсан. Төлөвлөгөөг тонноор хэмждэг юм чинь яах вэ дээ. Хийлэн дээр тавиад гүйцээ, төлөвлөгөө биелүүлэх ёстой юу. Ёстой. Надад чинь бас үр хүүхэд, авгай гэж байна. Тэднийг тэжээх ёстой юу. Ёстой. Цалин ахиухан цалин надад хэрэгтэй. Ингээд л хамчихсан юм. Манайхан сүүлдээ бүгд л ийм болсон л доо. Гэхдээ би эхэлсэн. Би эрт хэлж болох байсан. Гэхдээ бүгдээрэнг нь хоолноос нь салгая гэж бодоогүй юм. Надаас болж гэмэгүй улс хохирохыг хүсээгүй юм. Та нар мэдсэн бол ёстой бэлэн хоолтой болж, бүх бурууг бидэн рүү чихээд л өнгөрөх байсан. Тийм биз дээ. Амьдрал гэдэг чинь ийм л хатуу хоол шүү дээ. Төлөөлөгч минь. Энийг л би чамд хэлэх гэсэн юм даа. Өөр юм надад алга. Бороо намджээ. Хэсэг зуур таг дуугүй хэвтэв. Юугаа хэнтэй ч ярих юм билээ. Сэтгэлдээ хэдэн жил хурааж тархиа хашилтал бодож элгээ эгштэл гутар ч явсан юм нь ердөө л ингээд л боллоо гэж үү. Сахиул тайвширч амарсан ч гэлээ гайхширан бодол болж хэвтэв. Завин доторх усны түвшин бага багаар боловч нэмэгдсээр ажээ. “Ус шүүрч байна” гэж бодсон боловч хөдөлж чадсангүй.

Төлөөлөгч хурлын танхимд ялан дийлэгчийн дүрээр орж ирэв. Түүнийг эндэрт шууд гарахад хэн ч саад хийсэнгүй. Түүнд одоо саад хийх хүчтэн үгүй болжээ. Дуу нь цээлхэн яруухан хангинана. Бүгд түүнийг бишрэн ширтэнэ.
Тиймээ. Тэр үл бүтэх хүмүүс улсыг хуурч ахиухан цалин авах гэж байж болшгүй хэрэг нуун үйлдэж байсныг би газар дээр нь илрүүллээ. Торныхоо нүхийг багасгаж үржлийн бүх загасыг жижиг томгүй хядаж байгалын тэнцвэрийг алдуулснаас энэ нуурыг загасны нөөц төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусаж нөхөн үржих чадвар нь нэгэнт алдагджээ. Төлөвлөгөөг ямарч үнээр хамаагүй биелүүлж цалин илүү авах гэсэн зальт хүмүүсийн бузар аргыг манай төлөвлөгөөний нөхөд үл ойшоон жилээс жилд төлөвлөгөөг нэмэн эднийг өөгшүүлж эцэст нь энэ эмгэнэлт явдалд хүргэжээ. Би үүнийг эрт мэдсэн билээ. Загасны аж ахуйн төлөвлөгөөг нэмэхийг би дандаа эсэргүүцэж байсныг та бүхэн бүгд мэднэ. Би үүнийг мэдэж байсан юм. Одоо бид яах ёстой вэ. Алдсандаа харамсаад тэр буруутай этгээдүүдийг цээрлүүлээд өнгөрөх үү? Цээрлүүрэх нь зүйн хэрэг. Гэвч улсын эрх ашиг хохирох ёсгүй. Энд надад маш тодорхой ажил хэрэгч санал байна. Зарим нөхдийн болчимгүй ажиллагаанаас болж Хадат нуурт байгуулсан тэжээлийн үйлдвэрт тохиолдсон явдлыг мэдэж байгаа. Энэ үйлдвэрт захиалан ирүүлсэн машин ямарч хэрэгцээгүй үхмэл хөрөнгө болоод хэвтэж байна. Цэнгэл нуурт хэн ч ашигладаггүй олон га талбайтай зэгс бий. Би үүнийг сая өөрийн нүдээр үзсэн.
Индэр нь гэнэт дээш хөөрөн хүмүүс тэр дор жижигхэн хар цэг болон тойрж нүдэнд нь нэг их том галт бөмбөг туяаран харагдлаа. Энэ бол түүний насаараа мөрөөдөн авирсан оргил байлаа.
Тийм ээ би мэдэж байна гэж Төлөөлөгч дуугаа тэр дор байгаа цэгнүүдэд хүргэх гэж хоолой мэдэн хашгирав.

Азарган бороо дөнгөж намдуут ня-бо өрөөнөөсөө гарч гүйлээ. Шалбааганд халтьран хальтран гүйсээр хуучин зогсоол дээр иртэл тэдний бараа сураг алга. Нуурын манан овоо хөдөлсөн боловч холын бараа тэмтрэх төдий. Ня-богийн гол харлан муу ёр татаад байсан хэмээн үгээ барж ядан байлаа. Яаж ч бодоод сайн юм болсон гэдэгт итгэх аргагүй. Зүгээр бол энэ усан бороонд нуур дээр завиар зугаалах өвчин туссан амьтан гэж хаана байх билээ. Удалгүй элдэв цув дээл нөмөрсөн хэдэн хүүхэд авгай хүүхэн гүйлдэж ирээд
Байдаггүй юу гэж хашгиралдав
Байдаггүй ээ! Байдаггүй ээ! Ямар чөтгөрлүүгээ тонилчихдог юм алга л байна.
Завь нь эвдрээ юм болов уу?
Харин
Үгүй, бензин мензин нь дууссан байж болно шүү дээ
Юу ч болсон байж болно л доо гэж ня-бо яагаад ч юм хорсолтойхон хэлээд нулимав
Тээр хараач юу вэ гэж нэг хүүхэд урагш заан хашгирч бүгд нам гүм боллоо.
Завь байна
Хаана
Харагдахгүй байна аа
Сүүмэлзээд юу ч үзэгдэхгүй юм
Чи юу хараад байгаа хүүхэд вэ? Тийм байна. Тэр завь юм шиг байна.
Хадан арал биз дээ тэр чинь
Үгүй ээ арлаас урдуур удалгүй манан дээш хөөрөхөд хадан арлаас өмнүүр жижигхэн завь дөнгөж танигдах төдий юм бүртийж байлаа.
Яах аргагүй эвдэрчээ
Тийм байна
Завь нь байгаа хойно учиртай
Алив дурантай хүн байна уу
Хэн нэг нь ня-богийн гарт ганц нүдний дуран атгуулав. Харааг нь тааруулах гэж хэсэг шагайж дараа нь завиа олох гэж хэсэг будилав. Эрэгт хачин нам гүм болжээ. Бүгд ня-богийн дурандахыг ширтэн зогсжээ. Ня-бо нүдэндээ итгэсэнгүй. Нүдээ арчаад завь байгаа газрыг тогтоосны дараа дахин дурандав. Нүдний өмнө хоосон завь хошуугаа өлийлгөчихсөн зогсож байв. Завины ирмэг уснаас дөнгөж цухуйх ажээ. Хоолойны нь дор нэг утас тонхийн тасарч амьсгаа нь давхцаад ирлээ.
За аа гэж сунжруулан айсан янзтай дуугарсанаа ч мэдсэнгүй.
Юу болсон бэ? Гэж хүмүүс шуугилдаад явчихав.
Өнгөрчээ. Өнөө хоёр байдаггүй. Завь нь живж байна. Хариугүй далд орох нь. Хүмүүс цочсон юм шиг нам гүм боллоо. Дурангаар хараагүй хүмүүс итгэхгүй байгаа янзтай. Ня-бо одоо би яанаа гэсэн гашуун бодол сэтгэлд нь сэрхиймэгц толгойтой үсээ үгтээн дороо нам суулаа. Дурангаар харсан хүмүүс чив чимээгүй болон хажуудахдаа дурангаа өгнө. Дуран хүлээж ядсан хэн нэг нь тэссэнгүй бололтой
Ядаж өнөө манай Сахиул алга уу? Гэж дуу алдлаа
Юуны чинь Сахиул тэнд чинь Төлөөлөгч яваа шүү дээ гэж ня-бо хашгирч орхив. Дөнгөж дурандаж дуусаад уйлж амжаагүй байсан Сахиулын эхнэр орь дуу тавин ня-бо руу галзуу юм шиг дайрлаа
Чи муу өгөр толгой. Юу гэнээ? Би чамаас өвгөнийхөө амийг нэхнэ. Чи л яв гэж явуулсан. Чи л долгинож Төлөөлөгчийг зугаалуул гэсэн. Би мэдэж байна. Чи бас юуны чинь Сахиул махиул! Гайгүй байлгүй. Та нарийн дэргэд ёстой хүн шиг хүн байсан юм. Чиний тэр Төлөөлөгч чинь юу юм. Миний хэдэн хүүхдийг тэжээхүү. Чи юу юм бэ? Хэн юм бэ? Муу банзал чи нөхөргүй хагсарсан хүүхнүүдийг хөгшин залуу гэж ялгалгүй дуртай үедээ зугаа гаргах гэж энд үлдээ биз дээ. Тэгээд чи бас... тэгээд ч бас... Хүүхнүүд түүнийг тайвшруулах гэж оролсон боловч дийлдэхээсээ өнгөрчээ.
Юу гэж чи хүн зуураад байгаа юм бэ. Энэ муугаа та нар өмөөрөө юу. Чи өчигдөр оройхон үхрийн хашааны ард яаж байлаа гэж нэг хүүхний нүүрийг самардан түлхээд
Ичих ч үгүй шавхай дээр хэвтэж байсан биздээ. Би та хоёрын гишгичих шахсан биз дээ. Энэ муу банзалтай чинь би нэгийгээ үзнэ тавиач та нар гэж хашгираад нулимсандаа цацан ханиалгаж ядарсан мэт хэнгэнэтэл мэгшин уйллаа. Энд тэнд хүүхнүүд уйлалдаж эхлэв. Ашгүй хэрүүл намдаж бүгдийг аймшигтай түгшүүр эзэмджээ.
Өнгөрчээ би өнгөрсөөн одоо би л хэрэгт орно шүү дээ. Би л орно өөр хэн ч орохгүй. Би яасан үйлийн үртэй амьтан бэ гэж ня-бо ганцаар мэгшин газар нүдэж суулаа. Хэнд ч мэдэгдэлгүй сиймхийгээр нь жаргаж явсан амьдрал нь ганцхан мөчийн дотор доош хөмрөхийг мэдрэх шиг аймшиг байхгүй ажээ. Эрэгт бөөн уйлаан майлаан боллоо. Одоо тэдэнд яах ч арга байхгүй болжээ. Утас шөрмөс ч алга унаа хөсөг ч алга. Мод бэлтгэлийн аж ахуй эндээс зуу гаруй километр хол
Одоо яах вэ? Та минь ээ гэж уйлж орилсон хүүхэн хүүхдүүдийг ня-бо тойруулан харав. Тэдэн дунд хань болох хүн нэг ч алга. Хамгийн ахмад нэг хүүг дуудан
Миний хүү морд. Хоёулаа л яв. Хэнтэй ч хамаагүй Модны аж ахуй ор. Аюул боллоо гэж хэл. Төлөөлөгч өөрөө ганцаараа нуур явна гэсэн гээрэй. Өөрөө явна гээд болоогүй юм. Намайг өрөөндөө очоод хүлээж бай гэсэн байхгүй юу. За юу. Ингэж хэлээрэй. За яв. Одоохон яв гэж аргадан гуйв. Хүүхдүүд түүнийг дүрлийн ширтэж зогссоноо хоёр нь гэдрэг гүйн одлоо.
Өөрөө явна гэсэн шүү дээ. Өөрөө л явна гэсэн гэж ня-бо арга нь барагдан үглэн явлаа. Түүнд одоо гэрч байхгүй нь даан ч аймшигтай байлаа. Гэнэт хүүхдийн цангинасан хоолойгоор
Хараа ч Сахиул гуай завин дээр байна. Өндийж байна. Бас өө Төлөөлөгч ч байна. хоёулаа байна. гэж хашгирах сонсдоно. Бүгд итгэж ядан дуугүй болсноо сая хашгирдаг хүүгийн барьж байсан дуран руу ухасхийн дайрлаа. Хэн нэг нь дуранг түрүүлэн шүүрэн авснаа Сахиулын авгайд бариуллаа. Эрэгт хачин жигтэй нам гүм боллоо.

Сахиул үүнээс өөр арга байсангүй. Усны шүүрхийг яаж ч оролдоод тогтоож болохгүй байлаа. Энэ муу цоорхой завинд ачаа нь үнэхээр хүндэджээ. Төлөөлөгчийг өргөн завины бөгс рүү ойртуулан хоёр хөлийг нь бөглөөс рүү жийлгэн хэвтүүллээ. Төлөөлөгч ямар нэг юм шивнэв. Чихээ ойртуулан чагнавал
Би мэдэж байна гэж байгаа нь муухан ойлгогдов. Сахиул баярласан юм шиг үүлэн сиймхийгээр ёлтойх нар луу инээмсэглэн харлаа.
Овоо шүү дээ. Чи л сонссон бол боллоо. Миний хэрэг гүйцээ. Доош тонгойн Төлөөлөгчийн чихэнд амаа нааж байгаад
Хөлөө атийж болохгүй шүү бөглөө мултарна шүү. Тас жийгээд л хэвтээд бай гэж хашгирав. Төлөөлөгч өмнөөс нь
Би мэдэж байна гэж шивнэв
Би ч чамайг ухаантай сайн хүн гэдгийг чинь хараад л мэдсэн юм гэж аяархан хэлээд болгоомжтой хөдлөн завиа далбилзуулалгүйгээр усруу үсрэн оров. Ард нь завь сэв хийн дээш өргөгдөхийг мэдлээ. Яг ингэх ёстой гэсэн бодол тархинд нь гялсхийжээ. Нуурын ус бүв бүлээн яг л авгайнхаа өвөрт орох шиг санагдав. Загас болж зүүдлэхэд нь нуурын ус буцлам халуун байсансан. Одоо бүлээхэн ёстой нэг жаргалын орон шиг байлаа. Сахиул нуурын эрэгт дөчин жил амьдрахдаа ганц л юм сураагүй билээ. Тэр сэлж л чаддаггүй байлаа.     
                      

No comments:

Post a Comment