menu

Wednesday, March 4, 2015

"Уншигчдын бага хурал"-Б. Бааст


Ардын уран зохиолч Б.БААСТ
Монголын утга зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсаа мөнхлөн үлдээсэн буянтан бол баруун Монголын хүү Бөхийн Бааст билээ. 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт мэндэлсэн хүү муутуу цаасан дэвтэр дээр шар гуулин янтайд сэнгэнэсэн үнэртэй алтан бичигтэй хар бэх нийлүүлж, хятад бичигтэй ногоон улаан өнгийн бийрээр монгол бичгийн цагаан толгойн үсэг бичиж эрдэм номын их өргөөнд анх хөл тавьжээ.

Тэрбээр Алтайханы хошуу тамгын бага сургуульд 1936 он хүртэл суралцсан үеийнхээ дурсамжаас “Бага насны минь гэгээн мөрүүд” номондоо бичсэн байдаг. Чухамдаа энэ үеэс л шүлэг, зохиол оролдон бичиж байсны нэг болох “Миний нутаг” шүлэг 1940 онд “Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам” сэтгүүлийн сүүлчийн дугаарт “Ховд Бааст” нэртэй хэвлэгдсэн байдаг юм.
      Алтай ханы хошуу тамгын бага сургуулийг төгссөн Б.Бааст Ховд аймгийн яамны дэргэдэх найман жилийн сургууль, Улаанбаатар хотод маршал Чойбалсангийн нэрийн дор байгуулагдсан манай анхны арван жилийн сургуулийг төгсөөд 1942 онд МУИС-д элсэв. Тэндээ мал эмнэлэг, зоотехникийн ангид суралцаад Марксизм Ленинизмийн их сургуулийг, Москвад СССР-ийн Зохиолчдын Эвлэлүүдийн Холбооны дэргэдэх М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн харьяа Утга зохиолын дээд курст суралцаж төгсчээ.
Б.Бааст яруу найраг, хүүрнэлт зохиол, хүүхдийн зохиол гээд бичлэгийн олон төрлөөр шилдэг бүтээлүүд туурвиж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл манай орны бүх хэвлэлд хэвлүүлэн нийтэлжээ. Түүний бүтээлүүдээс энд дурдах нь илүүц болов уу. Бүтээлүүдээс нь гадаадын орнуудад орчуулагдаж хэвлэгдэж байсан бөгөөд “Орос хэл дээр Д.Нацагдорж, Дамдинсүрэнгийн дараа Баастын бүтээл орсон нь жирийн биш үзэгдэл” хэмээн зохиолч Л.Түдэв гуай нэгэнтээ тэмдэглэсэн байдаг. Урын санд нь Монголын ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунууд байдгаас С.Гончигсумлаагийн ая “Чамайг үдье”, “Хургачин”,  Г.Дарамзагдын ая ”Миний эх орны өглөө”, Б.Дамдинсүрэнгийн ая “Шинэ жил” дуунуудыг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
           Энх талдаа дураараа өссөн
Тарган зээрд морь чинь
Эзэн болсон чамайгаа хүлээж
Эмээлтэйгээ зогсож байна
    Хайрт минь морио унаад гарахад
    Хүү чинь баяртай гээд үлдэнээ
Цагаан гэртээ үлдсэн над
Сэтгэлээ бүү зовоо
За хүү минь мориндоо морд доо
Янаг би чинь чамайгаа үдье
    Захисан үгий минь битгий мартаарай
Хэзээ боловч чамайгаа хүлээж сууна
Баян-Өлгий аймгийн казак зохиолчдын уран бүтээлийг монгол хэл дээр орчуулах, хэвлэх, эмхэтгэх, судлах талаар уран бүтээлийнхээ үлэмж их цагийг энэ ажилд зориулсан хүн бол Б.Бааст. Баян-Өлгийн зохиолчдын түүвэр эмхэтгэлийг дөрвөн удаа, Ахтааны зохиолын эмхэтгэлийг гурван удаа монгол хэл дээр хэвлүүлсэн гээд тоочоод байвал нэгэн ном үл хүрэлцэнэ.
Тэрээр Монголын зохиолчдын байгууллагад тасралтгүй 64 жил ажилласан цорын ганц хүн гэж үнэлэгдэх хувь ерөөлийг эдэлж суугаа буурал зохиолч төдийгүй Монголын урлаг, утга зохиол, сонин хэвлэлд олон жил тасралтгүй ажилласан хүн хэмээн уран бүтээлч нөхөд нь хүндэлж явдаг. Алдарт дипломатч, сэтгүүлч Б.Жаргалсайхан, С.Дашдэндэв нартай хамт Монголын зохиолчдын төв хэвлэл  “Утга зохиол” сонины тулгын чулууг тулалцаж, амьдралынх нь галыг бадраалцаж өгсөнөөс гадна “Цог” сэтгүүлийг анх 1944 онд хэвлэгдэхээс нь эхэлж гар бие оролцон, олон шилдэг хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явсан манай ахмад, алтан үеийн сэхээтэн билээ. Түүнийг “Цог” сэтгүүлийн зөвлөлд хамгийн олон жил ажилласан, хамгийн олон уран бүтээлээ хэвлүүлсэн зохиолч гэдэг. 1944-1945 оноос анх хэвлэгдсэн “Сайн дурын уран сайханчдад тусламж” сэтгүүлийн хариуцлагатай эрхлэгчээр 10 жил тасралтгүй ажиллаж байсан бөгөөд энэ сэтгүүл нь эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа  хот хөдөөгийн олон зуун урлаг, уран сайханчдын ширээний ном нь болж чадсан.
 “Уран үгсийн чуулган” хэмээх эмхэтгэлийн анхны бяцхан дугаарт Б.Баастын “Миний эх орны өглөө” дуу хэвлэгдэж түүнээс хойш жил бүр нэгэн цогц эмхэтгэл гаргах ажлыг арав гаруй жил хариуцан хэвлүүлж байв. Тэрбээр 1945 онд МХЗЭ-ийн Төв хороонд ажилд орж “Хувьсгалт Залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга болон Эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгчээр ажиллахдаа Америкийн нэрт зохиолч эмэгтэй Войничийн “Овод” романыг орчуулж гурван дэвтрээр, мөн залуучуудын боловсрол мэдлэгт зориулж “Цэргийн нууц”, “Улаан Донын баатрууд” зэрэг ном зохиолуудыг орчуулан хэвлүүлжээ.
1930-аад оны дунд үед манай зохиолч сэтгүүлчдийн үүсгэн хэвлүүлж байсан “Хүмүүжил ба жигшил” хэмээх шог шүүмжлэлт сэтгүүлийг сэргээж ЗХУ-ын “Крокодил” сэтгүүлийн жишээгээр “Матар” сэтгүүлийг буй болгож байжээ. Энэ сэтгүүлийн үнэмлэхээ одоо ч нандигнан хадгалдаг аж. 1946 онд НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй тогтоолоор Б.Бааст шинээр байгуулагдсан Зохиолчдын түр хороонд шилжсэн боловч 1947 он дуустал “Хувьсгалт Залуучуудын эвлэл” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн байжээ.
Б.Бааст Монголын Зохиолчдын эвлэлийн байгууллагад шилжин ажилласнаас хойш зохиолчдын жил жилийн төлөвлөгөөтэй ном хэвлэлийг хариуцан хэвлүүлэх, залуу зохиолчдын боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зэрэг үндсэн хоёр ажилд голлон анхаарсан байдаг. Түүний нэг жишээ нь “Залуу зохиолчдын цоморлиг” арав гаруй дугаар, залуу зохиолчдын “Яргуй” цувралын эхний дугааруудыг санаачлан гаргасан явдал юм.
Уран бүтээлийнхээ олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 1951 онд “Улсын ударник” цол тэмдгээр анх энгэрээ цоолжээ. Түүнээс хойш МУСТА, АБТА, “Хэвлэлийн тэргүүний ажилтан”, “Тэргүүний ажилтан залуу”, “Залуу үеийг  халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг болон Засгийн газрын хүндэт жуух бичиг, Ардын хувьсгалын  ойн медалиуд, Улс тунхагласны 50 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор хоёр удаа , “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одон”-гоор  тус тус  шагнагджээ. Түүнчлэн 1966 онд Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал, 1976 онд Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1981 онд МХЗЭ -ийн нэрэмжит шагнал, 2002 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд МУ-ын СГЗ цолоор, 2001 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд Баян-Өлгий аймгийн “Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг тус тус  хүртсэн юм. Бөхийн Бааст нь 2008 онд “Ардын уран зохиолч” гэсэн хүндтэй алдрыг хүртсэн Монголын уран зохиолын амьд түүх болсон цуцашгүй хөдөлмөрч, эцэшгүй гавъяатан мөнөөс мөн билээ.

Ном, уран бүтээл
•    “Толбо нуур” 1947он
•    “Хань нөхөд” 1947
•    “Цогт тайж” 1952
•    “Гурван ишиг” 1957
•    “Халзан бухандай” 1957
•    “Бороо” 1958
•    “Утаа” 1958
•    “Чоно” 1958
•    “Алтан жимээр” 1959
•    “Хөөрхөн Байдий” 1959
•    “Хүрлээ” 1960
•    “Гэнэн хонгор цаг” 1961
•    “Хяруу унасан цагаар” 1962
•    “Алтайн цэцэг” 1965
•    “Бушуу туулай” 1967
•    “Хүний сайхан сэтгэл” 1967
•    “Одтой тэнгэрийн доор” 1968
•    “Алтайн хоёр өнгө” 1970
•    “Алтан хурга” 1970
•    “Хунгийн дууль” 1970
•    “Алтайн хөх дөнөн” 1972
•    “Ганган улаан тэмээ минь” 1975
•    “Намрын уянга” 1975
•    “Хөвчийн бор” 1977
•    “Хаврын салхи” 1978
•    “Хоёр тууж” 1981
•    “Буу дуу хёр” 1981
•    “Галуу шувууны дэгдээхэй” 1981
•    “Яруу найргийн жигүүр” (казах) 1982
•    “Шарга даага” 1983
•    “Дөрвөн туужийн бор” 1986
•    “Чонын буян” 1987
•    “Хоёр дусал нулимс” 1987
•    “Цагаан тугийн намаг” 1990
•    “Миний эх орны өглөө” 1990
•    “Цаассан шувуу” 1999
•    “Тахир махир хоёр” 1999
•    “Цогт сүмбэрийн хүү” 2000
•    “Уйтай сэрүүн намар” 2001
•    “Ийм нэгэн охин байжээ” 2001
•    “Сагсалдай” 2001
•    “Удвал Оюун хоёр минь” 2004
•    “Алаахай саарал” 2004
•    “Дөрвөн туужийн бор” 2005
•    “Хадхүүгийн өдрийн тэмдэглэл” 2005
•    “Хөвхөрийн хөх хүрэн уулс” 2007
•    “Шадавлин зуслангийн өгүүллэг” 2007
•    “Алтан дэлтэй цэцэг” 2007
•    “Бага насны гэгээн мөрнүүд” 2007
•    “Гэрийн хээрийн хоёр амт” 2007

No comments:

Post a Comment