menu

Wednesday, March 4, 2015

Б.Бааст "Хаш аяга" өгүүллэг



Б.Бааст : Хаш аяга
Дотны найз Гонгорын Хайдавтаа
Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хөө
Баруун айлын Гавалмаа бүсгүй нь
Баахан зүрхний тольт уу даа хөө ...
Ардын дуунаас
Оройн саалийн цаг болов. Ууланд хариулганд байсан үхэр жингийн тэмээ шиг жирийгээд гэр лүүгээ цувчихлаа. Ээлжгүй үхэрчин өвгөн Тэрбиш үхрийнхээ сүүлчийг харан гэлдэрсээр гэрийнхээ гадаа ирэн иртэл нь хэн ч түүнийг дуудаж “Манайд орж цай уу” гэсэнгүй. Уг нь фермийн саальчид Тэрбишийг орой бүр ээлжээр гэртээ урьж цайлдаг заншилтай болчихсон юмсанжээ. Тэрбиш гаднаа бууж номхон хул мориныхоо эмээл хазаарыг аваад хондлой дээр нь алгадахад хул морь ухарч цаашлахчаа аядсанаа дороо өвс зулгааж эхлэв. “Намайг бодвол өдөржингөө л эрүү ам нь хөдлөх юм. Тэгсэн хир нь юу ч амсуулаагүй юм шиг мал хүн туйрандсан цулгуй газрын хатаж шарласан өвсийг ум хумгүй зулгаах юм. Яасан ч шинжгүй юм бэ” гэсэн шүү юм бодов. Тэрбиш, гэрийнхээ хаалга түшүүлсэн савааг авч бүсэнд хавчуулав. Саваагаар хаалга түшүүлэх нь “Энэ айл эзэнгүй” гэсэн тэмдэг болно. Гэртээ оров. Газар дээр ганцаар хүний гэр хэдий намрын хайлган сайхан цагаар ч гэсэн өдөржин эзгүй байх юм чинь яаж царайтай байх вэ! Өвгөн хазганасаар намхан орныхоо өмнө очиж адсаган дээр дөнгөж суугаад байтал хэдэн бор жаал гүйлдэн ирэв. Тэдний араас бараг өөрөөсөө том модон домботой халуун цай, тавагтай идээ барьсан хүрэн хацартай охин орж ирэв. Тэрбиш идээ цайг аваад бяцхан хар шургуулгынхаа нүд татан охинд хоёр ширхэг цаастай чихэр авч өгөөд,
- За, өндөөр болоорой гэвэл охин,
- За-аа гээд чихрийг хоёр гардан авлаа. Охины ийнхүү “шагнуулахыг” харсан хэдэн жаал,
- Амаа, төвийн урлагийн бригад одоо манай хажуугийн тохойд ирж буугаад оройдоо тоглох гэнэ ...
-Та концерт гарахыг үзэх бол танд суудал авч байх уу! гэсэнд,
- Өвгөн ах нь яаж ч мэднэ гээд тэдэнд нэг нэг чихэр авч өгсөнд дорноо пижигнээд алга болов.
Тэрбиш шургуулга руугаа гар оруулж нэгэн хаш аяга гаргав. Тэр аяга хоёр бөөрөндөө бариултай юм. Бариулыг нь сайн ажвал дэрээ нэг нь дээшээгээ, нөгөө нь доошоогоо гүйсэн хоёр ижилхэн оготнын сийлбэртэй юм. Тэрбиш, аягаа эргүүлэн тойруулан харж байснаа гүнээр сүүрс алдаад шургуулга дээрээ тавив. Шаазан гаргаж цай аягалав. Цайндаа өрөм хийв. Тавтай цайлаад орон дээрээ хажуулан хэвтэв. Дуг хийгээд сэрвэл гэрт харанхуй. Гадаа гарвал саальчид тугалаа уяж байна. Урлагийн бригад ирээд майхнаа босгоод гаднаа цахилгаан гэрэл тавьж тоглох байраа засаж байна. Баян хуур, шанз хөгжим тоглон хүмүүс дуулах сонсогдоно. Эргэн тойрныг чагнавал, энэ хөндийн бүх айлын хүмүүс морьтой явган, хоёроор гурваар, гагцхүү урлагийн бригад тийш ярин хөөрөн цувж байна. Тэрбиш гэрийнхээ гадаа баахан зогсов. “Урлагийнхны тоглолтыг үзэх үү, байх уу? Хүсэн хүлээдэг хүн маань ирээ бол уу, үгүй бол уу! Нэрийг нь мэддэг, дуулах нь аль язгуурын зүрхэнд танил болон харагдсан тэр нэгэн хүн яагаад манай үүгээр ганц удаа ч гэсэн үл ирнэ вэ! Би чамайг ирнэ байх гэж хол ойрын хичнээн урлагийнхны, хичнээн тоглолтыг үзэв дээ! Гэтэл чи нэг ч удаа ирсэнгүй. Өнөө орой ч бас л ирээгүй бизээ. Ээ дээ чи бид хоёрт уулзахын ерөөл ч оршоогүй дэг ээ” гэхдээ бас нэг удаа гүнээр шүүрс алдав. Тэрбиш гэртээ ороод гэрэл гэгээ ч гаргасангүй. Шууд ор дэрээ засан хэвтэхээр зэхэв. Хэвтэхийнхээ өмнө бас нэг аяга зэхрүүн цай уучих санаатай шургуулга руугаа тэмтэртэл гарт нь хаш аяга нь тааралдах мөртөө амсар нь тисхийн дуугардаг байна. Аяганы амсар сэт үсрэх мэт тисхийхийг анх удаа дуулсан тул Тэрбиш хирдхийн цочив. Гэрэл гарган аяганыхаа амсрыг үзэв. Ер ан цав гарсан юм алга. Алган дээрээ тавиад аяганыхаа амсрыг тог тог хийтэл няслаад үзэхэд диг диг хийдэг урьдын царгиу дуу сонсогдов. Аяга бүтэнд сэтгэл амрав. Урьд нь ингэж тисхийж дуугардаг байсныг огт анзаардаггүй байжээ гэж өөрийгөө зэмлэв. Анчин хүний буу дуугарвал ан гөрөөнд олзтой омогтой явдаг гэдэг. Аяганыхаа тисхийн дуугарахыг анх удаа сонсов. Хүсэн хүлээдэг, нэг бодлын танил, нөгөө бодлын үл таних тэр хүн маань ирээ юм бол уу гэж бас бодов. Тэрбиш өнгийн хангайн юм бодон хэвтсэнээ нам унтжээ.
Өвгөн Тэрбиш давхийн сэрэв. Юунаас цочив оо! Юу ч цочоосонгүй, гагцхүү зүрх сэтгэл нь түүнийг дуудан сэрээжээ. Зүрх сэтгэл харуул манаанд гардаг гэдэг үнэн байна. Тэгээд зүрх сэтгэл минь юуны учир намайг дуудан сэрээв ээ?!
- Ээ тэнгэр минь !!!
Чихэнд минь юу сонсогдоно вэ! Хэн хаана дуулж байна вэ! Юу билээ энэ чинь! Манай энд урлагийн бригад ирсэн билүү? Тэгээд чи минь ирээ юу! Ашгүй нэг ирээ юу! Ингэж ирдэг байжээ. Хаш аяга минь учиргүй ч тисхийн дуугарсангүй шүү! Ээ аяга минь! Тэрбиш аягаа авч алган дотроо барин чагнав.
... Баруун уулын даваа нь
Бартаа ихтэй даваа даа хөө
Баруун айлын Гавалмаа бүсгүй нь
Баахан зүрхний толь уу даа хөө

- Яг чи минь биеэрээ дуулж байна. Аргагүй чи минь хүрээд иржээ. Ингэж чи бид хоёрт уулзахын ерөөл оршсон байна.
Зүүн уулын даваа нь
Зүгээр ч үгүй даваа юу хө
Зүүн айлын Гавалмаа бүсгүй нь
Зүрх сэтгэлийн минь тольт уу даа хө
Тэрбиш өвгөн хаш аягаа хоёр гараараа яг хавсран бариад мэлмэрүүлэн уйлсаар суув.
... Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр үү дээ хө
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгүй нь дээр үү дээ хө
Дуучинг ийнхүү дуулан төгссөнөөс хойш Тэрбиш хичнээн уйлсан, хичнээн суусныг хэн мэдэж. Түүнийг гаднаа гарахад өнөөх уудам хөндий дүүрэн, инээн шуугин, морьтой явган ирж байсан үзэгчид эргээд нэг ч үгүй болон таран оджээ. Чагнавал хаа нэгтэй бүсгүй хүний цангинатал дуулах, энд тэнд нохой хуцах, бух урамдах сонсогдоно. Зогссоор байтал урд уулын зоон дээгүүр намар оройн саран мэлтийн гарч ирэв. Сарны гэрэлд уудам хөндий нэлдээ цайран ирэв. Урлагийнхны хоёр майханд гэрэл гэгээ ч алга, анир чимээ ч алга. “Эвий чи минь энэ хоёр майхны алинд нь сэтгэл амранхан унтаж байна даа. Энэ газрын мухарт, зүүдэнд чинь ч үл орох тийм нэгэн хөх өвгөнтэй чи хэзээ нэгэн цагт хүн санамгүй хачин учраатай гэж боддог уу? Яаж ч бодоо аж дээ. Хүний хувь заяа, учрал тохиол гэдэг их хачин шүү...” гэж бодохдоо Тэрбиш мөн гүнээр сүүрс алдав.
Бяцхан бор гэрт гэрэл гэгээ алга. Гэрэл гэгээгүй тусмаа нэг нь дүнгэр ярьж, нөгөө нь юу ч дуугарахгүй гагцхүү хичээнгүйлэн сонсож буй хоёр хүнд аятай байгаа бололтой.
... Тэр минь Цэ-занги гэгддэг байсан нэртэй баян хүний төрсөн ганц охин байсан юм. Аав нь овоо голдоо сүвтэй хүн байсан учир ганц охиндоо бичигтэй хүн олж гэрээрээ ном заалгаж зав чөлөөнд нь охиноо өөрөөр нь уйгагүй оролдуулсаар бичгийн эрдэмд нөр сайн сургасан байгаа юм. Миний мэдэхийнх, тэр цагт тэр бид хоёрын үеийнхэн дотор тэрүүн шиг бичиг үсгийн чадалтай хүн бардах нь биш үнэндээ байгаагүй юм. Хоног цаг өнгөрч өвгөн бие минь өгрөн доройтохуй тусам би түүгээрээ бахархан баясаж, буурал толгойгоо дээр өргөж усарсан хөх нүдээрээ алсыг харж явах бардам сэтгэл төрдөг юм. Би тэдний үхэрчин байв. Би бүх насаараа үхэр хариулах учиртай хүн байж. Мэдээ орсон цагаасаа хойш тэдний үхрийг хариулж байлаа. Сүүлд бид хоёрын хувь заяаг тэнгэр ниргэчихээр нь өөр айлын үхэр хариулж байгаад нутагт маань нэгдэл байгуулагдахад түрүүчийн гишүүн нь болоод анхны дундын хөрөнгө-бяруу тугал, бух шар, сувай саадаг нийлсэн хорин долоон үхэртэй болохоор түүний нь хариулж эхэлснээс хойш одоо бас яг хорин долоон жилийн нүүр үзэж байна. Би тэдний үхэрчин юм хойно бид хоёрт нэгнийхээ хараа барааг харахгүй юмуу, ярьж хөөрөхгүй цаг гэж ер байсангүй. Би өсөж эрийн цээнд хүрлээ. Тэр маань ч ногоо шиг суга урган өссөөр надаас гурван дүү хир нь уулын арын цэх өндөр хар мод шиг голшиг шулуун хонгор шархан хүүхэн боллоо. Энэ чинь гучаад оны үеийн хэрэг шүү дээ.
Нэг мэдэхэд түүнийг минь энэ тэр эр хүйстэй юмнууд эргүүлж тойруулаад амар заяа ч үзүүлэхээ байжээ. Нэртэй нүүртэй баян хүний өнчин сонгино шиг атлаа өнгөтэй царайтай охинд санаархахгүй эр гэж хаа байх вэ. Түүний минь өөрийнх нь хэлж байснаар бол эцэг нь Данхар гэдэг өөртэй нь адил баяны бас нэг эр ганц хүүтэй суулгах бодолтой байж. Бодолтойсох юу байх вэ. Бараг далдуур зөвшилдөж орхисон байж. Гэтэл тэр минь тэдний далдуур хуйвалдсан санаа ил гараад ирэхийн цагт эцэгтээ уурсаж “Та намайг заяасан гэрт минь амар тайван байлгахгүй хажир адгуус шиг гадуурхахад хүрвэл надад хоёр алд сур, хойт голын хэдэн улиасны нэг олдоно” гэснээс хойш энэ хэрэг ингээд ор тас унтарчээ. Тэгж байтал хэдэн жилийн өмнө Улаанбаатар луу яваад сураг нь тасарсан Лутаа гэдэг нэг гайхал эр бурхан минь тостой гараар барьшгүй гоё ганган дарга болчихсон гарч ирэв. Толгойдоо эрдэмтэй, ташаандаа буутай, морин сургууль үзүүлсэн нэг айхтар гайхал болчихсон ирдэг байна. Тэр Лутаа тэднийхээр бууж мордоод байх боллоо. Манайхан ч яах вэ Цэ зангийн охин, цэргийн дарга Лутаа хоёр ч ёстой үүрийн цолмон, үдшийн гялаан хоёр шиг хоёр амьтан нийлэх нь тэр гэлцэв. Удсангүй тэр хоёрын хурим намар болох юм гэнэ гэлцэв. Би яах вэ дээ, яамай тэр хоёрын хэрэг бүтэг, хөөрхий л гэж бодож байна.
... Байж байтал дарга Лутаа маань хүнд тархиа хага цохиулчихаж гэж дуулдав. Тэр мөртөө түүний тархийг хага цохисон хүний хэрэг илэрч яригдахгүй харин дарагдан баларчихав. Сүүлд дуулсан чинь тэр минь цохичихжээ. Яасан бэ? гэвэл Жирэмний хөндий гэдэг битүү улиас, бургаас, хустай хөндий гэтэлж тэр айлд очоод шөнө буцаж явахад нь нөгөө Лутаа гайхал сүүдэр шиг дагаж байгаад харанхуй шөнөөр их модон дотор барьж хүслээ хангах гэсэн байхгүй юу. Тэр минь угаасаа их эрдүүн зоримог хүн юмсан. Тийм болоод ч самбаачлаад Лутаагаас урьтаж орхихгүй юу.
Тэгж байтал соёлын довтолгооны ажил хөдөө нутагт эхлэх нь тэр. Бичиг үсэгтэй хүн манай нутагт тэр үед нэг хүний хоёр гарын арван хуруу хүрэлцэхээр цөөн байв. Тэдний дотор эмэгтэй хүн гэвэл ганцхан тэр минь байв. Тэр минь түр сургуульд багш хийх, бас бичиг сурах дуртай боловч түр сургуульд суух боломжгүй хүнд хол энэ тэр гэхгүй гэр оронд нь очиж ном заах ажилтай болов. Хүнийг ном сургах тэр ажилдаа түүний дуртайг яана. Удсангүй нутгийнхан нь түүнийг өндөр чилгэр сайхан бүсгүй болохоор нь “манай намхан шар багш” гэж энхрийлэн нэрлэв. Тэгж байтал сумын төвд улаан гэр байгуулах ажил үүслээ. Тэр улаан гэрт элдэв уриа лоозон бичиж хадах, зураг үзүүлэнд тайлбар сэлт хавсаргах гоё сайхан бичигтэй хүн хэрэгтэй болсонд бас тэр минь явлаа. Удсангүй тэрнийг минь улаан гэрийн эрхлэгч бөгөөд сумын төв дэх бичиг үсгийн багш болголоо. Дөрвөн жилийн өмнө Улаанбаатарт очиж бичиг үсгийн сургуульд суугаад ном эрдэмтэй болж буцаж ирээд нутгийн олондоо ном сургана гэж явсан нэг гайхал бас хүрч ирэв. Тэгсэн тэр золиг ном ч сурч базаасангүй, хотод жаахан завхарч яваад хүрч иржээ. Ирээд түүнийг минь жаахан оролдож үзээд хэргээ бүтэхгүй олохоор, харин лам болоод хонх дамар барин лүйжин тавьж зод манаж дүвчигнэх нь тэр. Yгүй энэ аавын олон хөвгүүд дотор мөн ч янз бүрийн гайхал байдаг байлаа шүү. Удсангүй тэр минь надад ном заах юм боллоо. Миний ном сургасан охидоос нэг нь намайг уриалж энэ зун намрын зургаан сард тус бүр тав таван хүнийг түр сургууль, бичиг үсгийн бүлгэмээс гадуур номд сургая гэлээ. Тэгэхээр нь би за гэлээ. Ямар таван хүнд ном сургах вэ гэж бодоод байсан чинь чамд ном заах нь зөв санагдлаа. Чи надаар ном заалгах уу? гэхэд нь би үгүй гэлээ. Тэгвэл чи намайг голж байна уу? гэж тэр минь асуулаа. Энэ нь ухаандаа чи надад хайргүй юм уу? гэсэн далд санаатай үг болон хувираад ирэхээр нь би түүндээ, чамаар ном заалгая гэлээ. Тэр минь их баярлаж байна. Ном дуртай нь аргагүй заалаа. Би ч хичээгээд овоо сураад ирлээ. Тэр минь улам их баярлаж заримдаа надад хүнээр элдэв зурвас ирүүлдэг болов. Тэр зурвас дотор урт сайхан гол гаталгасан, өндөр их уул давуулсан өчнөөн гоё ганган үгс байдаг байв. Яршиг даа нэг голын хоёр талд байж, юун их маягтай юм бэ? гэж заримдаа боддог байв. Гэтлээ үгүй энэ чинь их учиртай хэрэг. Миний л бичиг үсгийн чадлыг сайжруулах гэхдээ мэрийж байгаа нь энэ гэж боддог болов. Энэ захиаг өчнөөн дахин хуулан бич гэж захиж бичсэн байхад нь заавал хуулж тавьдаг байв. Тэр нь одоогийн сурагчдын гэрийн даалгавар гэсэн үг юм даа. Сүүлд ирж, хуулан бич гэсний нь тоогоор хуулсан байхад ихэд баярладаг байв. Заримдаа хүнээр ирүүлсэн захиагаа өөрөө дугтуй хийж жонхуугаар нямбай нааж нүүрэн дээр нь захиа зуун ниссэн шувуу зурсан байдаг боллоо. Тэр нь бас нис нис! гэсэн бичигтэй байхыг яана. Зарим захиандаа давхиулсан морин туурай ч зурсан байна. Харилцан захиа бичилцсээр элдэв юм бичих боллоо. Тэр минь надад нэг л сэтгэлтэй юм шиг санагдаад болохоо байв. Нэг удаа хариу захиа бичихдээ өөрийнхөө сэтгэл зүрхэнд санасныг цөмийг нь бичээд явуулчихав. Тэгэхдээ чи надад хайртай аваас хариу ирүүлэх буй заа. Хайргүй бөгөөс дахин захиа ирүүлэх хэрэггүй гэсэн санаатай юм бичээд явуулчихав. Түүнээс хойш тэр минь гэрээрээ хэд дахин ирэв. Надтай огт урьдынх шигээ уулзаж, баярлаж хөөрсөнгүй. Байдлыг нь харвал нэг бодоход надад гомдсон мэт. Нөгөө бодлын надад бас хайр сэтгэлтэй ч юм шиг. Тэгээд захиаг минь аваад баярлаж хөгжихдөө тэр хайр сэтгэлээ нэг мөсөн илэрхийлж чадахгүй ч байгаа юм шиг халгаж ядсаар байгаад буцаад явлаа. Буцаад явчихаар нь за энэ бид хоёрын хорвоо өнгөрлөө гэж би бодов. Сар шахуу хугацаа өнгөрөөд байтал түүнээс минь нэг томоо дугтуйтай захиа ирэв. Гэнэт захиа ирэхээр гайхаж хоцров. Дугтуйг нь онгойлгоход гар минь чичирч байв. Сэтгэл зүрх минь ч хачин болчихов. Тэр минь учиргүй уран гоё урт гэгчийн тав зургаан захиаг нэг дугтуйд хийжээ. Бичсэн өдрийг нь харвал дөрөв таван хоногийн зайтай бичээд байжээ. Хамгийн сүүлийн захиандаа, бид хоёр нэгэндээ сэтгэлгүй байж чадахгүй. Намайг хүн гэж тоосонд чинь сэтгэл санаа минь сайхан боллоо. Захиаг чинь өдөр бүр л уншиж сууна. Бичгийн чинь хэв улам сайн болж, бичсэн үсэг бүрээс чинь чиний царай зүс, ааш зан харагдаж байна ... гэх мэтээр бичсэн байхыг уншаад магнай хагартлаа баярлав. Ганц бие минь хоёр болов. Тал бие минь бүтэн болов. Удсангүй бид хоёрыг нэг нэгэндээ сайн болжээ гэдгийг тэднийхэн, манайхан цөм мэдэв. Бид хоёрын хувийн нууцыг би алдсангүй. Тэр минь зориуд миний нэг захиаг алдсан болж хүнд өгөөд тэр хүн нь аав эжийд минь дуудаж өгчээ. Тэр минь өнөөх, том захиан дотроо манай улаан гэрт Улаанбаатараас Цэрэндулам гэдэг бүсгүй ирж хэдэн дуу зааж өгөв. Тэр дуунаас энэ дуу л надад хамгийн сайхан санагдлаа гээд Гавалмаа бүсгүй гэдэг дууны үгийг бас бичиж хийсэн байв.
Сүүлд тэр минь холын багуудаар явж бичиг үсэг заалгагчдыг шалгах боллоо. Заримдаа бүр хол явахдаа намайг дагуулж явдаг боллоо. Түүнтэйгээ хамт хол явах надад хичнээн жаргалтай байв. Бид хоёр ёстой нэг ярьж хөөрч ном хаялцахыг үзүүлдэг байв.

... Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр үү дээ хө
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгүй нь дээр үү дээ хө

гэж ирээд л Гавалмаа бүсгүйг тэр минь байсхийн дуулна. Түүний минь хоолой эрдүүн өнгөтэй, дуулах аяс нь өөрийн чинь дуулдагтай яг адилыг яана. Yгээ эхлэх, өнгөө өргөх, нугалах, солих шилжүүлэх, төгсгөхдөө яг л чи шүү дээ ...
Нэг удаа тэр минь өөр тийш бичиг үсгийн шалгалтаар явлаа. Ер нь түүний минь ажил гэж барагдахаа болив. Бид хоёр зуны сүүл, намрын эхээр ханилан суухаар тогтов. Тэгж явахдаа бас намайг дагуулж явах гэсэн юм. Гэтэл тэдний хэдэн сайхан амбан шарыг хулгай хөөгөөд явчихжээ. Би түүнтэй хөөцөлдөх хэрэгтэй боллоо. Намайг дагуулж явж чадаагүйдээ түүний минь сэтгэл нэг л хорогдонгуй, байдал нь тун хачин байв. Би түүнийгээ нэлээн хол хүртэл гаргаж өгөв. Тэр минь наддаа өнөөх л Гавалмаа бүсгүйг дуулж өгөх мөртөө сүүлийн бадгийг нь олон дахин дуулж өгөв. Морин дээр зэрэгцэж яваад намайг өөр лүүгээ татаж духтай минь духаа нийлүүлээд тэгээд дээш нь дүрлийн харж под подхийтэл инээж, за сайн сууж байгаарай! Би хэд хонож ч мэднэ. Заримдаа муухан сурч байгаануудад нь хэд хоног давтан хичээллэх ажил хий гэсэн. Хүнд тус хүргэвэл олигтойхон шуу тусалбал дээр шүү дээ. Чи ч үхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шүү дээ. Чи ч үхрээ сайн л хариулахыг боддог биз дээ. Yхэр сайхан мал шүү. Yхрийг сайхан хариулаад байхад ямар ч сайн нэр дуулж болох юм гэж тэр минь яг хэлсэн юм. Ном үзсээр тэр минь их ухаалаг, цовоо, хичнээн сайхан ааш зантай болсон гэж санана даа. За миний үхэрчин нөхөр минь буц даа. Хэдэн шараа олохыг бодоорой! Энэ хүртэл дөхүүлж өгсөнд чинь гялайлаа ... Тэгээд дахин сайн сууж байгаарай! гээд дахин духаа нийлүүлээд нэг удаа уртаар санаа алдах мөртөө мориндоо гэнэтхэн ташуур өгөөд давхин одсон юм. Их бороо орох янзтай арзайсан ам шүдтэй юм шиг хар үүлс түүний минь давхин одсон зүг хөндөлсөн нүүж байв. Би элдэв юм бодсонгүй, буцлаа. Хэдэн шарын хойноос гурав дөрөв хоног яваад олсонгүй буцаж ирэв. Осолдохгүй л буцаж ирснээ мэдэх юм. Ирээд юу болсноо тээр сүүлд мэдэв. Яасан бэ? гэвэл хонгор түүнийг минь тэр өдрийн хар үүл залгижээ. Цахилгаантай бороо ороод нимгэн хувцастай, муухан цувтай болохоороо айлын бараа харах санаатай гэнэн хонгортоод давхиулж явтал аянга цохижээ ... Ёстой л гэнэн хонгор зан гаргажээ. Ингээд л бид хоёрын энэ хорвоогийн жаргал дууссан юм даа ...
Гэрийн дотор бүр харанхуй. Нэг нь ийнхүү ярьж, нөгөө нь тийнхүү сонсож байсан хоёр эр хүн таг чимээгүй болов. Нэг хэсэг энэ гэрт угаасаа хүнгүй юм шиг тийм чимээгүй байлаа.
Чүдэнз шархийн асаж гэрт гэрэл гарав. Тэрбиш өвгөн нүдээ гэрэлд анивчуулан байж бяцхан шургуулгынхаа нүдийг татаж хаш аягаа гаргаж ирэв.
- Энэ хаш аягыг тэр минь надад өгсөн юм. Түүнээс минь надад үлдсэн юм энэ. Тэрнийгээ үрэгдсэнээс хойш энэ аяга бид хоёр өдий хүртэл байж л байгаа нь энэ. Би түүнийхээ хэлснээр үхэр малласаар ёстой сайн нэрнээс салсангүй. Би нэгдлийн дархан аварга үхэрчин, аймгийн есөн удаагийн аварга үхэрчин, улсын нэг удаагийн аварга үхэрчин боллоо. Харин би түүнээсээ хагацсанаас хойш эрдэм номтой болох гэж нэг их тэмүүлээгүй юм. Яагаад вэ гэвэл түүний минь мэтгэн зүтгэн өчүүхэн хувь нэмэр болж явсан үйлс бүтэж бүгдээрээ ном соёлтой болчихоор миний хийж чадах ажил үхэр маллах юм шиг санагдсан юм. Сэтгэл зүрхнээс тэр минь мартагдаагүй боловч Гавалмаа бүсгүй гэдэг дууг тэрэн шиг минь аяс өнгөтэй дуулдаг хүн ер сонсогддоггүй байтал гэнэтхэн чи минь дуулаад гараад ирэх нь тэр. Өнгөрснийг улирааж, мартсаныг сэргээгээд чи минь энэ дууг дуулах бүрд нэг талаар миний өр зүрх холгогдож хоёр талаар би дандаа түүнийгээ санан дурсаж баярлан бахархдаг болов. Тэгээд энэ дууг дуулдаг хүнтэй уулзахсан, ядахдаа хараа барааг нь харахсан гэж дотроо хүсэж мөрөөдөн хичнээн ч концерт үзэв дээ. Хичнээн ч, сураглав даа. Тэгэхэд нэг ч удаа ирэхгүй байж байж өчигдөр энэ бригадынхантай хаанаас л ирээ аж гээд унтаад өгсөн чинь харин хүрээд ирчихсэн байдаг байгаа. За ингээд өвгөн ахын чинь чамтай уулзах гэсэн хүсэл гүйцлээ.
Чиний дуулахыг сонсох бүрдээ би түүнийгээ дурсан санаж өр зүрх минь баясдаг юм. Ах нь өндөр настай боллоо. Түүний минь надад өгсөн энэ хаш аягыг л чамдаа өгч хадгалуулах, тэгээд чамайгаа нэг харъя. гэж боддог байсан минь ч гүйцлээ. Миний хамаг хүсэл гүйцлээ. Чамдаа урт насалж улам сайхан дуулж явахыг ерөөе гээд Тэрбиш өвгөн хаш аягандаа шинэ сайхан өрөм хийгээд дуучинд барихад дуучийн сэтгэл хөдөлж нүд нь гэрэлд гялалзан харагджээ.
Тэр хоёрыг гадаа гарч ирэхэд тэнгэр цэлмэг, орчин тойрон нам гүм сайхан байв. Урлагийн бригадын хоёр майхан ч гэрэл гэгээгүй аж. Намар оройн саран дахин урд уулын зоон дээгүүр гарч ирэв. Уужим хөндий тэр аяараа мэлтийн цайрав
Тэрбиш өвгөн, дуучийн хоёр хацрыг илэн духан дээр нь духаа хүргээд:
- За хүү минь баяртай, сайн яваарай гэв.
БӨХИЙН БААСТ
Зохиолч Б.Бааст 1921 онд Ховд аймаг /одоогийн Баян-Өлгий/ Алтанцөгц сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, Марксизм-Ленинизмийн оройн Их сургууль, Москвад утга зохиолын дээд курс тус тус төгсжээ.
1936 оноос уран бүтээлээ эхэлж “Алтайн жимээр”, “Алтайн цэцэг”, “Алтайн салхи”, “Алтайн хоёр өнгө”, “Алтайн их дөнөн”, “Хөвчийн Бор”, “Намрын уянга”, “Хаврын салхи” зэрэг өгүүллэгийн туужийн олон ном бичжээ.
Б.Бааст 1976 онд шилдэг бүтээлүүдээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.

No comments:

Post a Comment