menu

Wednesday, March 4, 2015

Б.Бааст



Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Миний ажлын ширээн дээр «Зохиол бүтсэн намтар» гэсэн нэртэй сонирхолтой, бэсрэгхэн ном байна. Энэ баримтат - нийтлэлийн номыг Цагаан морин жил буюу 1990 онд МЗЭ-ээс хэвлүүлжээ. Номыг сөхвөөс, Монгол улсын анхны ардын уран
зохиолч Ц.Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн» туужаас өгсүүлээд, «Бух Гомбо» өгүүллэгээ хүртэлх хэдэн зохиолыг хэрхэн бүтээсэн тухай уншигчдын асуултад хариулсан амьд, амттай түүхэн яриа; ардын уранзохиолч С.Эрдэнэ гуайгаас «Зүрхэн дэх чулуу», «Хулан, Цамба хоёр», «Малын хөлийн тоос» гэдэг гурван өгүүллэгээ яаж бичсэн талаарх сонин содон хүүрнэл; ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайгаас «Дөрвөн туужийн бор» хэмээх холбоо дөрвөн туужийнхаа талаар ярьсан сонирхолтой дурсамж зэрэг 40-өөд зохиолч ба хэдэн арван зохиолын тухай сонин бөгөөд ач холбогдолтой мэдээллийг олж уншиж болохоор байдаг... 

Бөхийн Бааст хэмээгч эрхэм хүний талаар нэгэн багахан боловч зүйлийг бичье гэж зэхэж явсан бодлын минь галыг улам бадрааж, цаг хугацаа өнгөрөх бүр ямар нэгэн сэдэв – санаа нэхэн сүлэлдсээр, орон гаран байх шиг.
«Дөрвөн туужийн бор»-той, хэдэн зуугаар тоологдох дөмөг сайхан бүтээлтэй, Бааст хэмээх хачин сонин нэртэй, авьяас билэгт, нэн гавшгай тэр жижигхэн бор өвгөн бичээчийн талаар миний гадарлах зүйл үнэндээ тун багахан юм л даа.
Гэхдээ ном зохиолын буянаар, “Дал” сонины хуудсаар ардын уранзохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Бааст гуайтай нүүр учирч, нээлттэй, цагаан яриа дэлгэхдээ бусдын анзаараагүй зарим зүйлийг олж харсан байж болох...
Бичих зүйлээ юу гэж нэрлэе дээ, ямар гарчиг өгье дөө гээд л жаахан бодлоо. Янз бүр л санаа, сэдэв орж байна: «Бааст гуай бол байгаль хамгааллын дууч», «Бааст бол тууж бичлэгийн мастер», «Бааст бол өөдөсхөн өгүүллэгүүдийн өвөө», «Бааст зохиолч бол баримт, тэмдэглэлийн зузаан бор дэвтэр», «Бааст гэж салхи татуулсан бор өвгөн», «Баясгалан төгөлдөр Бааст гуай минь...», «Зузаан зузаан номтой зууныг өртөөлсөн зохиолч» ч гэх шиг юм юм бодогдож байна. Тэгэн тэгсээр юм энгүүн тусмаа ойлгомжтой, хүртээлтэй, нээлттэй байдаг даа гэж бодоод, зүгээр л «Бааст гуай ба бусад ...» гэж нэрлэв.
 Бааст гуайн зохиолуудыг сурагч, оюутан цагаасаа сонирхон уншиж, судлаач болсон хойноо үг, өгүүлбэрийг нь түүж, задалж, сайхан хөдөлмөрч тэр хүний сургий нь сонсож явснаас бус, суудал зэрэгцэж явсангүй. Жаахан судлаад үзсэн чинь Монголын уранзохиолын дээж 108 эрихэн ботид шилмэл зохиолууд, захидал, тэмдэглэл, баримтат – урансайхны бүтээлүүдээрээ нэг биш, хэдэн ботид эзэн суусан, олон арван бие даасан номтой нэгэн байлаа.
 90-ээд он гарсаар, ардын зохиолч Лодонгийн Түдэв гуайн эрхилэн гаргадаг «Дал» сонин ид хүчээ авч байлаа даа. «Дал» сонины дугаар болгонд бараг алгасахгуй «өөдөсхөн», «хөгжилтэй», «дурсамж», «эргэцүүлэмж», «жаахан давстай», «шүүмжит» г.м. тодотголтой, зохиолч Баастын богино өгүүллэгүүд хөвөрсөөр байв. Тухайлбал, «Заан, хулгана хоёр», «Түлээ өвөө», «Хэрээ», «Хөх хулганатай хөөрөлдсөн минь», «Бух, хав хоёр» гээд л ...
 Миний бие, эрдэмтэн – зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ойгоор түүний туурвилзүйг тусгайлан судалж, эрдэм шинжилгээний исээ – нийтлэлүүд болон судалбаруудыг “Дал” сонинд хэвлүүлсээр байлаа. Энэ үед Бөхийн Баастын бичсэн «Цэндийн Дамдинсүрэн» (Уб., 2002) номыг олж үзэв. Баримттай, чамбай сайхан найруулгатай, хүмүүсийн эгээрэл гэгээрэлд тун тустай сонин ном байна. Энэ ном, миний «Сайн үйлсийг бүтээж, салаа замаар явсан эрдэмтэн - зохиолч» гэдэг акад. Ц.Дамдинсүрэнгийн 100 жилд зориулсан судалгааны номыг бүтээхэд минь их тус болсон юм. Баримт түшиж, уншууртай бичихийн сайн туршлага ардын зохиолч энэ хүнд л байх шиг. Тэгээд л яаж ийж байгаад, тэр Бөхийн Бааст гэдэг өвгөнтэй нэг уулзах, ярилцах юмсан гээд л бодоод байв аа. Миний танил зарим зохиолч нөхдийн ярих нь: Бааст гуай бас чамайг сураглаж, “Тэр Багшийн Дээдийн Пүрэв-Очир гэдэг залуутай нэг уулзах юмсан ...” гэж байна лээ дээ гэж байв. Цаг болж, нөхцөл бүрэлдэхлээр юм гэдэг сонин юм. Би Бааст гуайг, Бааст гуай намайг далдхануур судлаад л, сураглаад л ...
 2008 оны 4-р сарын дунд үеэр шиг санагдана. Нэг өдөр Бааст гуай миний ажлын өрөөнд ороод ирлээ дээ, хөөрхий. Их л баяр хөөртэй явна, сэргэлэн цоглог харагдаж байна. Нэлээд том номын богц барьчихаж. Баян-Өлгийн БА., Баянхонгорын ПО  хоёр мэнд усаа мэдэлцлээ, нутаг усаа ярилцлаа. Кофедох зуур, ярианы үзүүр сургууль боловсрол, ном зохиолын зүг эргэж байна аа. Бааст гуай:
- Танай энэ ордноор сүүлийн үед орсонгүй, удлаа. Энэ дээр, доктор Д.Оюунбадрахтай уулзаад, Монгол судлалын сургуулийн утга зохиолын ажилтан, сэтгүүлзүйн оюутнуудад ном тавиад, хэрэгтэй, хэрэггүй баахан юм яриад, гарахдаа «Танд ном барья» гэж зорьж явна. Л.Түдэвийн “Дал” сониноор та бидний бичсэн юм цөөнгүй гарлаа даа гэсхийснээ номын дашмагаа нээж, «Ганц хонгор азарга», «Ногоон тэрлэг», «Улаан хэрэм», «Холбоо дөрвөн тууж» тэргүүтэн шинэ сайхан номуудыг гаргаад ирлээ. Үг бичиж байна, гарын үсгээ зурж байна. «Эрдэм номын их анд Пүрэв-Очир гуай танд ...» гэжээ. Энд буй “Та” гэдэг «хүндэтгэх үг» нэгийг бодогдуулсхийж байна. Өдгөө цагийн энэ хачин ёс хэмгүй үед монгол хүн, нэг нь нөгөөгөө нэг бол, «Чи, чи!..» гэж чичлээд л, эсвэл өөрийгөө «Би, би!..» гэж “би”-лээд л эго шүглэсэн үе шиг ... Бааст гуай ч аргагүй л хүний хуучин юм, «Би + бусад»-ыг ухаарсан хүн юм даа гэж бодлоо.
 Ардын уранзохиолч маань намайг бараг юм асуугаагүй байхад л, Л.Түдэв, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Ц.Цэдэнжав, Д.Сэнгээ нарын талаар баримттай сонин сайхан юм ярьж гарлаа.
- Надад хайрцаг хайрцгаар, хавтас хавтсаар, дэвтэр дэвтрээр, карт картаар тэмдэглэл, дурсамж, гэрэл зураг болон захидал, хэвлүүлж амжаагүй яваа номын навтаргууд байна. “Цэндийн Дамдинсүрэн”-г гаргачихсан. Одоо “Б.Ринчен гуай”-н тухай баримтат – урансайхны номоо янзалж байна гэж байна. Бид хоёрын яриа ер нь л нэг замын уулзвар дээр нийлээд байлаа. Тэр нь юу вэ гэвэл, одоо баримтат болон баримтат – урансайхны зохиол чухал болж байна. Манай зохиолчид, сэтгүүлчид ч энэ төрөлд хүчээ сорих боллоо. Судалгаа шинжилгээний ажилд ч сайн баримт – түүхий эд чухаг. Хэл, соёлын эрдэмтэд, зохиолчдынхоо уламжлал, хувийн архив дахь материал, үнэт зүйлсийг тун их анхаарууштай байна гэх зэрэг.... Олон зохиолчдын зохиол бүтээлээс нь “үг, өгүүлбэр түүж” судалгаа, задаргаа хийдэг аргаасаа жаахан ярилаа. Бааст гуай өндөлзөж байна. Бөгсний ажил хэцүүдлээ, Цаг! цаг! гэж байна аа. – Удахгуй Тантай утсаар ярина, ирнэ, цувралуудаасаа аваад ирье , баяртай  гэсээр салхи татуулан гарч одлоо.... Насанд дарагдаагүй, цасанд дарагдаагүй, харин цаасанд дарагдсан, Цаг, цаг! гэж явдаг хүн юм даа, хөөрхий гэж бодогдов.Ярилцсан зүйлээсээ зарим нэг санааг хэрчсэн  цаасанд буулган аядаж суутал, зохиолч – шүүмжлэгч Ч.Дагвадорж ороод ирлээ. – Сая Бөхийн Бааст гуай орж ирээд гарлаа. Сонин юм их ярилаа... гэвэл, Харин тийм бололтой, баруун тийшээ  гүйж явна гэж байна. – Энэ хүний бусдаас ялгарах гол онцлог чанар нь юунд байна? гэвэл: - За, даа, баримтат, баримтат – урансайхны туужаар ч өвгөний өмнө гишгэх хүн ховор доо. Түдэв, Бааст хоёр шиг тийм их тэмдэглэлтэй, баримттай, материалтай зохиолч байхгүй гэлцдэг юм. Хууччуулаас ер нь гурав дөрөвхөн зохиолч л үлдэж дээ гэж байна. Бид хоёрын яриа тэгэсхийгээд өөр сэдэв рүү чиглэв.
 2011.04.28. Бааст гуай өглөөгүүрхэн утасдаж байна. “ Сайн байна уу? Цуврал номуудаас гарлаа. Танд болон МУБИС-д өгмөөр байна” гэж байна.
-Маргааш, 12 цагийн орчимд ирж болох уу, би зав гаргая! гэвэл: - Яг! гэж байна. Тэгээд л маргааш нь зээгээрээ туслуулчихсан, бараа болоочтой, бас их баясгалантай ороод ирлээ.
- «Ринчен гуай болон…» (9-р ном, 426т.) гэх зэрэг гурван зүйлийн ном гаргаад  л, ширээн дээр өрж байна. Бас л ... “Танд” гээд л гарын үсэг зурж байна. – Их ажил, цаг орлоо. Мөнгө зоос гээд сүрхий юм байх юм гэж байна. - Сайхан хэвлэжээ гээд, С.Удвал, Э.Оюун, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен ... гээд Монголынхоо гайхамшигт хүмүүсээр баримтат, уншууртай, сонирхолтой ном бүтээсэнд нь баяр хүргэлээ. Тэгээд л цай уух зуур «Ринчен гуай болон...» номын эргэн тойрноос үүдүүлээд л, дахин халуун дулаан яриа өрнүүлэв.
 ... Ринчен ба Ши. академич, Ринчен ба Дамдинсүрэн, Ринчен ба орчуулгын зохиол, Илья Эренбург болон бусад нөхдийн захидал, Ринчен гуай ба Бааст хоёр, түмэн шавьтай Түнжиний Машлай болон УБДС г.м.-ээс өгсүүлээд, Горькийн гэргийтэй уулзсаныг хүртэлх олон сэдэвт яриа өрнөв. Бааст гэдэг өвгөн зохиолчийн ой санамж, ярианы эмх цэгц, болсон явдал суудлын орон зай, он цаг, гадаад дотоодын хүмүүсийн дуудах нэр, газар орон, хот тосгоны нэрийг ямар ч алдаагүй зөв, сайхан хэлж байгаа зэргийг нь бишрэн гайхаж суулаа, би.
 Бид хоёрын ярианы сэдэв, бүр нөгөө дуу, шүлэг рүү халилаа. «Чамайг үдье!», «Миний эх орны өглөө», «Шинэ жил» зэрэг дууныхаа шүлгийг зохиосон үүх түүх, энэ алтан үеийн дуунуудыг дуулсан авьяас билэгт дуучид – Цогзолмаа, Цэрэнпил, Лувсандамдин, Загдсүрэн, Туул ... гээд л бүсгүйчүүдийн талаар сэтгэл нь догдлонхон ярьж байна. Тэгснээ өрөөн дотуур, ийш тийш жаахан явснаа сууж, намуухнаар: - Ах нь одоо 90 нас хүрэх нь. Их юм үзлээ, харлаа, сонслоо, их сонин нийгмүүдэд амьдарлаа, их ч юм бичиж үзэг цаас үрлээ, бусдын тус дэм далай шиг их юм нэрээ л солихоос бусдыг бараг хийлээ гэж байна. – Юун нэр!, Яахлаараа энэ буянтай, алдартай нэрийг солих!,
... Энэ нэр
Эрхэм нэр
Эхийн сүүнээс амлуулсан алдар
Эцгийн нэрээс тасалсан хэсэг
Чиний нэрийг дуудахад
Хүлгийн дэл босч байхын зол бий
Чиний нэрийг дуудахад
Хүний яс хавталзаж байхын зовлон бий…  гэсэн Ш.Сүрэнжавын шүлэг байдаг шүү дээ гэвэл, Яасан ганган хэлж байна. Яг тийм шүү. Ах нь чамд бяцхан түүх ярья гэв.
-1954-55 оны үе юм даг. Би “Бааст” гэдэг нэрээ сольё гэж шийдлээ. Муусайн банди нар, зарим нөхөд нэрээр минь зовоогоод, шоолоод болдоггүй. Бааст, Шээст, Ноост, Бөөст ... ч гэх шиг , нэг л биш. Тэр үед нэр солих их амархан байсан юм. Улсын Бага хурлын дарга Г.Бумбацэнд гуай дээр өргөдөл бичиж ороод л, шийдвэр гаргуулдаг байв, одоогийнх шиг ийм олон дамжлага цохолт мохолт байгаагүй ... Тэгээд нэг өдөр өргөдөл биччихээд, Бумбацэнд дарга дээр орох санаатай гараад өглөө. Улсын Бага хурлын байр одоогийн танай энэ МУБИС-ийн байшинд байсан юм. Бараг энэ таны сууж буй 2-р давхарт, энэ өрөөний орчимд. Өөрийнхөө солих нэрийг өргөдөл дээрээ бичлээ. Ямар нэр авахыг хүсэж байсан гэж санана, чи. “Баясгалан”. Би ийм нэрэнд дуртай болоод, хоногшиж байлаа. Өргөдлөө өвөртөлчихөөд, Бумбацэнд гуайн ажил руу явлаа. Энэ үед Ринчен гуай “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоогийн “Улаанбаатар” зочид буудлын тэнд, гаднаас нь шатаар өгсөж, 2 давхарт нь Дамдинсүрэн гуай, Ринчен гуайн өрөөнд ордог байсан. Нэг үлгэр – өгүүллэг шиг ухаантай юм Ринчен гуайд үзүүлж, зөвлөгөө авангаа, “Бааст” гэдэг нэрээ солиулах санаатай, өргөдөл биччихээд өвөртөлж яваагаа ярилаа. Гэтэл Тэрбээр намайг салам загнаж байна. –Аав ээжээс тань өгсөн буян, нэр муухайдна гэж байдаггүй юм, жинхэнэ монгол нэр, өлгий дээр чинь сийлсэн өхөөрдсөн нэр. Тэнгэрийн хишиг, энэ тэр ... гэж байна. Тэгтэл бас л янз бүр юм бодогдоод явчихлаа, нээрээ л «... аав ээжээс минь ...!» гээд ... айх шиг ч, ичих шиг ч ... Тэр дор нь нөгөө муу өргөдлөө ураад хаячихаж билээ. Тэгээд л би “Бааст” нэрээ “Баясгалан”-гаар сольж чадаагүй юм даа гээд л жигтэйхэн хөгжилтэй инээж билээ. Би хэллээ. – Баясгалан гуай минь, үгүй, Бааст гуай минь, бид мөн олон сэдвээр сонин сонин юм ярилаа. Таны 90 насны ойн өмнө би нэг бяцхан зүйлийг бичвэл та зөвшөөрөх үү? гэлээ. Тэгтэл Бааст гуай: -Бич! Зарим нь бичнэ гээд худал яриад бичдэггүй, бас муу бичнэ, сонирхолгүй бичнэ, баримт маримт мэддэггүй... гэж байна. Ингэсхийгээд л Бааст гэдэг баясгалантай, хөгжилтэй, хөнгөн шингэн өвгөн партизан бид хоёрын яриа нэг хэсэгтээ завсарлав. Саяхан би, Бааст гуайн гэрийн номын санд зочилж, олон шинэ зүйлийг ярилцсан. «Гэрийн мөнгөн дэвтэр»-т нь гарын үсэг, сэтгэгдэлээ үлдээж, номын мэргэд, эрдмийн бурхдын талаар нэн амьд сайхан яриа өрнүүлж билээ. Бааст гуайн хувийн номын сан бол судалгаа сургалтад үнэт өв болмоор баялаг номын сан байлаа.
 Бааст гуайтай ингэж би хэд уулзсан юм.
 Бааст гуай над их тус болсон юм.
 Хөөрхий, туршлагагүй нэг муу эрдэмтэн намайг
Харин Бааст гуайтай анд байсан гэхэд хүмүүс гайхдаг юм.
Ардын зохиолч, өвгөн бүргэд Таны мэлмий бат оршиг!
Ахин дахин сайн ном солилцохын ерөөлийг дэвшүүлье!
Алдар цуутай 100 насны Тань ойгоор
Арай дэлгэр нэгэн дурсамж бичихээ амлая.

No comments:

Post a Comment